УИХ-ын гишүүд машины зогсоолоо “өмчилжээ”
2014/06/04
УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар чуулганы хуралдааны үеэр цалингаа чамласан бол зарим нь УИХ-ын гишүүний бүрэн эрхээ гүйцэд эдэлж чадахгүй байна хэмээн гомдолложээ. Учир нь Төрийн ордны гаднах автомашины зогсоол хүрэлцэхгүй байгаагаас УИХ-ын гишүүд хууль хэлэлцэх цагаасаа хумсалж зогсоол хайн “жижгэрч” байгаагаа УИХ-ын даргын зөвлөлд уламжилсан байна. Тиймээс Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Төрийн ордны гаднах автомашины зогсоолыг цэгцлэхээр шинэ журам боловсруулж байна. Гишүүдийн гомдлын мөрөөр боловсруулсан энэхүү журамд төрийн түшээдийн машиныг хамгийн түрүүнд ногоон гэрлээр зогсоолтой болгохоор тусгажээ. Үүний дараа газар, хэлтсийн дарга нарт зогсоолын зөвшөөрөл олгох ажээ. Ингэхдээ УИХ-ын гишүүдэд байнгын, яам, агентлагийн газрын ажилчдад түр зөвшөөрөл өгөх юм байна. Төрийн ордонд 1000 гаруй хүн ажилладаг. Тэгэхээр газар, хэлтсийн даргаас бусад нь автомашинаа хаана тавих вэ гэдэг асуудал урган гарна. Үүнийг албаныхан бодолцож үзээд нийслэлтэй гэрээ байгуулж Сүхбаатарын талбайн урд ажилчдын үнэгүй зогсоол гаргахаар төлөвлөсөн байна. Нэгэнт журмаа боловсруулж байгаа учраас ажилчдаас автомашины зогсоолын зөвшөөрлийг нь хурааж эхэлсэн гэх мэдээлэл байна. Үүнд ордныхон тун сэтгэл дундуур байгаа аж. “Өмнө нь эв зүйгээ олоод машинаа тавьчихдаг байсан. Одоо заавал албан тушаалаар нь эрэмбэлэх шаардлагатай юм уу” гэж гомдоллох нэгэн ч байна. Ингээд Төрийн ордны баруун жигүүрт УИХ-ын гишүүд, зүүн жигүүрт газар, хэлтсийн дарга нар, харин Сүхбаатарын талбайн урд энгийн ажилчид нь авто машинаа тавьдаг болох нь. Албаныхан ийм агуулгатай журмыг өмнөх парламентын үед батлахаар ярьж байсныг онцолж байгаа ч УИХ-ын гишүүн Б.Болор төрийн түшээ автомашины зогсоол хайж жижгэрч болохгүй хэмээн энэ асуудлыг шуурхайлахыг шаардсан гэх мэдээлэл чих дэлслээ. Төрийн түшээдийн автомашиныг тэргүүн эгнээнд зогсоолтой болгох нь зүйтэй ч жирийн ажилчдынхаа эрх ашгийг хөсөрдүүлж болохгүй болов уу. УИХ-ын гишүүний авдаг хэд нь амьдралд хүрэлцэхгүй байна гэхээр түүнээс бага цалинтай төрийн албан хаагчид яах болж байна. Цалингаас эхлэлтэй түшээдийн гомдол тасрахгүй бололтой. Нөгөөтэйгүүр эрх баригчдын хааж, боох, ангилж, ялгах бодлого Төрийн ордонд хэрэгжиж эхэлсний илрэл энэ биз ээ.
Ингээд Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас боловсруулж байгаа шинэ журмын талаар УИХ-ын Тамгын газрын дарга Д.Болдбаатараас тодрууллаа.
- Төрийн ордны гаднах автомашины зогсоолыг цэгцлэх шинэ журам гаргаж байгаа. Ямар үндэслэлээр ийм журам гаргах болов оо?
-Төрийн ордон баруун, зүүн талд нийтдээ 160 автомашины зогсоолтой. Ордонд ажиллаж байгаа хүмүүс, УИХ-ын гишүүдэд гурван төрлийн байнгын болон түр зөвшөөрлийг Төрийн ордны хамгаалалтын албанаас олгодог юм. Энэ хаврыг хүртэл 160 зогсоолд 700 гаруй зөвшөөрөл олгосон. Саяхнаас энэхүү зөвшөөрлийг цөөлж, 500 болгосон байна лээ. Ер нь нэгнийхээ машиныг хааж, яаруу сандруу ажилтай үед хүндрэл учруулах тохиолдол байнга гардаг. Заримдаа гишүүдэд зогсоол олддоггүй гэх гомдол УИХ-ын даргын зөвлөл, намын бүлгүүд ярьсан юм билээ. Тэгээд намын бүлгээс чиглэл өгөөд Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас журмын төсөл боловсруулж байна. Энэ 160 зогсоолд ямар хүн машинаа тавих вэ гэдгийг илүү тодорхой болгох юм. Манай 76 гишүүн машинаа Төрийн ордны баруун, зүүн талд хаа хамаагүй тавьж байгаа. Тиймээс УИХ-ын Тамгын газраас УИХ-ын гишүүний машиныг тогтсон газар тавих боломжийг хангаж өгөхийг хүсч байгаа. Дээр нь Тамгын газарт ажиллаж байгаа ажилтан албан хаагчдын машиныг зогсоолд тавих эрхийг олгох хүсэлт гаргасан. Төрийн ордонд 1000 гаруй хүн ажилладаг. УИХ данстай 600 гаруй хүн байна. Тэгэхээр зогсоол хүрэлцэхгүй байх нь аргагүй л дээ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрынхан нийслэлийн удирдлагуудтай ярьж Сүхбаатарын талбайн урд төлбөргүйгээр автомашины зогсоол байгуулах гэрээ, хэлцэл хийсэн гэсэн. Нарийн сайн мэдэхгүй байна. Тэгвэл энд багтахгүй байгаа машиныг Сүхбаатарын талбайн урд байрлах зогсоолд тавих зохицуулалт хийнэ. Энэ журмыг гурван Тамгын газрын даргын хамтарсан тушаалаар батлах юм.
-Төрийн ордны гаднах зогсоолд зөвхөн УИХ-ын гишүүн, газар, хэлтсийн дарга нар машинаа тавина гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Улаанбаатарын авто замын түгжрэл зөвхөн нийслэлийнх биш бүх хүний толгойн өвчин болоод байна. Тиймээс хүн бүр хувийн машинаа унахаас илүүтэй нийтийн тээврээр зорчдог байх, унадаг дугуй унах санаачилгыг Монголын залуучуудын холбооноос гаргасныг дэмжиж байгаа. Хүн бүр машин унахаар зогсоол олдохгүй байна. Дээр нь түгжрэл үүсгэж байна шүү дээ. Хол газраас явдаг хүмүүс хувийн машинаа унах байх. Үүнд зохицуулалт хийж өгнө гэж бодож байна. Ер нь цаашдаа дахин төлөвлөлт хийгээд газар доогуур автомашины зогсоол барихаар төлөвлөж байгаа. Тэгвэл энэ асуудал тодорхой хэмжээгээр шийдэгдэнэ. УИХ-д асуудал нь орж байгаа үед заавал газар, хэлтсийн бүх дарга нар нь ирээд байх шаардлагагүй. Дээр нь түр зөвшөөрөлтэй мөртлөө өдөржин орж ирээд зогсчихоод байна гэсэн гомдлыг Төрийн ордны хамгаалалтынхан байнга хэлдэг. Эндээс харахад зохицуулалт хийх зайлшгүй шаардлага байгаа юм.
-Энэ журмыг хэзээ боловсруулж дуусах вэ?
-Одоогоор санал авах төвшинд явж байгаа. Хараахан дуусаагүй байгаа.
-УИХ-ын гишүүд байнгын зогсоолтой болно гэхээр тухайн гишүүн байхгүй үед өөр хэн ч машин тавьж болохгүй гэсэн үг үү?
-Энэ журмыг хараахан батлаагүй. Тиймээс тухайн гишүүн нь байхгүй тохиолдолд яах вэ гэдгийг бодолцох байх л даа. Нэгнийхээ машиныг хааж зогсох асуудал өмнө нь байж л байсан. Анх удаа ярьж байгаа юм биш. Автомашины 160 зогсоолд 700 гаруй машин байрлана гэхээр багтахгүй байгаа юм. Бүгдээрээ зөвшөөрөлтэй учраас машинаа зогсоолд тавих гэж зүтгэнэ. Манай тамгын газарт гэхэд зайлшгүй зөвшөөрөл авах хэрэгтэй хүмүүс байдаг хүсэлт гаргахаар өгдөггүй. Тэгэхээр энэ асуудлыг уян хатан, наанатай, цаанатай шийдэх шаардлагатай байна. Хамгийн түрүүнд УИХ-ын гишүүн болон Тамгын газрын хэвийн үйл ажиллагааг алдагдахгүйгээр үүнийг шийдвэрлээч гэсэн хүсэлтийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт тавьсан.
Zochin · 2014/06/08
Niitiin Teeber gej ynaa bgaa terendee cyy