Нэгдсэн Үндэснийн Байгууллагын Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан Ажлын хэсэг манай улсад энэ сарын 3-14-нд ажилласан.

Энэ хугацаанд хорих ангиудад ажиллаж, нөхцөл байдалтай нь танилцжээ. 

Ажлын хэсгийн ахлагч Элина Штайнерте "Монгол Улсад ял шийтгүүлсэн хоригдлууд ажил хийх бололцоогоор хангагдаж, ажилласан хугацаанаасаа хамаарч шагналын хоног авдаг юм байна. Сайн ажиллаж, дэг журмаа сайн баримталсан бол ял эдэлж буй 30 хоног тутам шагналын 10 хоног өгч байгаа нь сайшаалтай. Улмаар хоригдол жилд 120 хүртэл шагналын хоног хуримтлуулж, биеэр эдлэх ялын хугацааг богиносгох боломжтой. Гэтэл энэ хоногийг сахилгын зөрчил гаргалаа гэж хасах тохиолдол байгаа ба албан ёсны журам байдаггүй. 

Хорих ангиудад мөрддөг хатуу дүрэм гэж байна. Тухайлбал, бүх хорих ангид хоригдол ба хянагч нарын зайг зааглахын тулд ялтны өрөө тус бүрээс нэг метрийн зайд улаан зураас зурсан байна. Энэ улаан зураасыг аюулгүй байдлын зураас гэх бөгөөд хоригдол түүн дээр гишгэж болохгүй, үргэлж хана дагаж явдаг. Шугам давбал шийтгэнэ гэж байнга сануулдаг. Түүнээс гадна улаан шугам дээр гишгэлээ гэж шийтгэх арга болгож ашигладаг гэж олон хоригдол ярьсан. Шийтгэл нь шагналын хоногоос хасах үр дагаварт хүргэдэг" гэв. 

Түүнчлэн тэрбээр Засгийн газарт хандан хоригдлуудыг улаан шугам давлаа гэж шийтгэдэг байдлыг халах, Ажлын хэсгийнхэнтэй ярилцсан хоригдлуудаас хэнийг нь ч хэлмэгдүүлэхгүй байхад анхаарахыг хүсэж буйгаа илэрхийлэв. Мөн улаан шугамыг бүх хорих ангиудаас арилгах нь зүйтэй гэж ажлын хэсгийнхэн үзэж байгаа аж.

Хоригдлуудад долоо хоногт нэг удаа махтай хоол өгдөг

НҮБ-ын Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан Ажлын хэсгийнхэн Монголын хорих ангиуд нөхцөл байдлаа сайжруулахаар чармайлт гаргаж байгаа хэмээн урьдчилсан дүгнэлтээ тэмдэглэжээ. 

Гэхдээ сайжруулах, анхаарах ёстой асуудал байсаар байгааг ч дурдсан байна. Тухайлбал, Ажлын хэсгийнхний очиж танилцсан хорих ангиуд ялтнууддаа долоо хоногт нэг л удаа махтай хоол өгч, бусад өдөр малын гэдэстэй хоол өгч байжээ. Хоригдлуудад өгч буй хоолны тэжээллэг чанар муу байгаад Ажлын хэсгийн санаа зовниж буйгаа урьдчилсан дүгнэлтдээ дурдаад, Хоригдолтой харьцах тухай Нельсон Манделагийн дүрмийн 22 дугаар заалтын хэрэгжилтийг ханган ажиллахыг Засгийн газарт уриалсан байна.