Ардчилсан намыг шороотой хутгасан С.Эрдэнийн халааг УИХ-ын гишүүн Д.Ганбат албан ёсоор авлаа. УИХ дахь Ардчилсан намын бүлгийнхээ нийт гишүүдийн итгэлийг хүлээж ажиллаж чадалгүй огцорч, ажлаа өгөхгүй луу унжсан түүний концерт төгсөв.

Учир нь УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд наймдугаар сарын 23-ны өдөр хуралдаад даргаараа УИХ-ын гишүүн Одонгийн Цогтгэрэлийг сонгов. Энэхүү шийдвэрээ УИХ-ын нэгдсэн чуулганаар нийтэд уншиж сонсгохоор УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичиг илгээсний дагуу Их хурлын дарга наймдугаар сарын 24-ны өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр нийтэд зуншиж сонсгосноор УИХ дахь Ардчилсан намын бүлэг албан ёсоор шинэ даргатай болж Д.Ганбатын алба дуусав. 

Д.Ганбат одоо ажлаа өгөхгүй гэж мянга хашгирсан ч түүнийг хуулийн хүрээнд хүлээн авч сонсох хэн ч үлдсэнгүй. Хий дэмий хэвлэлээр яриа өгөн бачуурч нийтийн инээдийг хүргэж, нийгэм даяараа шоолуулж сууна. Уг нь өдий насны хүн авсан шигээ өгч чаддаг бол олон хүнд үлгэрлэл болно доо. Гэвч тэр үлгэрлэл болох боломжоо ашиглалгүй “онигоо” болох замаа сонгов. 

Түүний хувьд ажил албаа өгөхгүй гэж “шогтож” байгаа эхний тохиолдол нь энэ биш юм. Тэрбээр урд нь УИХ-ын гишүүн байхдаа 2014 онд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргын сонгуульд Ж.Батзанданд нэг саналаар уначихаад өөрийгөө дарга болсон гээд тийчлээд хэвтчихсэн гэдэг. Тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд түүний учрыг олох гэж ядаад адаг сүүлдээ түр хугацаанд даргаар тавьсан тогтоол гаргаж байлаа. 2015 онд бас л байнгын хорооны даргын ажлаа өгөхгүй гээд хошуугаа унжуулж суучихаад нэг хэсэг л намын бүлгийнхнээ ичээсэн юм билээ. Харин золоор 2016 оны УИХ-ын сонгуульд ялагдал хүлээснээр түүний даргаа үргэлжлүүлэн хийх боломжгүй болсон юм.  

Төрд түмнээ төлөөлж, түмний итгэлээр хоёр дахь удаагаа УИХ-ын гишүүн болсон түүний хувьд авсан ажлаа өгч чаддаггүйгээрээ Монголын парламентийн түүхэнд тод мөртэй үлдэж байна. Ийм хүнийг Баянхонгорын ард түмэн дахин итгэж сонгохгүй биз ээ.

 

Б.Цэцэг

sonin.mn