Манай улс “Эх хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг 1997 оноос эхлэн хэд хэдэн үе шаттайгаар хэрэгжүүлсэн байдаг. 

Ингэхдээ улсын төсвөөс жирэмслэлтээс сэргийлэх эм, хэрэгсэлд зарцуулах зардал 2009 онд 85 сая төгрөг байсныг 2014 онд 210 сая төгрөг болгон нэмэгдүүлсэн ч 2015-2018 онд буурч 150 сая төгрөг болсон талаар Засгийн газрын 2017 оны  гуравдугаар сарын 07-ны 78 дугаар тогтоолд дурджээ. Тус тогтоолд дурдсанаар 2017-2021 онд хэрэгжүүлэхэд шаардагдах 33.8 сая төгрөгийг олон улсын байгууллага, гадаад орны төсөл, хөтөлбөрийн хөрөнгөөр хэрэгжүүлнэ гэсэн урьдчилсан тооцооллыг гаргаж байв.

Дээрх төсвийн үзүүлэлтээс харвал Монгол Улсын Засгийн газар жирэмслэлтээс сэргийлэх эм, хэрэгсэлд зарцуулах төсвийг 3-5 дахин багасгахын сацуу олон улсын байгууллагаас авахаар болжээ. Гэтэл НҮБ-ын Хүн амын сангийн санхүүжилт зогссоноос хойш зорилтот бүлэгт үнэгүй олгох ёстой жирэмслэлтээс хамгаалах эм, хэрэгсэлд зарцуулах улсын төсөв ор сураггүй алга болсон асуудлыг бид “Жирэмслэлтээс хамгаалах эм, хэрэгслийн төсвийг “залгичихсан уу?” гэсэн эхний нийтлэлээрээ хөндсөн. Өрхийн эмнэлгүүдийг зорьж, сурвалжлага бэлтгэснийхээ дүнд бид дүүргээс өрхийн эмнэлгүүдэд олгодог байсан жирэмслэлтээс сэргийлэх эм, хэрэгслийн “сүлжээ” тасарч, өрхийн эмнэлгүүд өөрсдийн төсвөөс гаргадаг болсныг ил болгосон. Ингэхдээ үр хөндөлт, хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх чухал үүрэгтэй жирэмслэлтээс хамгаалах эм, хэрэгслийн хүртээмж хангалттай бус, жирэмслэлтээс хамгаалах гурван сарын тариа улсын хэмжээнд тасарсныг эмч нарын яриагаар батлан харуулсан билээ. Энэ удаа дүүргийн эмнэлгүүдээс бэлтгэсэн дараагийн сурвалжлагаа уншигч танд хүргэж байна.

 

“ДҮҮРГИЙН ЭМНЭЛЭГТ САНХҮҮЖИЛТ ИРДЭГГҮЙ УЧИР ӨРХ ХАРИУЦДАГ”

 

Манай сурвалжлах баг хамгийн эхэнд 100 айлын автобусны буудлын хойно байрлах  Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийг зорилоо. Угтах ажилтанд “Зорилтот бүлэгт үнэгүй олгодог жирэмслэлтээс хамгаалах эм, хэрэгсэлтэй холбоотой мэдээлэл авах гэсэн юм” хэмээн учир шалтгаанаа хэлбэл хоёрдугаар давхарт байрлах эмэгтэйчүүдийн эмчтэй уулзахыг зөвлөлөө. Ийн бид  эмэгтэйчүүдийн эмчтэй уулзахад “Хариуцсан мэргэжилтэн нь одоогоор алга. Дүүргийн эмнэлгүүдийг өөрсдийн төсөвдөө суулган жирэмслэлтээс сэргийлэх эм, хэрэгслийг ав гэдэг. Гэвч манай эмнэлэг тусгай төсөв гаргадаггүй. НҮБ-ын Хүн амын сангийн санхүүжилт зогсоод гурван жил болж байна. Үүнээс хойш өрхийн эмнэлгүүдэд жирэмслэлтээс хамгаалах эм, хэрэгслийг олгож байгаа” гэсэн юм. Тэрбээр яг энэ асуудлыг хариуцсан мэргэжилтэн нь биш учир нэр, албан тушаалаа бидэнд хэлэхээс татгалзсан юм.

 

 

Харин Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн төв байр руу очвол “Эрүүл мэндийг дэмжих төв энэ асуудлыг хариуцна” гэв. Тус эмнэлгийн урд байрлах Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийг дэмжих төв гэсэн хаягтай байр руу орлоо. Үүдэндээ “Манай эмнэлэг Эрүүл мэндийг дэмжих төв болсноор Баянзүрх дүүргийн бүх хорооны эрт илрүүлгийг хийж эхэлсэн. Эх урвалж тасарсан тул урьдчилан сэргийлэх үзлэгийн шинжилгээг аравдугаар сарын 17-ноос эхэлж БЗЭМТ-ийн харьяа Дарь-Эх нэгдсэн эмнэлэг дээр авна. 2022 оны есдүгээр сарын 30” гэсэн зарлалын хуудас наажээ.

 

 

Ийн дотогш орж тус төвийн поликлиникийн эрхлэгчээс зорилтот бүлэгт үнэгүй олгодог жирэмслэлтээс хамгаалах эм, хэрэгслийн  түгээлттэй холбоотой мэдээллийг тодруулахаар ирснээ хэлбэл “Сансар 10 дугаар төв буюу салбар амбулатори 1-д Нөхөн үржихүйн тасаг бий. Тэр газраас тодруулаарай” гэв. Ийн бид Баянзүрх дүүргийн эмнэлгийн Сансар 10 дугаар төв хэмээн олон нийт мэдэх Нэгдсэн эмнэлгийн хоёр давхрын 209 тоот өрөөнд байрлах эмэгтэйчүүдийн эмчтэй уулзвал “Манайхаас жирэмслэлтээс хамгаалах эм, хэрэгслийг олгодоггүй. Авах шаардлагатай хүн ирвэл өрхийн эмнэлэг рүүгээ явуулдаг. Охидын спиралыг цөөн тоогоор татдаг. Өмнө нь дүүргээс олгодог байснаа яагаад зогсоосныг Дарь эх төвийн эмч Тунгалаг мэднэ” гэсэн юм. Ийн бид Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн харьяа Дарь-Эх нэгдсэн эмнэлгийн эмч н.Тунгалагтай холбогдвол “Өрхийн эмнэлгүүд санхүүжилтийг нь авчихсан учир өрхөөс жирэмслэлтээс хамгаалах эм, хэрэгслийг олгож байгаа. Дүүрэгт санхүүжилт ирдэггүй. Саяхан судалгаа авсан. Ирэх оноос эдгээр хэрэгслийг дүүргээс олгодог болох хөтөлбөр хэрэгжиж эхлэхээр төлөвлөж байгаа юм билээ” гэсэн хариу өгсөн юм.

 

2013 ОНООС ХОЙШ ЖИРЭМСЛЭЛТЭЭС СЭРГИЙЛЭХ ЭМ, ХЭРЭГСЭЛ ТАСАЛДЖЭЭ

 

Улаанбаатарын төвийн хоёр дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч нар ийм зөрүүтэй хариултыг бидэнд өглөө. Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч “Дүүргийн эмнэлгийг өөрсдийн төсвөөс зорилтот бүлэгт үнэгүй олгох жирэмслэлтээс хамгаалах эм, хэрэгслийг авахыг тушаасан” хэмээн ярьсан бол Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч нар “Дүүрэгт санхүүжилт ирдэггүй учир эм, хэрэгсэл авах шаардлагатай иргэдээ өрхийн эмнэлэг рүүгээ явуулдаг” гэж ярьсан юм. Гэтэл Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв 2019 оны долдугаар сарын 5-нд  жирэмслэхээс сэргийлэх эм, хэрэгсэл татан авах 45 сая 592 мянган төгрөгийн өртөгт  тендер зарласан тухай мэдээлэл tender.gov.mn сайтад ил байна. Энэ нь жирэмслэлтээс сэргийлэх эм, хэрэгсэлд зарцуулах төсвийг эрх мэдэл бүхий хэн нэгэн нь “залгичихсан уу” гэсэн асуултад хариулт эрэхэд хүргэсэн юм.

 

 

Жирэмслэлтээс сэргийлэх эм, хэрэгслийн санхүүжилт буурч, төвөөс ханган нийлүүлэлт удааширсантай холбоотойгоор 2013 оноос хойш эрүүл мэндийн байгууллагуудад жирэмслэлтээс сэргийлэх эм, хэрэгсэл /ЖСЭХ/ нэлээд тасалдах болсон. Эрүүл мэндийн байгууллагуудын тал гаруй хувьд нь захиалга өгснөөс хойш нэг сараас дээш хугацааны дараа ЖСЭХ-ийг ханган нийлүүлдэг” гэж “Монгол Улс дахь гэр бүл төлөвлөлтийн тусламж үйлчилгээний нөхцөл байдлын дүн шинжилгээ-2016”-д дурджээ. Үүнээс хойш зургаан жилийн хугацаа өнгөрсөн ч нөхцөл байдал улам дордож, өрхийн эмнэлгүүдээс өөр газар жирэмслэлтээс сэргийлэх эм, хэрэгслийг олгохоо зогсоожээ.

 

 

Өрхийн эмнэлгүүдийн тухайд төсөвдөө тааруулан 1-1.2 сая төгрөгийг эм, хэрэгсэл авахад зарцуулдаг. Хүмүүс өөрсдөө ирж, сайн дураараа авахгүй бол гэрээр нь очиж тараах гэсэн зохицуулалт байхгүй. Төрийн хайхрамжгүй, хариуцлагагүй энэ үйлдлээс болж хэдэн мянган эх үр хөндүүлж, хэдэн мянган хүүхэд хүсээгүй жирэмслэлтийн золиос болж хайр, халамжаас хол хөндий өсөн бойжиж байгаа бол.  Гэтэл дэлхийн хэмжээнд жирэмслэлтээс сэргийлэх эм, хэрэгсэлд зарцуулсан нэг ам.доллар тутамд эрсдэлтэй жирэмсэн үеийн тусламж, үйлчилгээтэй холбоотой зардлыг 1.47 ам.доллараар бууруулах боломжтой хэмээн үздэг. Тиймээс бид дараагийн нийтлэлээрээ дэлхийн улс орнууд зорилтот бүлэгтээ жирэмслэлтээс сэргийлэх эм, хэрэгслийг хэрхэн олгодог талаарх олон улсын туршлагаас хуваалцах болно.

 

 

 

Б.Должинжав

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин