Оюутны дотуур байрны төлбөр 500 мянгаас 1.8 сая төгрөгийн төлбөртэй
2022/08/10
2022 онд Монгол улсын хэмжээнд нийт 33 мянга гаруй суралцагч ерөнхий боловсролын 12 дугаар ангийг төгссөн. Үүний тэн хагас нь хөдөө орон нутгаас зорин ирж буй оюутнууд юм. Жил бүрийн намар их дээд сургуульд элсэн орж суралцаж буй хөдөө орон нутгийн оюутнуудын дунд оюутны байрын хүрэлцээ төлбөрийн асуудал толгойны өвчин болдог.
Дотуур байранд орж чадаагүй эсвэл ойр дотнын хүмүүстэйгээ хамт байх Оюутан залуусын хувьд хямдхан, тавилгагүй нэгээс хоёр өрөө байранд гурав, дөрвөөрөө хамтран төлбөрөө төлөн амьдардаг юм. Энэ жил их дээд сургуулийн дотуур байр, нийтийн байр, орон сууцны, хүрэлцээ, үнэ ханш ямар байгаа талаар лавлалаа.
МУБИС-ийн оюутны байр 500-600 мянган төгрөг
МУБИС-нь 1,2,4,5 гэсэн оюутны байрнаас гадна Оюутны өргөө 1, 2 –ыг хариуцан ажилладаг. 1800 гаруй оюутныг хүлээн авах хүчин чадалтай.
1, 2, 4 дүгээр байрны төлбөр адилхан 500-600 мянган төгрөг. Нийт таван оюутны байраас гадна “Оюутны өргөө” 1, 2 дугаар байрыг хариуцдаг. “Оюутны өргөө” тусдаа үнэтэй бөгөөд дөрвөн ортой өрөө нь 900 мянган төгрөг үнэтэй байна. Харин гадаад оюутнуудын хувьд орны тооноос хамааран 1,300,000 мянган төгрөгөөс эхлээд 2,600,000 төгрөг хүртэл байна.
СУИС
Оюутны дотуур байрандаа Монгол, гадаад, лицей сургуулийн оюутан сурагчдыг хүлээж авдаг. Жилийн төлбөр 700 мянган төгрөг. Засвар ажил дуусаж байгаа. Бүртгэл хэзээнээс эхлэх нь тодорхойгүй байна. СУИС-ийн оюутны дотуур байранд орох хүсэлтийг наймдугаар сарын сүүлээр цахимаар бүртгэнэ.
ИХ ЗАСАГ ОУИС
Оюутны байр нь 500 оюутан хүлээн авах чадалтай. Өрөөний хэмжээ, орны тооноос хамааран 600 мянга болон 950 мянган төгрөгийн үнэтэй байна.
ЭТҮГЭН
Тус сургуулийн оюутны дотуур байрны бүртгэл наймдугаар сарын 20-нд эхэлнэ. Дөрвөн хүний өрөө 900 мянган төгрөг, хоёр хүний өрөө 1.8 сая төгрөгийн үнэтэй байна.
ШУТИС
ШУТИС-ийн оюутны 5 байр жилдээ 1800 гаруй оюутныг хүлээн авах чадалтай бөгөөд Оюутны I байранд гадаад оюутныг хүлээн авдаг. Гадаад оюутны байр нь 25 өрөөтэй бөгөөд гадаадын мэргэжилтэн багш, зочин профессор, гадаад болон оюутан солилцоогоор суралцагч оюутан амьдардаг. Дотуур байрны үнийн хувьд жилийн төлбөр нь 600 мянган төгрөгөөс 830 мянга орчим төгрөгийн хооронд байна. ШУТИС-ийн Оюутны байрны бүртгэл жил бүрийн 8 дугаар сарын сүүлийн 7 хоногт байр тус бүр дээр явагддаг.
МУИС
Дөрвөн хүн амьдардаг засвартай байр 780 мянган төгрөг, засваргүй байр 600 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин хоёр хүн амьдардаг байр нь 1.5 сая төгрөг. Оюутны байрны наймдугаар сарын сүүлээс есдүгээр сарын эхэн хүртэл “Сиси” системээр явагдана.
Хэдийгээр ихэнх сургуулиуд дэргэдээ оюутны байртай ч оюутнуудад бүгдэд нь хүрэлцээгүй байдаг тул орон нутгаас ирсэн оюутнууд түрээсийн байр хайх шаардлагатай болдог. Энэ жилийн тухайд байрны үнэ ихээхэн өссөн талаар иргэд ярьж байлаа. Иргэд өргөнөөр ашигладаг зарын сайт болох Unegui.mn-д байршсан үл хөдлөх хөрөнгө түрээслүүлэх зараас харахад, Нийтийн байр хоёроос дөрвөн хүн амьдрах боломжтой нэг өрөө байрны сарын түрээс 200 мянган төгрөгөөс 650 мянган төгрөгийн хооронд байна. Түрээсийн орон сууцны нэг өрөө байрны сарын түрээсийн үнэ 800 мянга, тавилгатай бол 1.5 сая төгрөг хүртэл үнэтэй зар тавигджээ.
Ц.Наранцацрал
www.Shuud.mn