Тарваган тахлын халдвар авсан хүний нэгдүгээр хавьтал Улаанбаатарт ирсэн байсан
2022/09/20
Эрүүл мэндийн яамнаас Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахал өвчний талаар мэдээллээ.
ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрах “Нийт 17 аймгийн 137 сумыг тарваган тахлын голомттой бүс нутаг гэж үзэж байна. Өнөөдрийн байдлаар 147 удаагийн дуудлагаар хянан шалгах постууд дээр хот руу орж ирэх гэж байгаад баригдсан 827 ширхэг тарвага хураагдаж шинжилгээ хийгээд байна. Энэ бол хот суурин газар руу тарваган тахлын халдвар зөөвөрлөгдөн орж ирэх өндөр эрсдэлтэйг харуулж байна.
Тарвагыг хавхаар агнасан тохиолдолд халдвар авах эрсдэл хамгийн өндөр байдаг. Он гарсаар тарваган тахлын сэжигтэй тохиолд зургаа гарсан. Хамгийн сүүлд есдүгээр сарын 11-нд Ховд аймгийн Цэцэг суманд, 17-ний өдөр Жаргалант суманд тарваган тахлын хоёр өвчлөл бүртгэгдээд байна.
Эхний өвчилсөн хүнийг суманд нь тусгаарлаад, тэндээ эмчилж, өнөөдрөөс хөл хориог цуцалсан. Өвчтөний биеийн байдал харьцангуй сайжирсан.
Хоёр дахь тохиолдол нь Мөст суманд хавхаар тарвага агнаад, махыг нь идсэн хүн үжил хэлбэрээр өвчлөөд нас барсан. 40 гаруй тооны нэгдүгээр хавьтал бүртгэгдсэн. Эдгээр хавьтлын нэг Улаанбаатар хотод орж ирсэн байгаа. Тухайн хүний маршрутыг шуурхай тогтоон, хавьтал болсон хүмүүсийг нь тогтоон, ариутгал хийж, урьдчилан сэргийлэх эмчилгээнд оруулаад байна.
Тарваган тахал бол зөвхөн байгалийн голомтод халдвар өвчин бус хүн ам олноор суурьшсан газарт зөөвөрлөгдөх орж ирж өндөр эрсдэлтэй юм. Тиймээс өөрийн амь насаа эрстүүлэхээс гадна ойр дотных хүмүүсээ өвчлүүлж, улс оронд том хохирол учруулах нөхцөл байдал үүсэж болзошгүй байна.
ЗӨСҮТ-өөс энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн мэдээлэл, сэрэмжлүүлэг өгч байгаа ч голомтот бүс нутагт тарвага агналт зогсохгүй байна.
Ховд аймгийн Онцгой комиссын шийдвэр гарч, тус аймагт тарвага агналтыг бүрэн зогсоосон.
Иргэдээс мэдээлэл маш их ирүүлж байгаа. Гаднаа хөргөгчтэй. Тэр дотроо тарвага 20-30-аар нь хадгалчихсан, гэрийнх нь хөргөгч ч дүүрэн байх жишээтэй. Тэр олон тарвага хот суурин газар руу зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэлтэй юм.
Коронавирус халдварын нас баралт 0.2 хувьтай байдаг бол тарваган тахлын нас баралт эрт оношлогдсон тохиолдолд 30-50 хувьтай байдаг" гэлээ.
Эмнэлзүйн шинж тэмдэг
Тарвага агнах, өвчих, хүнсэнд хэрэглэх, түүхий эд эрхтнийг залгих, тарваганы бөөс, бүүрэгт хазуулсны дараа халдвар авч, дунджаар 2-3 хоногийн дараагаас шинж тэмдэг илэрдэг.
Арьс салстын хэлбэрийн хувьд: Арьс салст гэмтсэн хэсгийн булчирхай томорч, үрэвсэж, эмзэглэлтэй болдог. Толгой өвдөх, чичрэх шинж тэмдгүүд илэрдэг.
Уушгины хэлбэрийн хувьд: Мөн өндөр халуурах, ханиах, амьсгалахад хүндрэлтэй болж, цустай цэр гарна.
Гэдэсний хэлбэрийн хувьд: Бөөлжинө, толгой хүчтэй өвдөнө.
Үжил хэлбэрийн хувьд: Өндөр халуурч, бөөлжиж халуурна, гүйлгэнэ, цусархаг тууралт гардаг, булчирхай томорч, олон эрхтний дутагдал илэрдэг.