АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелоси Тайваньд айлчилсаныг эсэргүүцсэн БНХАУ наймдугаар сарын дөрөвний өдрөөс арлыг тойрсон цэргийн  сургуулилалтыг эхлүүлсэн.

 

Цэргийн сургуулилалтын үеэр Хятадын арми 10 гаруй баллистик пуужин хөөргөсөн талаар South China Morning Post сонин мэдээлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, "Дунфэн" цувралын 11 пуужин хөөргөсөн гэдгийг Тайванийн эрх баригчид баталжээ. Энэ нь БНХАУ-ын пуужингууд арлын дээгүүр хөөрсөн анхны тохиолдол юм. 

 

БНХАУ -ын энэхүү үйлдлийг Тайванийн Батлан хамгаалах яам эрс буруушаасан байна. Хятадын хөөргөсөн пуужингуудын дунд DF-15В бага тусгалт баллистик пуужин байсан гэнэ. Энэ пуужингийн тусгал нь 700 км байдаг аж. Түүнчлэн PCL-191 шуурган галын тийрэлтэт систем ашиглажээ. Энэ нь 350 км хүртэлх зайд байх бай онохын тулд найм хүртэлх тооны пуужин харвах чадвартай аж.

 

БНХАУ-ын Батлан хамгаалах яамны төлөөлөгч Тан Кэфэйгийн мэдэгдсэнээр, АНУ, Тайвань цэргийн тал дээр хамтран ажиллаж болзошгүй тул үүнийг эсэргүүцэн сургуулилалтын пуужин харвасан хэмээн онцолжээ. Хятадын Ардын чөлөөлөх арми Тайвань арлыг тойрсон зургаан хэсэгт энэ сарын дөрөвнөөс долооны хооронд цэргийн сургуулилалт явуулах юм.

 

Г.Бямбасүрэн

www.Shuud.mn