Л.Бадамцэцэг: 150 гаруй ээж гэртээ хүүхдээ харангаа код бичиж, гэрээт нягтлан зэргээр зайнаас ажиллаж байна
2022/09/26
Хүүхдээ гэртээ харж буй ээжүүдийг цахимаар ажиллаж, орлоготой болох боломжийг "Momade" нэгдэл олгодог байна.
Одоогоор 0-3 насны хүүхэдтэй 150 гаруй ээж хүүхдээ харангаа код бичиж, байгууллагуудын олон нийтийн сүлжээний хаягийг хөгжүүлэх, гэрээт нягтлангаар ажиллах зэргээр зайнаас ажиллаж байна.
Тус нэгдлийг үүсгэн байгуулагч Л.Бадамцэцэг өнөөдөр "Халамжаас хөдөлмөрт" хэлэлцүүлэгт оролцож, дараах байр суурийг илэрхийлэв.
Хатагтай Л.Бадамцэцэг "Ээжүүд гэрээсээ ажиллаж, мөнгө олох хүсэл сонирхол ихтэй. Гэтэл зөвхөн хүүхэд харах гэдэг асуудал дээр гацаж байна.
Энэтхэг улсад ажлын байрны аутсорсинг(Outsourcing)-оор 2021 онд 150 тэрбум ам.долларыг эх орондоо авчирсан байна. Хүн ам ихтэй, гэхдээ Энэтхэг улс хүн амаа цахим бичиг үсэгт тайлах, нэвтрүүлэх бодлогыг хэрэгжүүлснээрээ хэн ч гадаад руу явахгүйгээр, гэртээ гэр бүлийнхэнтэйгээ хамт байхдаа энэ мөнгийг олж байгаа.
Иймд манай БШУЯ, ХНХЯ иргэдээ цахим бичиг үсэгт тайлахад юу хийж байгаа вэ, мөн нэн ядуу 1,500 өрх, орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сургалтууд явуулна гэж байна. Үүнд цахим бичиг үсэгт тайлах сургалтууд бий юу гэдгийг тодруулахыг хүсэж байна.
Та бүхний явуулж буй сургалтуудыг хөндлөнгөөс харахад сурлаа, төгслөө, ажилд орлоо гэхэд орлого нь арай чүү гэж өрхийн хэрэглээгээ залгуулах хэмжээнийх байдаг. Тиймээс сургалтад хамрагдах нь цөөхөн, төгссөн ч ажилд орох нь цөөхөн байдаг болов уу" гэсэн юм.
Иймд тэрбээр бизнес эрхэлж байсан туршлагатай хүмүүсийн зээлийн түүхийг заавал харгалзахгүйгээр тухайн шинэ төсөлд нь итгэж зээл олгодог болох санал илэрхийлсэн.
Түүнчлэн халамж хавтгайраад хөдөлмөр эрхлэхгүй байгаа юм биш, авч буй орлого амьжиргаанд нь хүрэхгүй байгаа болохоор ажлаасаа гарч, хувиараа ажиллах хүмүүс нь илүү олон гэж боддог хэмээв.
Мөн "Олон байгууллага оёх, тариалах гээд янз бүрийн зүйлд сургаад л ирсэн. Тэр сургалтаар хүмүүс борлогдохгүй бүтээгдэхүүн л хийж сурдаг. Гэтэл дэлхийн зах зээл бодох ёстой. Momade дээр цахим бичиг үсэгт тайлахдаа бүүр анхнаас нь бүгдийг заадаг. Гадаад хүмүүстэй хамт нэг баг болоод ажиллаасай гэж хүсдэг. Иймд орон нутагт байгаа хүмүүс сургалтад суугаад сая төгрөгийн цалинтай ажил хийх юм бол сураад яах вэ дээ гэж бодох магадлал бий. Харин сураад төгсвөл төр засгаас дэмжээд олон улсын зах зээлд зарна гэж байна лээ гэж бодвол сурах магадлал ихэснэ" гэсэн юм.