Хэн нь хэнийгээ хэлэлтгүй бүгдээрээ хөгжил гацаагчид болохоор эхлээд МАН дотроосоо “дайсан”-аа хайгаач
2022/08/17
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өчигдөр нэг мэдэгдэл хийгээтхэв. Мань эр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Гашуунсухайтын төмөр замыг гацаасан хүн бол Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга. Гялгар уутанд элс хийж цоолоод баялаг чинь алга болно, дуусна гээд явж байсан хүн.
Үүний ард олж болох орлого буюу алдагдсан боломж нь 80-90 их наяд төгрөгөөр үнэлэгдэж байна. Өнөөдрийн Монгол Улсын нийт гадаад өртэй тэнцэхүйц хэмжээний боломжийг нөхөр экс Ерөнхийлөгчийн пропогандад алдсан. Үүнийг цааш нь нэхэмжлэх ёстой” гэж дуугарлаа. Хууль зүйн сайдын ярьж байгаагаар бол хөгжил гацаасан экс Ерөнхийлөгчийн талаарх материалыг холбогдох байгууллагад өгсөн бололтой. Тэгэхээр тун удахгүй Х.Баттулга гэдэг хүнийг яллах, буруутгах ажил өрнөж таарах нь. Экс Ерөнхийлөгч Монгол Улсын хөгжилд гацаа болсон улстөрч байсан уу гэвэл байсан. Нүүрсний төмөр замыг гацаагч мөнөөсөө мөн. Төмөр замгүйгээс болж алдагдсан боломж маань өчнөөн ам. доллараар үнэлэгдэж байгаа нь ч булзах аргагүй үнэн. Засгийн газраас “Хөгжил гацаагчдад хариуцлага тооцно” гэж ярьж хэлээд эхэлсэн нь ч бас зөв хандлага. Ерөнхий сайдыг ийм утгатай мэдэгдэл хийснээс хойш өрнөж буй үйл явцаас анзаарахад засгийн зөв санаа буруу тийшээ эргэчихлээ. Шуудхан хэлэхэд, Хууль зүйн сайдын пропоганда болоод хувирчихлаа. Зүй нь Засгийн газар яг өдийд Хөгжлийн банкнаас мөнгө завшигчид, цахилгаан станцуудын бүтээн байгуулалтыг гацаагчид, уран, занар, газрын ховор элемент гэх мэт уул уурхайн төслүүдийг чөдөрлөгч улстөрчдийг нэр зааж, улстөрч болгон дээр бодитой хариуцлага яриад суусан бол илүү эрүүл, зөв, үнэн харагдах байлаа. Гэвч тэгсэнгүй.
Ганц улстөрчтэй тулалдсаар дуусах нь тодорхой болж байна. Шуудхан хэлэхэд, хөгжил гацаасан улс төрчдийг жагсаавал МАН, АН гэлтгүй урт жагсаалт гарна. Бүх цаг үеийн Засгийн газар хөгжилд хэрэгтэй төслүүдийг гацаасаар ирсэн нь нуух юмгүй ил үнэн. Одоогийн УИХ-ын дарга гэхэд л Гадаад харилцааны сайд байхдаа гадаадын хөрөнгө оруулалтыг үргээсэн том хуулийг санаачилж, батлуулж явсан түүхтэй улстөрч. Г.Занданшатарын балаг ингээд дуусахгүй. Ердөө хэдхэн жилийн өмнө гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн компани руу цэрэг удирдан очиж сүрдүүлсэн кейсийн эзэн. Тийм болохоор ганц экс Ерөнхийлөгч гэлтгүй эхлээд Их хурлын дарга Г.Занданшатараасаа эхэлчих. За тэгээд Ерөнхийлөгч маань байна. Мань эр засгийн тэргүүн байхдаа “Чөлөөт зах зээл гэж үгүй, төрийн зохицуулалттай зах зээл л бий” гэсэн утгатай мэдэгдэл хийж, жамаараа Хэн нь хэнийгээ хэлэлтгүй бүгдээрээ хөгжил гацаагчид болохоор эхлээд МАН дотроосоо “дайсан”-аа хайгаач хэрэгжиж явсан төслүүдийг гацааж царцаахад хувь нэмрээ оруулсан Ерөнхий сайд нарын тоог нэгээр нэмсэн түүхтэй улстөрч. Уул уурхайн төслүүдийг гацааж, өөрсдөө энэ салбараас хөрөнгөжсөн улстөрчид гэвэл бүр хэдэн арваараа тоологдоно. Түмний хүндэтгэдэг бөх гишүүнээс эхлээд өдгөө ч улс төрд голлох оролцоотой яваа олон эрхэм бий. Ингээд харахаар улстөрчид аль намаасаа үл харгалзан хөгжилд гацаа болсоор ирсэн байдаг. Товчхондоо “Хэрээ хэрээнийхээ харыг гайхав” гэгчээр хэн нь хэнийгээ хэлэлтгүй хөгжил гацаагчид. Эдийн засгийн том бодлого гаргаж хэрэгжүүлсэн Ерөнхий сайд нар гэвэл гарын таван хуруунд ч багтахгүй гэчихэд дэгсдүүлэл болохгүй. Оюу толгойг хөдөлгөсөн С.Баяр, худалдааг либералчилсан М.Энхсайхан, Оюу толгойн гацааг гаргасан Ч.Сайханбилэг гэсхийгээд бараглана. Цагаан морин жилээс хойших гучаад жилд Монгол Улсын засаг төр ганцхан мега төсөл хөдөлгөсөн нь Оюу толгой. Бусад төслүүдийн тухайд ярьж эхэлснийх нь хорь, гучин жилийн ойнуудыг тэмдэглэсэн шигээ яваа. Эцэст нь хэлэхэд, ганц мега төслөө хөдөлгөсөн улстөрчдөө шоронд хорьж, буруутган шүүж элдэвлэсээр улс төрд ойртуулахгүй явж байгаа хэрнээ “Хөгжил гацаагчдыг олж шийтгэнэ” гэж сүржигнэж, ганцхан хүнтэй зууралдаж суугаа нь итгэл төрүүлэхгүй байна. Энэ мэтээр дайсан хайж өөр зуураа тэмцэлдэж, пропоганда хийсээр аж төрвөл Дарханы зам ч үгүй, тавдугаар цахилгаан станц ч үгүй, уул уурхайн төслүүд ч үгүй, эдийн засгаа элгээр нь хэвтүүлж Венесуэл, Шри-Ланка улсуудын араас орохоос өөр зам үлдэхгүй.
Дахиад хэлье, улстөрчид нь бултаараа хөгжил гацаагчид болчихсон ийм цагт сандал ширээгээ өгөөд явчихсан улстөрчдөөс хариуцлага нэхэхийн зэрэгцээ сандал ширээн дээрээ өнөөдөр ч суусаар дараагийн гацааг үүсгэж, эх орноо хорлож байгаа энэ олон улстөрчдөөсөө эхлээч. Дотроосоо дайснаа эхлээд хайгаач. Энэ бол эхлээд хийх чухал ажил чинь. Зэрэгцүүлээд том төслүүдээ цаг алдалгүй хөдөлгөх, гацаа саадгүй урагшлуулах нь хамгийн чухал байна.
Зочин · 2022/08/17
Гацаагч нь байлаа гэхэд гацаалгагч нь бас бгаашдээ тэр нь төр өөрөө
Бат инженер · 2022/08/17
Яг үнэн. Нямка чинь хүртэл УИХ дээр Баттулгыг төмөр зам барихыг чнь харнаа гэж сүрдүүлж байсан биз дээ. Өөрсдөө нүүрсний машинтай нь бүгд л эсэргүүцсэн шүү дээ.