1990-ээд оны үед дэлхий дахинд алдаршиж байсан дуучин, рэппер Аарон Картер 34 насандаа өөд болжээ.

Тэрбээр “Backstreet Boys” хамтлагийн гишүүн Ник Картерын дүү байсан юм.

Дуучны цогцсыг Калифорни мужийн Ланкастер дахь гэрийнх нь угаалгын өрөөнөөс Бямба гарагийн өглөө олсон тухай TMZ сайт мэдээлжээ. Сүүлд энэ мэдээллийг Картерын хэвлэлийн төлөөлөгч баталсан байна.

“Яг одоо бидэнд маш хүнд цаг үе ирээд байна. Юу болж өнгөрсөн, үхлийн шалтгаан юу байсныг тогтоохыг хичээж байна” гэж дуучны хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.

Дөнгөж есөн настайдаа анхны цомгоо гаргаж байсан Картер 1990-ээд оны төгсгөл, 2000-аад оны эхээр нийтдээ дөрвөн цомог гаргаж, олон сая хувийг борлуулаад байсан юм.

Ид алдаршиж байхдаа тэрбээр “Backstreet Boys” хамтлаг болон поп од Бритни Спирсийн аялан тоглолтод оролцдог байв.

Насанд хүрснийхээ дараа Картер рэппер болж, Бродвэйн шоу, Америкийн “Ододтой бүжиглэе” шоу зэрэгт оролцож байжээ.

Сүүлийн жилүүдэд түүний амьдрал зовлон бэрхшээлээр дүүрэн байсан юм. Картер 2013 онд олон саяын өрөнд орсны улмаас дампуурлаа зарлаж байв.

Мөн мансууруулах бодис хэрэглэсэн, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зэрэг хэд хэдэн асуудалд холбогдож байжээ.

Энэ оны эхээр тэр хэвлэлд ярихдаа “Би зарим хүмүүсийн төсөөлж байгаагаас өөр хүн болсон. Хэрвээ намайг сүйрсэн галт тэрэгтэй зүйрлэж байгаа бол би аль хэдийнээ олон удаа онхолдож, олон удаа замаасаа гарсан галт тэрэг болсон” гэж байв.

 

Эх сурвалж: BBC