сонин mn

 

Улсын Их Хурлын 2022 оны ээлжит бус чуулганы өчигдрийн (2022.08.25)  нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэн баталлаа. Одоо үүнтэй холбогдуулан Засгийн Газрын тухай хуулийг өөрчлөн батлах бас нэг ажил бий. Үүний дараа Монгол Улсын Ерөнхий Сайд өөрийн танхимд ажиллах сайдуудыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, тангараг өргөх учиртай.

 

Үүнтэй зэрэгцэн хэн хэн сайд болох вэ? гэдэг өрсөлдөөн УИХ-ын гишүүдийн дунд явагдаж байна.

УИХ-ын гишүүн тэр яг энэ яамны сайд болох нь ээ гэдэг хэвлэлээр явж буй мэдээллүүд бүгд эцсийнх биш. Гэхдээ сайд нарыг хэрхэн тодруулахтай холбоотой гурван үндсэн зарчим бий аж. Энэ нь

 

нэгдүгээрт, УИХ-д хоёр ба түүнээс дээш удаа сонгогдсон хүн л сайд болно.

 

Хоёрдугаарт, МАН-ын дарга, Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, МАН-ын ЕНБдарга Д.Амарбаясгалан нартай маш сайн ойлголцдог хүн байна.

 

Гуравдугаарт, жижиг хэмжээний фракци гэх юм уу? эсвэл нэг нутаг, нэг тойргийг төлөөлж буй гишүүдийн аль нэг нь л сайд болох ёстой аж. Энэ тохиолдолд Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар, Ж.Ганбаатар, М.Оюунчимэг, Д.Сарангэрэл, Б.Саранчимэг, Н.Учрал Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн, Х.Болорчулуун, Ж.Сүхбаатар, Л.Мөнхбаатар, Ц.Мөнх-Оргил, Г.Мөнхцэцэг, Д.Тогтохсүрэн гэсэн УИХ-ын арав гаруй гишүүд дундаас л сайдууд тодроно гэсэн үг. Мэдээж тэд өөрсдөө аль нэг яамыг онилсон ч яг шийдвэр гарахдаа яамд нь өөрчлөгдөж болно. Мөн огцрох "дан дээлтэй" сайд нарт шинэ албан тушаал буюу УИХ-д нэр дэвших квот өгнө.

 

Юутай ч одоогоор тодорхой болсон зарим шийдлүүдийг сонирхуулья. ЗГХЭГ-ийн дарга, Монгол Улсын Сайд Ц.Нямдоржийг "явуулах цаг нь болсон" гэдэгт МАН-ын удирдлагууд санал нэгдсэн байна. Түүний оронд Х.Нямбаатар ирнэ гэх хувилбар бий ч өөрөө бол Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайдаараа үргэлжлүүлэн ажиллах сонирхолтой байгаа юм байна.

 

Мөн Д.Амарбаясгалан өөрийн хүмүүс болох Шадар сайд С.Амарсайхан, Гадаад Харилцааны Сайд Б.Батцэцэг нарыг улираан үлдээх сонирхолтой байгаа бол Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Сайд Б.Бат-Эрдэнэ, Соёлын Сайд Ч.Номин нарыг, эсвэл аль нэгийг нь заавал сайдаар үргэлжлүүлэн ажиллуулна гэжээ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд өөрийн найз нар Г.Сайханбаяр, Г.Ёндон, Н.Тавинбэх нарыг заавал авч үлдэнэ гээгүй ч Г.Сайханбаярыг Зэвсэгт Хүчний Жанжин Штабын дарга болгоод, нөгөө хоёрыг нь дэд сайдаар ажиллуулах нь зөв гэж үзэж буй бололтой.

Ч.Номин сайдаасаа огцорсон тохиолдолд МАН-ын нарийн бичгийн даргаар очих саналтай байгаа бол ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, ХНХ-ын сайд А.Ариунзаяа, БХБ-ийн сайд Б.Мөнхбаатар нар УИХ-д хүссэн тойрогтоо нэр дэвших квотоо авах санал цухуйлгасан байна.

Л.Халтарын хувьд мэргэжлээрээ төрийн албанд үлдэх, С.Энхболд Эрүүл Мэндийн дэд сайдаар ажиллах хувилбар бодитой аж.

 

Э.Мягмар

www.Sonin.mn