Тайванийн статус: Хятад, Америкийн сөргөлдөөн
2022/08/05
Тайванийн албаны ёсны нэр нь Хятадын БНУ юм. ХХ зууны сүүлчийн улирал буюу 1997 оны гуравдугаар сард АНУ-ын Төлөөлөгчдийн танхимийн тэргүүн Ньют Гингрич Тайваньд ажлын айлчлал хийж, тухай үеийн Хятадын БНУ-ын ерөнхийлөгч Ли Тэн-Хуйтай уулзаж байжээ. Харин 25 жилийн дараа АНУ-ын Төлөөлөгчдийн танхимийн тэргүүн Нэнси Пелоси АНУ-ын Номхон далайн VII флотын хамгаалтан дор Тайбэйн Сонгшань агаарын цэргийн хүчний нисэх буудалд газардаж, нэг өдрийн айлчлал хийсэн нь Тайванийн ардчилалыг дэмжихэд чиглэгдэв. Тиймээс ч Н.Пелоси “Эрх чөлөө” одонгоор шагнагдсан биз ээ. Н.Пелоси хэлсэн үгэндээ Тайванийн тусгаар тогнолын талаар огт дурдаагүй, ардчилалыг дэмжсэн байна. Түүний Зүүн Азийн улс орнуудын хийх албан ёсны айлчлалын жагсаалтад Тайванийн нэрийг дурдаагүй нь тус орныг тусгаар улс биш гэсэн санаа хэмээн шинжээчид тэмдэглэсэн байна.
Н.Пелосийн айлчлалын өмнөхөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Нью-Йорк хотноо НҮБ-ын төв байранд сэтгүүлчидтэй уулзахдаа: “Хэрвээ Спикер айлчлахаар шийдсэн тохиолдолд Хятад улс зөрчлийг хурцатгах, хямрал үүсгэх гэсэн аливаа оролдлого гаргавал Бээжингийн эрх баригчид хариуцлагыг бүрэн хүлээх ёстой” гэж урьдчилан анхааруулсан юм.
Харин 2002 оны долдугаар сард Хууль зүйн сайд Чен Дин-нан 1979 оноос хойш Цагаан ордонд уригдан ирсэн Тайванийн анхны Засгийн газрын өндөр албан тушаалтан болж байжээ. Дэлхий II дайны дараа Хятадын эх газрын хэсэгт болсон иргэний дайнд коммунист Маогийнханд ялагдсан Чан Кайшийн талынхан Тайвань арал дээр ирж сууршсан юм. БНХАУ тунхагласны дараах эхний саруудад АНУ-ын Засгийн газар энэхүү арал эх газрын Хятадад хамаарагдана гэдэгт эргэлзэхгүй байна гэдгээ удаа дараа мэдэгдэж байжээ. АНУ Тайвань бол улс төр, эдийн засаг, түүх, газарзүйн хувьд эх газрын Хятадын хэсэг мөн гэж үзэж байжээ. Ерөнхийлөгч Х. Трумэн 1950 оны нэгдүгээр сарын 5-нд «Хятадын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг олон улсын зүгээс хүндэтгэхийг» уриалав.
Тэрбээр Тайванийг Хятадад эргүүлж өгөх тухай 1943 оны Каирын болон 1945 оны Потсдамын Тунхаглалыг эш татаж, тэрхүү заалтыг Япон үг дуугүй бууж өгсний дараа хүлээж авсан юм гэжээ. Эдгээр гэрээ хэлэлцээр, баримт бичгийн дагуу Тайванийг Хятадад эгүүлэн өгөхөөр болж, 1945-49 онд АНУ болон бусад холбоотон гүрнүүд Хятадаас энэ арал дээр бүрэн эрхээ хэрэгжүүлэхийг зөвшилцөн тохиролцжээ. Иймээс Хятадыг газар нутгийнхаа энэ хэсэг дээр тусгаар тогтнолоо олоход нь АНУ Солонгосын дайн эхлэх хүртэл эргэлзэж байгаагүй ажээ.
1949 оны аравдугаар сарын 12-нд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Д.Г.Ачесон мэдэгдэхдээ: «Түлхэгдэн унаж, эх газрын Хятадаас гарсан Гоминьданы дэглэмийнхнээс АНУ-ын өмнө хүлээсэн үүргийг нь оролцуулан олон улсын хэмжээнд түүний хүлээх үүрэг амлалтыг Ардын ардчилсан Засгийн газар хэрэв өөртөө нэр хүндтэйгээр хүлээн авах юм бол БНХАУ-ыг дипломат ёсоор хүлээн зөвшөөрч болох юм» гэжээ. Солонгост дайн эхэлж, түүнд БНХАУ хөндлөнгөөс шууд оролцож Хойд Солонгосыг дэмжсэн нь Хятадын талаарх АНУ-ын бодлогыг нэг мөр болгожээ. Солонгост дайн эхэлсэнтэй холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Х.Трумэнээс 1950 оны зургаадугаар сарын 27-нд хийсэн мэдэгдэлдээ: «Формозыг (Тайвань) чөлөөлөх ямар нэгэн түрэмгийлэл хийхийг саатуулж байх үүрэг»-ийг зэвсэгт хүчиндээ тушаажээ. «Номхон далайн аюулгүй байдлыг сэргээсний дараа, Японтой энхтайваны гэрээ байгуулсны дараа, эсхүл НҮБ-аар хэлэлцсэний дараа Тайванийн ирээдүйн статусын тухай шийдвэр гаргах ёстой» гээд АНУ-ын Засгийн газар Тайванийг Хятадын нутаг дэвсгэр гэж үзэхээс татгалзаж байгаагаа албан ёсоор мэдэгджээ. Цаашилбал, Вашингтон хотноо 1954 оны арванхоёрдугаар сарын 2-нд АНУ-аас Тайвань дахь Гоминьданы эрх баригчидтай «харилцан батлан хамгаалах» тухай Гэрээнд Төрийн нарийн бичгийн дарга Жон Ф.Даллес, Хятадын Гоманьданы Гадаад хэргийн сайд Жорж K.С.Ли нар гарын үсэг зурж гэрээ 1955 оны гуравдугаар сарын 5-нд хүчин төгөлдөр болж, чингэснээрээ Тайванийн талаар хүлээсэн үүргээ биелүүлэх «олон улсын хууль, эрхзүйн үндсийг» буй болгосон байна. Хэрэв БНХАУ-ын зэвсэгт хүчин Тайваньд цөмрөх тохиолдолд «цөмийн зэвсгээр хариу барина» гэж АНУ гэрээг шалтаглан «хүчээр түрээ» барих болсон байна. БНХАУ Тайвань болон Пэнхуледао арлыг чөлөөлөх ажиллагаагаа эхлэхээр зэхэж байна гэж АНУ-ын Ерөнхийлөгчөөс үзэх юм бол арми, флотоо ашиглах онцгой бүрэн эрхийг түүнд Конгресс нь 1955 оны нэгдүгээр сард олгосон байна.
1960 оны зургаадугаар сарын 18-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дуайт Айзенхауер Хятадын БНУ-ын тэргүүн Чан Кай-шигийн урилгаар анх удаа Тайбэйд түүхэн айлчлал хийсэн юм. Тийнхүү Тайванийн талаар баримтлах АНУ-ын бодлого үндсээрээ өөрчлөгдсөн нь үнэн хэрэг дээрээ коммунист Хятадын Солонгосын дайнд хөндлөнгөөс оролцсонтой шууд холбоотой байв. Ийнхүү АНУ-ын Чан Кайшигийн Тайванийг дэмжсэн «нэг Хятад, нэг Тайвань» хэмээх “хоёр Хятад”-ын бодлогын эхлэл тавигдаж, Америк-Хятадын 30 илүү жил үргэжилсэн хүйтэн дайны сөргөлдөөнийн үндэс суурь тавигджээ.
1950-иад онд буурай хөгжиж байсан Тайвань 1980-аад оны сүүл гэхэд эдийн засгийн гол үзүүлэлтээр Өрнөдийн өндөр хөгжилтэй зарим орнуудын түвшинд зэрэгцэн ирж, Өмнөд Солонгос, Сингапур, Хонг Конгийн хамт Азийн шинээр аж үйлдвэржсэн бар орнуудын нэг болсон юм. Тайвань буюу Хятадын БНУ 1945-1949, дараа нь БНХАУ байгуулагдсаны дараа ч 1949-71 он хүртэл АНУ-ын шууд дэмжлэгтэйгээр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүний суудлыг эзэгнэж байсан юм. 1972 онд АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсон, Төрийн нарийн бичгийн дарга Хенри Кессинжер нар Хятадад айлчилж, Шанхайн Тунхаглал гаргасан бөгөөд түүнд Тайвань бол Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрчээ.
Улмаар БНХАУ НҮБ-д элсэн Аюулгүй Зөвлөлийн байнгын гишүүн болсон билээ. 1979 онд АНУ БНХАУ-тай дипломат харилцаа тогтоож, Тайваньтай дипломат харилцаагаа тасалжээ. Гэхдээ удалгүй Вашингтонд Умард Америкийн хэргийг хамаарах Тайванийн Зөвлөлдөх Хороо, Тайбэйд Америкийн судалгааны хүрээлэн байгуулагдан ажиллаж эхэлсэн юм. Эдгээр нь нэг ёсондоо ЭСЯ-ны үүргийг гүйцэтгэх болсон юм. 1954 оны аюулгүй байдлын гэрээг цуцалсан явдал хоёр тал цэрэг, зэвсгийн хэлхээ холбоогоо тасалсан хэрэг биш байв. 1979 оноос өмнө АНУ Тайваньд жил бүр 750 сая ам.долларын зэвсэг нийлүүлж байжээ. Сайхь гэрээний оронд 1979 оны дөрөвдүгээр сард АНУ-ын Конгресс “Тайваньтай харилцах хууль”-ийг баталж, АНУ-ын Ерөнхийлөгч Жимми Картер гарын үсэг зурсан нь өнөөг хүртэл Тайвань болон АНУ-ын хоорондын амин чухал харилцааны тулгын чулуу байсаар иржээ. Сайхь хуульд онцгой тохиолдолд Номхон далайд байрлаж буй америкийн тэнгисийн цэргийг Тайваньд оруулах хүртэл асуудлыг тусгасан байдаг ажээ. 2013 онд АНУ Конгресс “Тайванийн бодлогын тухай хууль”-ийг баталж, 2022 онд нэмэлт оруулсан байна.
Тухайн үед БНХАУ Тайванийн асуудлыг эвзүйн аргаар шийдвэрлэхийг зорьж байсан нь Дэн Сяопины нээлттэй хаалганы бодлого, эдийн засгийн шинэтгэлийг хэрэгжүүлж эхлээд байсан Хятадын шинэ удирдлага тус бүс нутгийн байдлыг ээдрээтэй болгохоос болгоомжлон, нөгөө талд АНУ-тай худалдаа-эдийн засгийн өргөн харилцаатай байхыг сонирхож, Вашингтоны Засаг захиргаатай харилцаагаа хурцатгахыг хүсэхгүй байсантай нь холбоотой байв.
Тайванийн гадаад харилцаа БНХАУ-ын дарамтан дор явагдаж байна гэж хэлж болно. 2022 оны долдугаар сарын 10-ний байдлаар Тайвань нь Европын Гэгээн Ширээтийн улс, Африк, Төв ба Өмнөд Америк, Карибын тэнгис, Номхон далайн арлын нийт 14 улс, НҮБ-ын гишүүн 13 улс хүлээн зөвшөөрч дипломат харилцаатай үлдээд байна. Тайвань нь гадаад харилцаагаа хэрэгжүүлэх хийгээд хөгжүүлэхдээ эх газрын Хятадын дарамтыг шийдвэрлэх гарцыг олсон бөгөөд энэ нь улсын нэрээр биш, нийслэлийн нэрээр овоглосон «Тайбэйн Эдийн засаг, Соёлын Төлөөлөгчийн газар» юм. БНХАУ-тай дипломат харилцаатай, Тайваньтай дипломат харилцаагүй гадаадын 60 гаруй оронд «Тайбэйн Эдийн засаг, Соёлын Төлөөлөгчийн газар» үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд БНХАУ-тай дипломат харилцаатай 47 орны ижил төрлийн Төлөөлөгчийн газар Тайбэйд үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. 1994 онд Б. Клинтоны Засаг захиргаа Вашингтон дахь Тайванийн “Умард Америкийн хэргийг Зохицуулах Зөвлөл”-ийн нэрийг өөрчилж «Тайбэйн Эдийн засаг, Соёлын Төлөөлөгчийн газар» (энэ нь чухамдаа ЭСЯ-ны үүрэг гүйцэтгэдэг) гэж нэрлэх болсноос хойш энэ нэрээр ажиллах болсон байна. Мөн АНУ-ын 12 хотод «Тайбэйн Эдийн засаг, Соёлын газар» консулын газрын үүрэг гүйцэтгэж байгаа юм. Тайванийн олон улсын байгууллага дахь статус ихээхэн ээдрээтэй байдаг. 1991 оны арваннэгдүгээр сард БНСУ-ын Сөүл хотноо зохиогдсон АПЕК-ийн дээд түвшний уулзалтаар БНХАУ, Хятадын БНУ буюу Тайвань АПЕК-т нэгэн зэрэг элсэх үед Хятадын талаас Тайвань бол тусгаар улс биш гэж шаардаж байсан учраас өнөөг хүртэл АПЕК нь гишүүн эдийн засгийн интераци гэж нэрлэгдсээр ирсэн юм.
2011 оны арваннэгдүгээр сард АНУ-ын Хавай арлын Хонолулу хотноо зохиогдсон АПЕК-ийн дээд түвшний уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Тайванийн дэд ерөнхийлөгч Лянь Чжань-тай уулзаж байсан юм. ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Олон улсын олимпын хороо, ЮНЕСКО, ДЭМБ-д “Хятадын Тайбэй” гэсэн нэрээр гишүүнчлэлтэй, харин ДХБ-д “Тайвань, Пенъху, Кинмен, Мацугийн нутаг дэвсгэрийн салангид гааль” гэсэн нэртэй байх жишээтэй.
Хоолойн хоёр талын харилцаа гэдэг утганд Хятад-Тайванийн харилцааг хамааруулж тэмдэглэдгийг онцлох хэрэгтэй. Тайваньтай харилцах БНХАУ-ын байр суурь тодорхой бөгөөд харин Тайванийн ерөнхийлөгч Ма Иньжю “нэг улс доторх хоёр бүс нутгийн тусгай харилцаа” гэсэн томъёолол гаргаж ирсэн нь өмнөх үзэл баримтлалуудаас зарчмын өөр байр суурь эрэлхийлсэн хэрэг байв. Энэхүү баримтлалаар “хоёр эргийн харилцаа нь хоёр Хятадын харилцаа биш, улс хоорондын онцгой харилцаа ч биш, харин эх газрын бүс нутаг болон Тайванийн бүс нутгийн харилцаа” юм. Үндсэн агуулга нь “нээлттэй, аядуу бодлогын хүрээнд “нэгдэхгүй, тусгаар тогтнохгүй, зэвсэг хэрэглэхгүй”-гээр одоогийн status quo-г хэвээр үргэлжлүүлэх замаар хоёр эргийн худалдаа-эдийн засгийн харилцааг эрчимтэй хөгжүүлэхэд оршиж байсан юм. Тайваниас БНХАУ-тай харилцах байр суурь бол Хонг Конг, Макао шиг «нэг улс, хоёр систем» гэсэн зарчмаар биш харин «нэг улс, нэг систем» гэсэн зарчим дээр нийлж болох талтай гэж албаныхан болон зарим судлаачид үздэг байна. Энэ нь эх газрын Хятад ардчилсан, капиталист тогтолцоонд бүрэн шилжсэн тэр үед л асуудлыг хэлэлцэж болох юм гэсэн санаа болой.
Тайвань Хонг Конг дахь ардчилал хумигдсантай холбоотойгоор Хятадын “нэг улс хоёр систем” зарчимд итгэл алдарсан юм. Уг нь 1983 оны Бээжингийн тохиролцоогоор Хонг Конг, Макаод капиталист нийгмийн байгууллыг нь наад зах нь 50 жил өөрчлөхгүй байхаар тохиролцсон юм. 2015 оны арванэгдүгээр сард БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Тайванийн засаг захиргааны тэргүүн Ма Иньжю нар Сингапурт түүхэн уулзалт хийв. БНХАУ болон Тайванийн удирдагчид 1949 онд Хятадад иргэний дайн дууссанаас хойш албан ёсны уулзалт огт хийж байгаагүй, иймээс энэ уулзалт анхны дээд түвшний уулзалт гэдэг утгаараа түүхэн үйл явдал байв. Тайванийн Засаг захиргааны тэргүүн Ма Иньцю “хоёр тал бие биенийхээ үнэт зүйлийг хүндэтгэх ёстой” гэсэн бол Ши Жиньпин “бид нэг гэр бүл” хэмээн гар барилцсанаар уулзалт эхэлжээ. Уулзалтын гол үр дүнгийн нэг нь Ши Жиньпиний тавьсан “зохистой нэрээр” Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд (АДБХOБ) гишүүнээр элсэх саналыг Тайвань талархан хүлээж авсан явдал байв. Үүнээс гадна, “олон улсын асуудлуудад оролцохтой холбоотой Тайванийн байр суурийг Хятад ойлгож байгаа болохыг” Бээжингийн төлөөлөгч онцлон тэмдэглэжээ. “Хэрэв нэг Хятад зарчимтай харшилдахгүй бол Тайвань олон улсын хэрэгт оролцож болно” гэж Хятадын Төрийн зөвлөлийн дэргэдэх Тайванийн асуудал эрхэлсэн газрын тэргүүн Жан Жизюнь онцлон дурдаж байжээ.
Уулзалтын үеэр талууд “1992 оны зөвшилцөл”-ийг баримтлах талаар хэлэлцсэнийг Ма Иньжю нотолжээ. “1992 оны зөвшилцөл” гэдэг нь 1992 оны 11 дүгээр сард БНХАУ-ын Тайванийн хоолой дагуух харилцааны нийгэмлэгийн тэргүүн Ван Дао-хан болон Тайвний хоолойн солилцооны сангийн тэргүүн Күү Чен-фу нар Их Британийн Хонг Конг-д уулзаж, Хятадын БНУ, БНХАУ-ын хооронд «нэг Хятадын зарчим» баримтлах талаар зөвшилсөн тухай асуудал байдаг.
Тайванийн Засаг захиргааны тэргүүн Цай Инг-вен төрийн тэргүүний суудлыг авснаас хойш анх удаа 2016 оны аравдугаар сарын 10-нд тохиосон Үндэсний өдрийн 105 жилийн ойн арга хэмжээний үеэр ард иргэддээ хандан дэлгэрэнгүй үг хэлэхдээ: “БНХАУ Тайванийн Засгийн газар, арлын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, бодит байдалтай нүүр тулах хэрэгтэй” хэмээн мэдэгдэв. 2017 оны эхээр Тайванийн ерөнхийлөгч Цай авхай дипломат харилцаатай Гондурас Никарагуа, Гватемал, Эль Сальвадор зэрэг Төв Америкийн 4 улсад төрийн айлчлал хийх замдаа АНУ-ын Техас мужийн Хьюстон хотоор дамжин өнгөрөх үед нь АНУ-ын сенатч Тед Круз, Техас мужийн захирагч Грэг Эботт нар хүлээн авч уулзсанд Хятад улс эсэргүүцлээ дахин илэрхийлсэн юм. Сенатч Круз хэлэхдээ: “АНУ-аар зорчин өнгөрч байгаа хэн нэгэн зочинтой уулзахаа аль нэг орноор заалгахгүй” гэж мэдэгдсэн юм. 2016 оны 6 дугаар сард хатагтай Цай Панам, Парагвай улсуудад төрийн айлчлал хийх замдаа Майамид сенатч Марко Рубиотой мөн уулзаж байсан юм. АНУ-ын ерөнхийлөгчөөр Доналд Трамп сонгогдсон нь АНУ, Хятадын харилцаанд ноцтой байдал буй болох төлөв ажиглагдаж эхэлсэн. 2016 оны арванхоёрдугаар сарын 2-нд Дональд Трамп Тайванийн ерөнхийлөгч Цай Инг-вен нар хоорондоо утсаар ярьсан нь 1979 онд АНУ Тайваниас дипломат харилцаагаа тасалснаас хойшхи анхны тохиолдол болжээ. Д.Трамп “Тайванийн ерөнхийлөгч өнөөдөр надтай ярьж сонгуульд ялсанд баяр хүргэлээ. Баярлалаа!” гэж твиттер хуудсандаа жиргэжээ. Утсаар ярьснаас хойш хэдхэн цагийн дараа Хятадын Гадаад хэргийн сайд Ван Ий мэдэгдэл хийж, уг үйл явдлын гол буруутан нь Тайвань гээд “Тайванийн талын зохион байгуулсан заль мэх” гэжээ. Өөрөөр хэлбэл Америкийн талыг шууд буруутгахаас зайлсхийсэн байна. Олон улсын ажиглагчид Д.Трампын Тайваньтай утсаар шууд ярьсан нь АНУ-ын гадаад бодлогод өөрчлөлт хийх төлөвлөгөөтэй байгаагийн шинж гэсэн бол зарим нь зүгээр л түүнийг гадаад бодлогын мэдлэггүйгээсээ болоод санамсаргүй алдаа хийлээ гэж тайлбарласан байдаг. Гэвч Нэг Хятадын бодлого баримтлах, Хойд Солонгосын цөмийн болон баллистик пуужингийн заналхийлэлийн зогсоох, АНУ, БНХАУ-ын худалдааг шинэ дүрмээр зохицуулах асуудлаар Хятадын удирдагч Ши Жиньпиний 2017 оны дөрөвдүгээр сард Вашингтонд, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын арванэгдүгээр сард Бээжинд хийсэн харилцан айлчлалын үеэр зөвшилцөж, Д.Трампын өмнөх байр суурь өөрчлөгдсөн байдаг. АНУ-ын БНХАУ-тай хийж буй худалдаа, технологийн дайн нь нэг талаар Тайванийг хамгаалсан бодлого болж харагддаг.
Тэгвэл АНУ-ын 46 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Жое Байданы тангараг өргөх ёслолын арга хэмжээнд анх удаа АНУ дахь Тайванийн төлөөлөгч хатагтай Цияо Би-ким оролцсон юм. Сүүлийн үед Тайванийг хүч хэрэглэн эх газарт нэгтгэх БНХАУ-ын байр суурь идэвхжиж, Өмнөд Хятадын тэнгист нөлөөгөө бэхжүүлж, худалдааны дайн өргөжиж буй нь Хятад, Америкийн сөргөлдөөний гол зангилаа асуудал болссор байна.
2021 оны 3 дугаар сард Жое Байдены засаг захиргааны баталсан “Үндэсний аюулгүй байдлын стратегийн түр удирдамж”-д АНУ болон Тайванийн харилцааны бат бөх байдлыг дахин нотолсон байна. 2021 оны 3 дугаар сарын 8-нд Жое Байдены засаг захиргаа хэвлэлийн бага хурлын үеэр: “Бид Энэтхэг-Номхон далайн бүс нутагт хамтын хөгжил цэцэглэлт, аюулгүй байдал, үнэт зүйлсээ ахиулахын төлөө найз нөхөд, холбоотнуудтайгаа хамт зогсох болно. Бид олон жилийн амлалтаа биелүүлнэ. Тайваньд өөрийгөө хамгаалах хангалттай чадавхийг хадгалахад үргэлжлүүлэн туслах болно” гэсэн юм. Харин 2022 оны 5 дугаар сард Ерөнхийлөгч Жое Байден Азид хийсэн айлчлалынхаа үеэр Хятад улс түрэмгийлсэн тохиолдолд Тайванийг АНУ-ын цэргийн хүчээр хамгаалахаа амласан юм. Н.Пелосийн айлчлалын үр дагавар нь цэргийн томоохон сургуулилт, эдийн засгийн хориг арга хэмжэээгээр хязгаарлагдах төлөвтэй. Гэвч энэ айлчлал нь ирэх намар болох ХКН-ын ХХ их хурал, АНУ-ын конгрессын дунд шатны завсарын сонгуулийн өмнөх том сорилт болов. Зэвсэгт мөргөлдөөн хэнд ч ашиг авчрахгүйг Орос, Украины дайн харуулсныг ойлгож байгаа болов уу.
Д.УЛАМБАЯР /ХИС-ийн доктор, профессор/