Жагсагчид заавал ялах ёстой...
2022/12/13
Хөхөө өвлийн хүйтэнд
Хөлдсөн пилтаан дээр зогсоод
Халуун зүрхээ булиглуулан
Хариуцлага нэхэн тэмцэх залуучуудаа...
Суух байх газраа олохгүй
Сэтгэл түгшин өрөөндөө холхиод Салганасан гараараа утсаа маажиж
Хорссон нүдээрээ жагсагчдыг үзэх нүүрсний хулгайч нараа...
Эцэг өвгөдийн цусаараа хамгаалж, амиараа дархалсан, эх орончдын ясаараа түшиж, эрдэмтэн мэргэдийн тархиараа тамгалсан, энэ сайхан орныхоо ирээдүйг хамгаалан, Эзэн Чингис хааныхаа өмнө хуран цугларсан Монголчуудаа...
Та бүхнийг дэлхий харж байна. Алаг дэлхийгээр тарсан ах дүү нар чинь харж байна. Үсэрсэн цус, тасарсан мах, эмтэрсэн яс, эх дэлхийгээр тархсан элэг нэгт Монголчууд чинь харж байна.
Солонгост ажиллаж буй залуу ажлынхаа чөлөөгөөр чимээ чагнана. Америкт амьдарч буй бүсгүй нойроо хугаслан ажиглана. Европын хаа нэгтээ нэгэн Монгол нулимастай нүдээр та нарын лайвыг үзнэ.
Баруун хязгаараас казак өвгөн каз чанаад хотын унаанд суулаа. Баянхошуунаас нэгэн эмэгтэй халуун савтай цай торонд хийгээд талбай руу явахаар дээлээ өмсөж байна. Дорнодын буриад анд явахдаа өмсдөг дахаа аваад автобусанд суулаа. Налайхаас нас тогтсон ах хүү авгайнхаа хийсэн боорцгийг аваад таксигаа асаалаа. Оюутан дүү нар чинь хичээл тарах цагаа хүлээн тэсч ядна. Цайны цагаараа та нар дээр очиж амжилт хүсэхээр ажилчид яарна. Ордон хамгаалах үүрэгтэй ч олонтойгоо хамт шүү гэж харцаараа хэлэх цагдаа нар өмнө чинь зогсож байна.
Хүйтэн агаар залгиж, хоолойгоо сөөтөл орилж зогсоо жагсагчдаа, залуусаа, бүсгүйчүүдээ...
Та нар өдөр, өдрөөр яван чангарч байна. Итгэл, сэтгэл чинь сэргэж, эрч хүч чинь нэмэгдэж байна.
Эх орноо тонон дээрэмдэж, ард түмнээ доромжлон, гутаасан авлигач, нүүрсний хулгайч нараа...
Та нарын гэгээн нарыг ордноос бус торноос харах гэрэл муутай ирээдүй гэрийн чинь хаалгыг тогшиж байна.
Энэ улсын иргэн та эх орноо хумсандаа нүүрстэй хулгайч нараас салгахыг хүсч байна уу. Тэгвэл талбай таниар дутаж байна. Таны зогсох ёстой пилтаа тэнд хоосон байна. Эмсгий хүн шиг онгойж байна. Эх оронч залуус тэнд эсгий дэвсээд хэвтэж байна. Хажууд нь очоод хэвтэхгүй ч халуун үгс чинь хэрэгтэй байна. Харах бие чинь нөмөртэй байна.
Нүүрсний хулгайч таныг ирээгүйд баярлаж байна. Лайк, шэйр, урмын үгтэй сэтгэгдлүүд хөвөрч буй ч яг одоо талбай дээр та өөрөө л хэрэгтэй байна. Цаг, минут, секунд ч хамаагүй. Дайраад өнгөр...
Жагсагчид ялагдвал нүүрсний хулгайчид ялна. Монголчууд ялагдана. Тиймээс жагсагчид заавал ялах ёстой. Тэд ялвал Монголын ард түмэн ялна. Монголын ирээдүй ялна. Үр хүүхдүүд минь ялна. Хуучин оноо хулгайчидтай нь үдэж шинэ оноо шинэхэн ялалтаар угтья...
Ч.Явуу
Шинэ эрин · 2022/12/13
Хөлсний жагсагчид биш харин ЗГ ялна ялж бна