С.Баярцогт гишүүдийн асуултад ингэж хариулж байна
2013/04/17
С.Баярцогтыг албан тушаалаас нь чөлөөх асуудлыг хэлэлцэж байгаа. Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “С.Баярцогт та хариулахгүй ч байж болно.
Анх энэ мэдээллийг сонсоход миний сонирхлыг татаагүй. Харин эрэн сурвалжлах сэтгүүлч өөрийнхөө ур чадвараар тэр мэдээллийг олж авах ямар ч боломж байхгүй. Тэрээр ямарваа нэгэн аргаар олж авсан. Ард нь маш том хүчин зүйл байна. Тиймээс таны болон төрийн түшээдүүдийн аюулгүй байдал юу болж таарах вэ” гэсэн юм.
Харин С.Ганбаатар гишүүн: С.Баярцогт гишүүнийг УИХ-ын дэд дарга болгоно гэхэд анх би “хүнддэх” байх гэж хэлж байсан. Гэтэл яаж ийж байгаад дэд дарга болсон. Харин өнөөдөр буулгана гээд ярьж байна. Тэгэхээр Монголд гэмт хэрэг хийсэн хүн шоронд ороод дахиж л хулгай хийхгүй гэж боддоггүй. Харин дараагийн удаа улам илүү боловсронгуй болгоно гэж боддог гэсэн үг байдаг гэсэн битүү утгатай үг хэлээд Оюутолгойн талаарх удаах асуултаа асуусан юм.
С.Баярцогтоос О.Баасанхүү гишүүн “танд гадаадад өөр данс байна уу. Та Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг батлах үеэр хоёр ч хуульд өөрчлөлт оруулж байсан. Энэ талаар тодруулахгүй юу” гэхэд С.Баярцогт “Би АНУ-д хоёр компанид данстай. Оюутан байхдаа нээсэн. Одоо үүнийгээ ч хөрөнгө орлогын мэдүүлэгтээ жил бүр бичсэн байгаа. Оюутолгойн хувьд ганц л зүйл хэлье. Би энэ гэрээгээр Монгол дахь ашгийг 3,5 тэрбум ам.доллараар л нэмэгдүүлсэн гэдгээ хэлмээр байна” гэлээ.
С.Баярцогтыг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг чуулганаар хэлэлцэж байна. Тэгвэл УИХ-ын гишүүдээс Ж.Батзандан удаах асуултаа асуусан юм. Тэрээр “2012 оны наймдугаар сарын 17-нд УИХ-ын тогтоолоор таныг УИХ-ын дэд даргаар сонгосон. Тэр өдөр ийм хариуцлагагүй хүнийг гаргаж болохгүй гэж би хэлж байсан. Гэтэл хэдхэн сарын дараа миний хэлснээр та ажлаа өгч байна. Таван удаа сонгогдохдоо Монголын ард түмэнд үлгэр жишээ үзүүлж байсныг чинь би мэдэхгүй юм байна.
Та эрэн сурвалжлах сэтгүүлчид ярилцлага өгөхдөө “ Би данс нээсэндээ харамсаж байна. Одоо би ажлаа өгнө. Гэр бүлийнхээ төлөө санаа зовж байна” гэсэн байсан. Дансандаа их мөнгөтэй хүн хэзээ ч гэр бүлийнхээ төлөө санаа зовдоггүй юм. УИХ-ын гишүүн хүн гадаадад Хятад гэж бүртгүүлээд данс нээгээд явдаггүй юм. Та УИХ-ын дэд даргаа өгөөд асуудал дуусна гэж бодож байвал эндүүрэл. Тань шиг ийм нөхөдтэй хариуцлага тооцох хэрэгтэй. Ийм авлигач, хулгайчийг бид улс төрөөс зайлуулах ёстой” гэсэн юм.
С.Баярцогт “би гадны хэвлэлд ёс зүйн хариуцлага хүлээнэ. Энэ явдалд аав, ээж хоёрын маань санаа зовох байх гэж ярьсан. Тэд маань хоёулаа хорт хавдартай байгаа” гэлээ.
Чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Баярцогтыг УИХ-ын дэд даргаас чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Л.Цог, С.Ганбаатар, З.Бат-Зандан, Г.Уянга, Ц.Даваасүрэн нар С.Баярцогтыг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь чөлөөлөх асуудлыг хөндөж ярилаа. Тус гишүүд ярихдаа "УИХ-ын дэд даргаас чөлөөлөхөөс цаагуур яригдах ёстой асуудал. Өөрөө сайн дураараар УИХ-ын гишүүнээс татгалзахыг хүсч байна" гэсэн юм. Эдгээр гишүүд мөн түүнийг Оюутолгойн гэрээг ашиггүй хийсэн гэж буруутгаж байгаа юм.
Ж.Энхбаяр гишүүн “С.Баярцогтын асуудлыг УИХ-ын Ёс зүйн дэд хороогоор хэлэлцээд санал дүгнэлт гарган олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Энэ талаар Ёс зүйн дэд хороо юу хийв. Сонирхлын зөрчлийн хуулийн хүрээнд С.Баярцогт гишүүнийг УИХ-ын гишүүнээс нь чөлөөлөх боломжтой юу” гэлээ.
УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга М.Батчимэг “УИХ-ын гишүүнийх нь хувьд Ёс зүйн дэд хороогоор авч үзэх асуудал үргэлжилнэ” гэсэн хариулт өгсөн бол УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Өмнөх парламентаар Сонирхлын зөрчлийг зохицуулах тухай хуулийг хэлэлцэх шатанд УИХ-ын гишүүнийг эргүүлэн татахтай холбоотой заалтыг үндсэнд нь тэр үеийн олонхийн бүлгийн гишүүд авсан. Хуулиа батлуулахын тулд тэгэхээс өөр арга байгаагүй. Дээр нь Үндсэн хуулийн цэцээс УИХ-ын гишүүн нь гэмт хэргийн үйлдэл дээрээ баригдсан бол УИХ-ын гишүүнийх нь бүрэн эрхээс түдгэлзүүлэх асуудлыг тавьж болно гэсэн. Тиймээс С.Баярцогтыг УИХ-ын гишүүнийх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэх боломж хязгаарлагдмал” гэлээ.