Чингэлтэй дүүрэг 24 цагийн хяналтттай НОГООН бүстэй болжээ
2022/10/21
Олон улсын сайн туршлага, дэвшилтэд технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран нийслэл хотын теле камерын тоог нэмэгдүүлж, ашиглалтыг үр дүнтэй болгох “Аюулгүй хот”-ыг бий болгох зорилтын хүрээнд өнөөгийн нийгэм эдийн засгийн нөхцөл байдалд тохируулан камерын хяналттай “Ногоон бүс” төслийг хэсэгчлэн зохион байгуулсан.
Төслийн хүрээнд эхний ээлжинд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо 1-р дөчин мянгатын нутаг дэвсгэрийн гэмт хэрэг, зөрчлийн статистик мэдээгээр дүүргийн хэмжээнд хулгайлах, халаасны хулгайн гэмт хэргийн 31.7 хувь үйлдэгддэг, өдөртөө Улаанбаатар хотын иргэдийн 60 орчим хувь нь зорчин өнгөрдөг, аж ахуй нэгжийн төвлөрөлт, дэд бүтэц зэрэг хүчин зүйлд тулгуурлан сонгон авч теле камерын хяналтад бүрэн оруулах ажлыг хэрэгжүүлсэн.
Олон улсад хэрэгжиж буй “Green zone” төсөл нь дэлхийн 3 орон буюу Бүгд Найрамдах Солонгос улсын Сөүл хот, Оросын холбооны улсын Москва хот, Англи улсын Лондон хотуудад амжилттай хэрэгжиж, камерийн хяналтаар нийт гэмт хэргийн 45-47 хувийг илрүүлсэн тэргүүн туршлага байгааг үндэслэн Чингэлтэй дүүргийн 1-р хорооны 19.7 га газрын 61 цэгт 145 камер шинээр байршуулах, түүнд шаардагдах төсөв тооцоонд тулгуурлан төр, хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллага, иргэдийн хамтын санхүүжилтын дэмжлэгтэйгээр камер суурилуулах ажлыг зохион байгуулсан.
“Ногоон бүс”-д Монгол Улсын телехяналтын тоног төхөөрөмжийн (MNS6423:2019) стандартыг хангасан 4 мегапиксел бүхий үзүүлэлт бүхий 145 ширхэг камерыг 61 цэгт суурилуулан теле хяналтын нэгдсэн сүлжээнд холбон 24 цагаар цагдаагийн байгууллагаас байнгын хяналт тавин ажиллаж байна.
Телехяналтын нэгдсэн төв нь нийтийн эзэмшлийн гудамж, талбайд суурилуулсан камеруудын дүрсийг нэгтгэж харах зорилго бүхий 25 ширхэг ханан дэлгэц бүхий нэг дор 800 ширхэг камерийн дүрсийг хянах стандартын шаардлагад нийцсэн зориулалтын шал, хана, хөргүүр зэргийг цогцоор нь шийдэгдсэнээрээ онцлог юм.
Улаанбаатар хотод олон улсын жишигт нийцсэн “Ногоон бүс” бүхий хороо анх удаа байгуулагдсан нь иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангасан, тэргүүн туршлага болохуйц ажил болсон.
Цаашид 24 цагийн тасралтгүй ажиллагаа, хяналттай энэ сайн туршлагыг нутагшуулах, хороодод нэвтрүүлэх, хяналтыг өргөжүүлэх зорилгоор бусад дүүрэг бүрт “Ногоон бүс” байгуулах ажилд аж аухйн нэгж байгууллага, иргэдийг уриалж байгаа юм.