Л.Оюун-Эрдэнийг солих уу, Л.Оюун-Эрдэнэ сонгох уу?!
2022/08/29
Хагас сарын өмнө, 2022 оны наймдугаар сарын 15-нд Цэц их суудлаараа хуралдсан. Тэр хуралдаанаас 2019 оны өвөл Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нэмэлт өөрчлөлтөөр оруулсан “...Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хашиж болно” гэсэн “өгүүлбэр”-ийг хүчингүй болгосон.
Цэцийн гишүүд дээрх заалт нь Үндсэн хуулийн Удиртгал, Нэгдүгээр зүйлийн 2, Хорин есдүгээр зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийцээгүй гэж үзжээ.
Маш товчоор хэлэхэд, Үндсэн хууль анх 1992 оны нэгдүгээр сард батлагдахад “давхар дээл”-ийн талаарх агуулга ямар байсан, тэр хэвэнд нь буцааж шийдсэн. Мөн цаашид Үндсэн хуульд 2019 оных шиг ийм агуулга нэмэлт өөрчлөлт хэлбэрээр орох боломжгүй болжээ. Өөрөөр хэлбэл, Цэц 1992 онд “... “Давхар дээл” болно”, 1996 онд “...Болохгүй”, 2000 онд “...Болно” гэсэн шийдвэрүүдийг гаргаж байсан. Харин энэ удаагийн Их суудлын хуралдааны шийдвэр нь“давхар дээл”-ийн асуудалд цэг хатгав.
Ер нь ч 1991 оны өвөл Үндсэн хуулийг хэлэлцэж байх үед тухайн үеийн депутатууд “давхар дээл”-ийг тэр болгон яриагүй байдаг. Дараа нь Цэц шийдэж байжээ. Харин Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн үеэр “...Ерөнхий сайд өөрөө сайд нараа томилох уу, УИХ томилох уу”, “...Ерөнхий сайд танхимынхаа сайд нарыг Ерөнхийлөгчтэй зөвшилцөх үү, УИХ-ын даргатай юу”, “...Засгийн газрын бүрэлдэхүүнд УИХ-ын нөлөө ямар байх вэ”, “...УИХ-ын өмнө Ерөнхий сайд ажлаа тайлагнаж, хариуцлага хүлээх үү, эсвэл сайд бүр үү” гэх зэргийг түлхүү ярьж, эцэст нь өнөөгийн хувилбараар шийдэж байжээ. Цэцийн Их суудлын хуралдааны шийдвэрийг УИХ өнгөрсөн долоо хоногт хэлэлцээд хүлээж авсан. Тэгээд Үндсэн хуулиас нэмэлт өөрчлөлтийг татаж баталсан. Тэгвэл түүнд нийцүүлсэн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудлыг өнөөдрөөс ярьж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, Цэц “давхар дээл”-ийг зөвшөөрсөнөөр одоогийн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орох үүд нээгдчихэж байгаа юм. Зарим хувилбарыг аль хэдийнэ яриад эхэлсэн. Уг нь Цэцийн шийдвэрийн агуулга нь Засгийн газрыг заавал “хөдөлгөх” ёстой гэсэн үг биш. Одоогийнхоороо явж байхад хуульд харшлахгүй. Гэвч ямар нэг байдлаар хөдөлгөөн орох нь тодорхой болоод байна. Ямар өөрчлөлт яаж орох вэ гэдэг нь өнөөдрөөс ил болно. Ямартай ч хамгийн түрүүнд Ерөнхий сайдыг огцруулах хувилбар яригдах боломжтой. Хуулиараа Засгийн газар хөдлөх эсэх нь Ерөнхий сайдаас шууд хамааралтай юм.
Ерөнхий сайдыг огцруулахад Засгийн газар унана. Хуульд Ерөнхий сайдыг огцруулах саналыг нийт гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь буюу 19-өөс дээш гишүүн гаргах боломжтой гээд заачихсан. Тэр утгаараа Цэцийн энэ өөрчлөлт хамгийн түрүүнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ рүү чиглэх талтай юм. Үүнийг ч улс төрийн хүрээнийнхэн мэдэж буй аж. Мэдээд ярьж хэлэлцэж байжээ. Тухайлбал, Цэцийн шийдвэр гарахын өмнө нэгэн экс Ерөнхийлөгч Тамгын дарга асантайгаа уулзаж “...Цэц “давхар дээл”-ийг шийдчихвэл Л.Оюун-Эрдэнэ унана. Дөрвөн сайдаар хязгаарласан болохоор нөгөөдүүл нь яаж ч чадахгүй яваад байсан юм” гэж ярьсан байдаг. “...Намынхаа гишүүдийн сайд болох амбийцыг Л.Оюун-Эрдэнэ хангаж чадахгүй. Тиймээс зөрчил үүснэ” гэсэн гэдэг. Угаасаа АН-ын арваад гишүүн дээр МАН-ын арваад гишүүн нийлэхэд Л.Оюун-Эрдэнэ “ойчих” уу, үгүй юу гэдгийг ярих нээлттэй болох юм.
Харин дээрх хувилбар хэрэгжиж Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаас огцруулах асуудал яригдахгүй бол тэрбээр шинэ бүтэц, бүрэлдэхүүнээ сонгож танилцуулах эрхээ эдэлнэ. Бүтцийн томоохон өөрчлөлт хийгдэх магадлалтай. Энэ нь УИХ-д суудалтай АН, ХҮН засагт орох эсэхээс хамаарна. Мэдээж хэрэг Ерөнхий сайд урьж, нөгөөдүүл нь зөвшөөрвөл шүү дээ. “:..Тийм санал ирвэл ХҮН орохгүй” гэж Т.Доржханд мэдэгдсэн. Харин АН-ынхан урилгаа аваагүй ч суудлаа хувааж хэрэлдээд хэд хонож байгаа аж. Уг нь АН-ынхан ойрын үед эвлэж чадвал 2024 оны сонгуульд амжилт гаргах боломж бий. Тэр утгаараа АН-ынхан засагт орно гэдэг бол нэг талаар “...Үхрийн сүүлэн дээр хутга” гэсэнтэй ижил. Нөгөө талаас, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ урилгыг “...АН-д урхи тавьж байна” гээд ойлгочиход болно. Л.Оюун-Эрдэнийн хувьд МАН-ын дарга учраас ийм улс төр хийхийг үгүйсгэхгүй. АН орвол засаг занхар бүтэцтэй болно. Тэргүүн Шадар сайд, Шадар сайд... гээд явж өгнө. Гэхдээ энэ хувилбар МАН-ын гишүүдэд таалагдахгүй л болов уу. Сайдын суудал хэдхэн санаатай гишүүн олон байгаа шүү дээ. Тэгэхээр Ерөнхий сайд бусад намд санал тавилгүйгээр дангаараа бүрдүүлж, засгаа өөрчлөх хамгийн магадлалтай. Тэгэх бол ямар бүтэц, бүрэлдэхүүнтэй байх вэ гэдгийг улс төрийн хүрээнд анхаарч байна. Бүтэц бол зохих хэмжээнд өөрчлөгдөж таарна. Наад зах нь, нэлээд дээхнээс яригдаад байгаа Хот хариуцсан сайдтай болж таарна. Түгжрэлээс эхлээд улсын хэмжээнийх болчихсон хотын асуудлууд бий. Тэр сайдаа ямар эрх хэмжээтэй, хаанаас “олж” томилох вэ гэдэг харин сонин.
Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд шинэ сэргэлтийн төслүүдээ хэрэгжүүлэхэд гол анхаарлаа тавьдаг. Тиймээс Засгийн газрын бүтцийн өөрчлөлт үүнд чиглэх болов уу. Өөрөөр хэлбэл, том төслүүдийн хэрэгжилтийн явцад дутагдаад байгаа “хэрэгжүүлэгчид”-ийг шинээр гаргаж ирэх магадлалтай. Сая харсан даа, бид. Л.Оюун-Эрдэнэ Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэх гэж айхавтар зүтгэж байна. Ван И-гийн айлчлалын өмнө газар дээр нь очиж ажилласан. Нутгийн иргэдтэй тохирсон.
Ирээд төсөл гацаасан хэргээр зарим албан тушаалтныг шүүхэд өгсөн. Арваад хоногийн өмнө Ховдын Засаг дарга Б.Дүгэржавыг чөлөөлсөн. Б. Дүгэржав бас л Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг гацаасан гэх “хэрэг”-тэй. Оронд нь зөвлөх Э.Болормаагаа илгээсэн. Ховдын ИТХ өнөөдрөөс хуралдаж шийднэ. Тэгэхээр одоо тус цахилгаан станцыг барих ажлыг гардаж хийх Эрчим хүчний сайдад чансаатай хүн хэрэг болно. Энэ албан тушаалд хамгийн боломжтой гэж үзсэн хүнээ Л.Оюун-Эрдэнэ гаргаж ирнэ гэсэн үг. Нөгөөтэйгүүр, хилийн боомтуудад Л.Оюун-Эрдэнэ ихээхэн анхаардаг. Энэ асуудлыг Боомтуудын зөвлөлд даатгаад явах уу, Засгийн газрын гишүүний хэмжээнд аваачаад хариуцлагатай хүн томилох уу гэдгээ бүтцээрээ дамжуулж шийдэж мэднэ. Түүнчлэн Дарханы зам гэж нэг баларсан төсөл бий. Тэрийг дуусгаж, бас ид явж эхлээд явж байгаа төмөр замуудын бүтээн байгуулалтыг хариуцчих чадалтай, даацтай Зам тээврийн сайд хэрэгтэй. Түүнээс гадна яамгүй салбарууд ганц нэг байж л байна. Тэртэй тэргүй сайдын “боловсон хүчин”-ий нөөц арвинтай учраас ийм яамнуудын асуудлыг төсөв зардал нэмэхгүйгээр шийдчихэж мэдэх л юм. Ерөнхийдөө, бүтэц ярих бол эдгээр асуудал дээр илүү анхаарч шийдэхээр харагдаад байгаа юм. Харин сайд нарын тухайд маш олон хувилбараар, хоёроос дээш сонгогдсон бараг бүх гишүүн яригдаж байна. Гэхдээ сайд нарыг сонгох танилцуулах хүн нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ юм. Тэгээд ч УИХ бүтцийг нь яаж баталсаны дараа хэн хэн гэдэг хэдэн сайд байх вэ гэдэг тодорхой болж таарна. Юутай ч яг одоо “...Л.Оюун-Эрдэнэ өөрөө ойчих уу, шинэ сайд нараа сонгох уу” гэдэг асуултын хариулт тодорхойгүй байна. Нэг үгээр хэлбэл, Л.Оюун-Эрдэнийг солих уу, эсвэл Л.Оюун-Эрдэнэ сонгох уу гэдэг өнөөдөр тодорхой болно. Ер нь бол Л.Оюун-Эрдэнийг анх Ерөнхий сайд болоход “...Засгийн газар нь гуравхан сарын настай” гэцгээж байсан. Гэвч жил хагас болчихлоо. Хэрвээ өөрийг нь өргөн барьчихгүй бол Цэцийн шийдвэрийн дараах шинэ бүтэц, бүрэлдэхүүн, түүнээс улбаалах бүх үйл ажиллагаандаа “тэнцвэр олох” нь юу юунаас илүү чухал юм.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Зочин · 2022/08/29
Zasagaaraa oroldbol chaasaagaa chi medeh yy?....