Жагсаал цуглааныг улам гааруулж ээлжит бус сонгууль руу залах болов уу
2022/12/07
Улс төр бужигнаантай, ард түмний уур бухимдал ноцсон өдрүүд үргэлжилж байна. Ил харагдаж байгаа сэдэв нь нүүрсний хулгайн асуудал. Үйл явдлын эргэн тойрондохыг судлаачид өөр өөрсдийнхөө өнцгөөр харж, тайлбарлах юм билээ. Улс төр талдаа ямар нөхцөл байдал үүссэнийг авч үзье л дээ.
Ардын нам үнэмлэхүй олонхоороо төрийн эрхэд гарсан. УИХ-д 62 суудалтай эрх баригчид бүрэн хүчээрээ ажиллаж байгаа. Тэгвэл сөрөг хүчин болох Ардчилсан намын хувьд 11-үүлээ байна. Тэд өнгөрсөн сонгуулиас хойш дотроо учраа олохгүй, эв түнжин муутай байсаар өдий хүрэв. Ардчилсан нам 2023 оны арванхоёрдугаар сард буюу парламентын сонгууль болохоос хагас жилийн өмнө эв цавандаа орно гэсэн төлөвлөгөөтэй байгаа байх. Тэр үед сонгуулийн хууль гарчихна, тэр үед л эвлэрсэн гэдэг жүжгээ яаж хийх үү гээд тайван хийнэ хэмээн ирэх жилийг хүлээж буй биз. Иймд сонгуулийн хууль гармагц нам доторх асуудал хэн нь хаана очих, байх гэсэн асуудлууд бүрэн цэгцэрнэ гэсэн тооцоолол Ардчилсан намынханд бий. Харин одоо хаа хаанаа жүжиг тавьж, хувийн тоглолт хийгээд л явж байна. “Фракцгүй нам боллоо” хэмээн эрх барьж байх үедээ зарлаж байсан Ардчилсан намын лидерүүд өнөөдөр таван тийшээ хараад хэвтчихсэн нь худлаа биш. Намаа эвлүүлье, аваръя гэдэг уриалга тал талаас гардаг ч яг нэгдье гэхээр ганц ч алхам урагшилдаггүй. Засгийн эрхийг бариагүй учраас намын дарга болох сонирхол хэн хэнд нь байхгүй. Нэгэнт л эрх мэдэл, мөнгөний авдар дээр сууж чадаагүй юм чинь намын дарга болбол санхүүгийн гарз гээд хойш гэдийдэг. Харин өөрсдийгөө дарга гэгчид нь зардал багатайхан шиг л намаа үлгэн салган чирч явахаас яахав гэсэн янзтай байна.
Ардын намын хувьд ирэх 2024 оны сонгууль амь тэмцсэн тулааны талбар болно. УИХ-д ноёлсон суудлууд нь хуу цөөрнө гэдгийг өөрсдөө ч сайн мэдэж байгаа. Төсөөлснөөс ч муу үр дүн үзүүлж, ялагдаж магадгүй гэсэн айдастайгаа нүүр тулсан. Тэдний засгийн эрхэд гарсан цагаас эхлэн үнийн өсөлт, эдийн Засгийн хямрал нүүрлэж, иргэдийн амьдралын чанар эрс муудсан. Тиймдээ ч ард түмэн өөрсдийг нь цусгүй алчихна даа гэж бодож байгаа. Үнэндээ хойно дайнтай, урд тахал өвчинтэй энэ хэвээр байх юм бол 2024 онд ард түмэн бүр ч ядарна. Сонгууль болтол ганц ч гэгээтэй юм харагдахгүй л байна. Ер нь дайн дуусч, тахал өвчин арилж байж сайхан цаг ирнэ. Тэр цагт ард түмний амьдрал сайжрах нь туйлын үнэн юм.
Жагсаал цуглаан ширүүсэх маягтай боллоо. Энэ бол гэнэтийн үйл явдал биш. Эрх баригчид бүгдийг нь тооцоолж мэдэж эхлүүлсэн үйл явдал. Яагаад гэвэл тэд нүүрсний хулгайг зарласан. Сонгууль хүртэл нууж болохгүй гээд нийтэд ил болгосон нь тод уншигдаж байгаа. Даравч далдайна, булавч бултайна гэгчээр сонгуулийн өмнө илрэх л байсан асуудал. Тэр цагт Ардын намд цохилт нь бүр ч хүнд ирнэ. Нүүрсний хулгайг одоо зарладгийн цаад шалтгаан нь энэ цохилтыг сааруулахад байгаа юм. Тиймдээ ч намын дарга нь асуудлыг зоригтой гаргаж тавьж, өндрийг нь авахуулж чадлаа. Мань эр цаана нь гарахад юу тулж ирнэ гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Өнгөц харахад, нүүрсний хулгайтай тэмцэхийн тулд ард түмнээсээ дэмжлэг авч байгаа мэт үйл явдал өрнөж байна. Сценарийн дагуу жагсагчдын шаардлагаар Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар өчигдөр нүүрс, тээвэр, төмөр замтай холбоотой нийт 10 эрүүгийн хэрэг шалгагдаж байгаа талаар мэдээлэв. Хэн, хэн холбогдсоныг нь хүртэл нэртэй устай нь зарлаж орхилоо. Дараагаар нь нүүрсний хулгайн асуудлаар иргэдийн оролцоотой нээлттэй сонсгол хийнэ гэж УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдэв. Гэтэл муу эр дайнд хөөрнө гэгчээр нэр бүхий улстөрчид жагсаалаар тодрох гэж зүтгэж байгаа харагдах юм. Хүн олноор бужигнасан газар попуудад том боломж байдаг. С.Ганбаатар, Х.Доржханд нар талбай дээр гарангуутаа нүүрсний хулгайн эзэд бол “Голомт”, “АПУ”, “MCS” гэж цоллов. Тэд жагсаал удирдах гэж сүгсэлзэж байгаад улсаа түймэрдэж орхих вий дээ.
Мэдээж энэ жагсаалын цаана улс төрийн ямар нарийн тактик яваа нь тодорхой. Улс төрийн хүрээнийхэн болон судлаачдын дунд янз бүрийн таамаг яригдаж байна. Биелэх, биелэхгүйг нь үнэндээ хэлж мэдэхгүй юм. Гэхдээ хамгийн бодит үнэнтэй ойр хувилбар гэвэл нүүрсний хулгайгаар өрдөж, УИХ-ын сонгуулийг наашлуулах гэсэн төлөвлөгөөг эрх баригчид боловсруулсан гэх. Ээлжит бус сонгуулийн угтвар нөхцөл жагсаал цуглаан маягаар тавигдлаа гэж улс төр судлаачид үзэж байна.
Хэрэв энэ үнэн бол 2024 онд ард түмний амьдрал улам ядуурч, Ардын нам суудалгүй хоцрох болгоомжлол байх шиг. Иймд ээлжит бус сонгууль зарлаж, 2023 онд явуулчихвал ядахдаа одоо байгаа 62 суудлынхаа талыг нь хадгалж үлдэнэ гэсэн тактиктай байгаа бололтой. Энэ прогноз ортой байхыг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл сонгуулийн эргэлт эрх баригчдад гэнэтийн цохилт болно. Тиймээс жагсаалыг улам дэвэргэх сонирхол их байгаа байх. Одоо УИХ-ын гишүүдийн 30 хувь нь нүүрсний хулгайчаар цоллогдоно. Ийм хулгайч гишүүдтэй цаашид хууль тогтоож, улсаа авч явахын аргагүй боллоо хэмээн ард түмнээсээ уучлалт хүсч тэднийг төрхөмд нь буцаалаа гээд ээлжит бус сонгуулиа зарлах байх.
Увайгүй улсуудыг дахиж нэр дэвшүүлэхгүй, намаас хөөж улс төрийн шийтгэл оногдуулсан гэж ард түмнийг тайвшруулна. Тэдний хулгай зэлгий хийсэн эрүүгийн шийтгэлийг нь цагдаа, прокурор амсуулна, ийм асуудлыг улс төрийн нам мэддэггүй гэж өөрсдөөсөө зайлуулах биз. Ингэж цэвэрхэн мултарч чадвал Ардын нам олонхоо байг гэхэд 50 суудал авна гэж тооцож байх шиг байна. Харин Ардчилсан нам ирэх жилийн арванхоёрдугаар сар хүртэл хүлээлтийн байдалтай байгаа учраас нэгдэх ямар ч бэлтгэлгүй байгаа. Тэд сонгуулийн өмнө механик нэгдэл хүчээр хийнэ. Ингэснээр амжилт олохгүй нь тодорхой. Арваад суудлаа дөнгөн данган зулгаах болов уу.
Улс төрд гэнэдүүлсэн юм болж магадгүй гэсэн ийм прогноз байна. Судлаачдын дэвшүүлж байгаа таамаг болохоор үнэн байх албагүй л дээ. Гэхдээ ард түмэн болон сөрөг хүчин эрх баригчдын огцом шийдэлд бэлтгэлтэй, бодолтой байх хэрэгтэй. Яагаад гэвэл Л.Оюун-Эрдэнийн толгой айхавтар ажилладаг. Саяын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг яг ингэж гэнэдүүлж хийсэн шүү дээ. Тэгэхээр цаашид улс төрд юу ч болж мэдэхээр байна. Жагсаалаа удирдаж чадахгүй хяналтаасаа алдвал юу ч болж мэдэх юм. Жагсаал ерөнхийдөө захиалагат байж мэдэх юм гэсэн хардалт байгаа ч дарвисан ард түмэн хаашаа ч холбирч болно.
Зочин · 2022/12/08
Удахгүй болох 24 оны ИХ-ын сонгуульд намуудын мөрийн хөтөлбөрийг үнэлэхдээ ОУ-д өр тавихгүй энэ өрөөс төлж эхлэх улс төрийн нам түүний гүшүүдийг сонгоцгоое ард түмээн бид ирээдүйд эх ороноо алдаж магадгүй
Zochin · 2022/12/07
Barag ter n deer dee..
DR. PRADHAN · 2022/12/07
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад [email protected] хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: [email protected] Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Бат инженер · 2022/12/07
Яагаад ийм болов Монгол минь 1. Соц-ыг засаад кап байгуулах гэсэн гэнэн санаа, 2. 1990 онд коммунист намаа хориглоогүйн гай, 3. нийгмийн оюун санааны гажуудал, нүүдэлчин сэтгэлгээ, 4. үйлдвэрлэийн суурь байгүйгээс 2 хөршийн хараат байдалд орсон .... гм