Өнөөдөр өглөө буюу 11 сарын 8-ны өглөө 10 цагийн орчимд Дархан Уул аймгийн "Оюуны ирээдүй" цогцолбор сургуулийн А байрны нэг давхарт /одоогоор тодорхойгүй/ ямар нэгэн хий цацагдсанаас сурагчид болон багш, ажилчид эмнэлэгт хүргэгдсэн талаар тус аймгийн "DBS" телевиз шууд мэдээлж байна. 

Албан бус мэдээллээр хий алдаснаас бус үл таних сурагчид нь нулимс буюу амь боох зориулалттай хий цацсан гэх мэдээлэл гараад буй аж.

Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн захиргаанаас өгч байгаа мэдээллээр “Ямар хий алдсан болохыг тогтоохоор Онцгой, цагдаагийн алба хаагчид ажиллаж байна.

Хий хичээлийн хоёрдугаар цагийн дундуур алдагдаж, газ шиг үнэр гарч хүүхдүүд ханиалгаж эхэлсэн. Багш нар сурагчдын аюулгүй байдлыг хангаж сургуулиас гарахыг зөвлөсөн.

Хүүхдүүд олноор ханиалгаж эхэлсэн даруйд яаралтай түргэн тусламж дуудаж, онцгой байдлын албанд дуудлага өгсөн. Одоогоор урьдчилсан дүгнэлт гараагүй. Эхлээд хүүхдүүдэд яаралтай тусламж үзүүлсэн. Одоо багш, ажилчдад эмнэлгийн байгууллага тусламж үзүүлж байгаа. Сургуулийн захиргааны ажилчид болон эцэг эхчүүдийн төлөөлөл бүгд байна” гэлээ.

103ЭХНИЙ ЭЭЛЖИД ХҮЧИЛТӨРӨГЧИЙГ НӨХӨХ ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА

Яаралтай тусламж авахаар 40 гаруй хүүхэд, 10 орчим багш, ажилчид ирсэн. Эхний ээлжид хүчилтөрөгчийн дутагдалд орсон эсэхийг шалгаж, аппарат шалгаж, шингэж хийж байгаа.

Хордлогод орсон байж болзошгүй, шингэн дутагдсан, ханиалгасан, хүчилтөрөгчийн дутагдалд орсон хүүхдүүд олноор ирсэн. Биеийн байдал нь хүнд, хүндэвтэр хүүхэд байхгүй. Ихэнх нь анхан шатны тусламж шаардлагатай хүүхдүүд ирсэн.

Газ дэлбэрсэн, нулимс асгаруулагч цацсан эсэхийг эмнэлгийн байгууллага тогтоохгүй. Холбогдох албаны хүмүүсийн дүгнэлт гарах хүртэл бид яаралтай тусламж авахаар ирж буй хүмүүст эмнэлгийн үйлчилгээг л үзүүлнэ гэх хариултыг Дархан-Уул аймгийн яаралтай тусламжийн газраас өглөө.

Эмчилгээ эрхэлсэн орлогчийн хэлж байгаагаар хүүхдүүдийн биеийн байдал хэвийн болж байгаа аж. Гэхдээ 11:00 цагаас хойш 50 орчим хүнд анхан шатны тусламж үзүүлсэн гэв.

Албаны дүгнэлт урьдчилсан байдлаар гарахаар сургуулийн захиргаанаас тайлбар хийх юм байна.