"Фантастик” продакшны жүжигчин, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Б.Барслхагватай ярилцлаа.


-“Фантастик” продакшны “ЗУРА 2: Цурам ажиллагаа”шинэ уран бүтээлийн богино трейлер саяхан цацагдлаа. Нээлтээ хэзээ хийх вэ?

-Өнгөрсөн мягмар гаригт энэ намар нээлтээ хийх шинэ киноныхоо богино хэмжээний трейлерийг үзэгчдэдээ хүргэлээ. Үзэгчид халуун дотноор, “Удаан хүлээлээ”, “Хэзээ гарах вэ” зэрэг эерэг сэтгэгдлээр хүлээн авч байна. Албан ёсны трейлер цацагдсаны дараа нээлт хийх өдрөө зарлах тул одоо хэлэх боломжгүй.

-Шинэ киноны ажилд хэдий хугацаа зарцуулсан бэ?

-Энэ оны нэгдүгээр сараас киноны бэлтгэл ажил эхэлсэн. Зураг авалт 51-52 хоног үргэлжилсэн. Зураг авалт, эвлүүлэг, өнгө, графикийн ажил, дуу гээд бүх ажил нэгэн зэрэг явсан учир цаг маш сайн хэмнэсэн.

-Ямар жүжигчдийн бүрэлдэхүүнтэй хаана зураг авалтаа хийв?

-Зураг авалтыг Улаанбаатар хот, Буурь нуур, хөдөө орон нутгуудаар бага сага богино зургууд авсан. Мөн гадны нэг оронд зураг авалт хийсэн. Жүжигчдийн хувьд Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, Монгол Улсын гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ ах үйл явдлынхаа дагуу хоёрдугаар бүлэгт хуучин дүрээрээ эргэн ирсэн. Богино хэмжээний трейлерийг үзсэн хүмүүс ч мэдэж байгаа байх. Монгол Улсын гавьяат жүжигчин Ш.Доржсүрэн ах, “Фантастик” продакшны жүжигчин Ж.Алтаншагай, Э.Одбаяр, Ц.Номин, УДЭТ-ын жүжигчин Д.Хосбаяр, жүжигчин Г.Баярхүү, С.Ариунбямба мөн миний бие ажиллалаа. “Шинэ үе” продакшны жүжигчин Н.Отгонтунгалаг эмэгтэй гол дүрд тоглосон.Мөн Малайз, Хонконгийн жүжигчид оролцсон. Кинонд маань үнэхээр гайхалтай сор болсон уран бүтээлчид оролцсон гэж болно.

-Та нэгдүгээр бүлэгт зургийн даргаар ажилласан. Энэ удаад гол дүрд тоглосон уу?

-Тийм ээ, энэ бүлэгт гол дүрд тоглосон. “ЗУРА” бол цааш үргэлжлэх төсөл учраас ерөнхий найруулагч Б.Тамир жүжигчдийг бөөнд нь оруулахгүй хувааж тоглуулъя гэсэн. Тиймээс киноны эхний ангид Б.Тамир, Б.Батсайхан хоёр гол дүрд тоглож энэ ангид Б.Ганчулуун, Ж.Алтаншагай, Э.Одбаяр бид дөрөв гол дүрд ажилласан.

-Үзэгчдээс жүжигчин Э.Одбаярыг үхүүлээгүй биз дээ гэсэн сэтгэгдэл олон харагдсан...

-Харин тийм /инээв/. Түүнийг манай үзэгчид киногоо үзээд л мэдэх байх даа.

-Ер нь киногоор дамжуулж үзэгчдэд ямар мессэж өгөхийг зорьсон бэ?

-“ЗУРА 1”кино маань орчин үеийн сэдэвтэй, хууль бус үйл явдал, үйл ажиллагааны талаар өгүүлдэг. “ЗУРА” төсөл өөрөө иймэрхүү төрлийн төсөл гэж ойлгож болно. “Зура” гэдэг нь санскритаар сайн сайхны “Ариун дайчин”гэдэг утгатай. Тиймээс сайн сайхны төлөөх тэмцэгчийн тухай өгүүлэх кино.

Удахгүй “Зура 2: Цурам ажиллагаа” киноны нээлт хийсний дараа хүмүүс үзээд сэтгэгдлээ хуваалцах нь зөв байх.

-Танай продакшныхан үс, сахлаа ургуулаад байгаа шүү дээ. Энэхүү уран бүтээлд ашигласан уу?

-Бид хамгийн сүүлд 2020 онд “Зура 1” уран сайхны киног хийсэн. Түүнээс хойш ямар ч кино дэлгэцэд гаргаагүй. Энэ хооронд бид түүхэн сэдэвтэй олон ангит киноны төсөл дээр ажилласан. Түүхэн кино маш их ажиллагаа шаарддаг учраас бид судалгаан дээр олон жил сууж байна. Археологийн хүрээлэн, түүхийн хүрээлэн, МУИС, угсаатан зүй судлаач, археологичид, маш олон эрдэмтэдтэй хамтран ажиллаж байгаа. Судалгааны ажил маш их байна. Жишээлбэл, дээр үеийн монголчуудын оршуулах, хуримлах зан үйл гэх мэт киноны зөвхөн нэг хэсэгт гараад өнгөрөх зүйлийг судлахад маш их ажил болдог.“ЗУРА 2”-ын араас энэ төсөл рүүгээ орно.Бид хил нээгдэж нөхцөл байдал сайжрахаар “ЗУРА 2” киногоо хийх төлөвлөгөөтэй байсан. Төлөвлөгөөнийхөө дагуу ажиллаж байна. Үс, сахлын тухайд олон ангит түүхэн кинондоо зориулж ургуулж байгаа.

-Дүр дээрээ хэр удаан ажиллав, дүрийн судалгаандаа юуг чухалчилдаг вэ?

-Бид зохиолоо нэгдүгээр сард аваад зураг авалт эхлэх хүртэл таван сар дүр дээрээ ажилласан. Жүжигчин хүн аливаа дүр дээр ажиллахдаа баримтлах ёстой систем гэж байдаг. Мэргэжил болгонд өөр өөрийн ажиллах ёстой зарчим, систем гэж байдагтай адил.

-Таны дүрийн хамгийн хэцүү сцени ямар байв?

-Яг үнэндээ амархан зүйл гэж байдаггүй. Хүмүүс жаахан хөгжилтэй, нүүрэмгий хүнийг “Чи жүжигчин болохоор юм байна” гэж хэлдэг шүү дээ. Үнэндээ тийм биш, маш их ажиллагаа шаарддаг ажил. Кинон дээрээс харахад гоё, сайхан байж болох ч бидний өдөр, шөнөгүй бүр дөрөв, тав хоног авсан зураг авалт дэлгэцэн дээр гарахдаа нэг минут хүрэх үү үгүй юү болдог. Тиймээс уйгагүй хөдөлмөр шарддаг, маш их ядардаг. Хүмүүс киноноос өнгөцхөн, сайхныг нь л хардаг учраас гоё амархан мэргэжил гэж дүгнээд байдаг. Мэдээж ямар ч мэргэжил хэцүү. Амархан мэргэжил, ажил гэж хаана ч үгүй.

-Та өмнө нь шинэ уран бүтээлийн ард гарах бүрдээ“Дахиж кинонд тоглохгүй дээ” гэх бодол төрдөг гэж хэлж байсан. Энэ удаад ч мөн тийм бодол төрөв үү?

-Зураг авалтын дундуур сэтгэлээр унадаг гэсэн үг л дээ. “Би үүнийг чадахгүй юм байна” гэж өөртөө эргэлзэж эхэлдэг. Энэ эргэлзсэн бодлоос үүнийг дуусгаад дахиж кинонд тоглохоо болъё гэж боддог. Энэ удаад ч мөн тэгж бодсон. Гэхдээ энэ бодол тийм ч удаан үргэлжилдэггүй ээ/инээв/.

-“ЗУРА 2: Цурам ажиллагаа” киноны үзэгчдэд хүргэхийг зорьсон гол санаа нь юу вэ?

-Кино маань нээлтээ ч хийгээгүй байхад гол санааны тухай ярих эрт байна. Үзэгчид киногоо үзсэний дараа бидний хүргэх гэсэн санааг ойлгох байх.Энэхүү кино маань орчин үеийн сэдэвтэй экшн кино. Адал явдалт кино гэж ойлгож болно.