Брюс Лигийн үхлийн шалтгаан хэт их ус ууснаас гэж үзжээ
2022/11/23
Хонконгийн кино од Брюс Лигийн үхлийн шалтгааныг шинээр тайлбарласан судалгааны тайлан өчигдөр нийтлэгджээ.
Тулааны урлагийн мастер тэрбээр 1973 оны долдугаар сард нас барахад шалтгааныг нь тархины хаван гэж эмч нар дүгнэж байв.
Тэгвэл “Clinical Kidney Journal” анагаах ухааны сэтгүүлийн арван хоёрдугаар сарын дугаарт нийтлэгдсэн тайланд Брюс Ли биеийнхээ шингээж чадахаас илүү их ус уусан нь үхлийн шалтгаан болсон гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл үхлийн шалтгааныг нь гипонатриеми гэж дүгнэсэн байна.
Энэ нь биед агуулагдах усны хэмжээ хэт ихэссэнээс цусан дахь натрийн хэмжээ эрс буурч, хэтэрсэн усыг шээсээр хурдтай гадагшлах боломжийг хаахад үүсдэг эмгэг ажээ.
Нас барахдаа 32 настай байсан Брюс Ли тухайн үед согтууруулах ундаа их хэрэглэж, жимсний шүүсээр голдуу хооллодог байсан, бас марихуан хэрэглэж, тулааны урлагаар хичээллэхдээ бөөрөө гэмтээж байсан зэрэг нь гипонатриеми үүсэх нөхцөл болсныг судлаачид дүгнэсэн байна.
“Бид Брюс Лиг бөөрний эмгэгийн нэг хэлбэр буюу усны гомеостазыг хадгалахад хэрэгтэй хангалттай хэмжээний шингэнийг ялгаруулах чадваргүй болсны улмаас нас барсан гэж дүгнэж байна. Хэтрүүлж уусан ус нь шээсээр ялгарах устай зохих харьцаатай хэмжээнд байж чадаагүйгээс гипонатриеми, тархины хаван үүсгэж, хэдхэн цагийн дотор үхэлд хүргэсэн байж болзошгүй. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн 40 хүртэл хувьд гипонатриеми илэрдэг бөгөөд залуу, эрүүл хүмүүс ч ус хэтрүүлэн хэрэглэсний улмаас амиа алдах боломжтойг харгалзан үзвэл хэт их ус уух нь эрүүл мэндэд эрсдэлтэй гэсэн ойлголтыг нийтэд түгээх шаардлагатай нь харагдаж байна” гэж Испанийн нийслэл Мадрид хот дахь Автономийн Их сургуулийн эрдэмтэд дүгнэлтдээ бичжээ.
Брюс Ли нь “ус бол миний найз” гэх алдарт үгээ хэлж байсныг эрдэмтэд бас дүгнэлтдээ дурдсан байна.
Кино одын үхлийн талаар янз бүрийн онол хүмүүсийн дунд яригдсаар ирсэн түүхтэй. Тухайлбал зүрхний шигдээс, хордлого, триадын гангстеруудын аллага гэх зэрэг.
Брюс Лигийн хүү Брэндон 1993 онд “The Crow” киноны зураг авалтын үеэр нас барахад тэдний гэр бүл ямар нэг хараалд өртсөн гэх яриа хүртэл тарж байжээ.
Эх сурвалж: Tribunal News Service
Зочин · 2023/09/14
S AWI80955877
Зочин · 2023/09/14
34 45DEESH XUNTEI80955877