Бодрол нийтлэл

 

Эх оронд, энэ улсад ариун юм гэж байхгүй. Байсан юм уг нь Ардчилал гэх өнгөрүүлсэн гуч гаруйхан жилийн хугацаанд ариун гэх бүхэн дээгүүрээ алхаад, аль хэдийн давж орхисон. Нөгөөх дорнын эрхмсэг оршхуй. Ичиж эмээх, давж болохгүй хэмжээ, хэлж болохгүй үг, халдаж болохгүй хүндэтгэл гэдэг үнэлэмж. Үнэ цэнэ Монголчуудын дунд өнөөдөр бөртийх бөөсний төдий ч үзэгдэхээ байсан. 

 

Хүн бүр, бүх хүн бүрт шүү дээ!!! Ална гэхэд айхаа байж байж орхисон аймшигтай эрээ цээргүй цаг үе дэг ээ. Доромжлохгүй юм гэж Монголчуудад алга!!! Эх түүхээ! үгээгүй дорой, эсвэл тэмбүү, тахалтай. Тэнэг бүдүүлэг байсан гэх. Эх орноо! Ядуу гуйлагчин, мөхнө сөнөнө. Эцэг эхээ! Хөгшин төгцөг, зөнөг тэнэг. Үр хүүхдээ! Гичий нохой, пяз. Хань ижлээ! Янхан банзал гээд л тоочин ангилаж толгой дараалан доромжлон хараана.

 

Бурхан шүтээн! Төр засаг бол бүүр ч дүүрсэн хэрэг. Хаа холын дайны сургаар талцан хэрэлдэж, улаан хөхөөрөө талцаж, улс төр, нийгмийн хальт мөлт харанхуй баримжаатай байж оролцохгүй юм байхгүй. Хамхран эвдрэх, эрх чөлөөндөө хөлчүүрсэн эмзэг үндэстэн болж ээ! Энэ тэгээд эрх чөлөө чинь үү! Энэ тэгээд барууны соёл, өрнө зүгийн хүний эрх гээч нь үү! Нийтийн сүлжээ, хэвлэл мэдээлэл, талбайн жагсаал, гудамж талбай, нийтийн тээвэр, хөлсний такси байж болох орчин бүрээс энэ бүхэн нэвт ханхалах нь гутамшигтай! Бид хэдийнээ тариачин хужаа, тахиачин ивануудынхаа зуун жилийн өмнөхөөс ч оюун ухамсар, хүн чанараар дор орчихсон. Тийм биз! Яагаад гэж бодож байвал үргэлжлүүлээд залхууралгүй унш. Залхуу залхагт чинь зориулаад аль болох товч бичхийг хичээлээ.

 

ХАРААГДСАН БҮТЭН ҮЕ

 

Хараагдсан бүтэн үеийнхэн. Хэнд гээч эцэг эхдээ! Эргэн тойрны элэг нэгт Монголчууддаа! Эргээд бас тэд рүүгээ хараал өргөж суугаа бас хараагчид бас л бид. Мөн л Эцэг эх, үе тэнгийнхэн, үр хүүхэд, төр засаг, эх орон руугаа үг үйлдлийн муухайгаар харааж суугаа хараалчид нь бид өөрсдөө. Бидэнд хош гэм! гээд цээрлэх, нүгэл алдас гээд зогсох хууччуулын нүнжиг хэм хэмжээ байхгүй! Энэ ч арай хэтэрнэ гээд эргэлзэж зогсох ухамсар бүүр ч байхгүй. Шүлс цэр, нус нулимсаа хэн рүү ч цацаж чаддаг эрээгүй мунхаг. Эргэлзэх юмгүй зэрлэгшилтэй эрэмдэг ухамсартай энэ цагийн Монголчууд! Үг хүчтэй биелэнэ гэдэг! Бид тэгвэл өөрснийхөө хувь заяаны хөгжмийг хараалаар хэдийн ээ захиалж орхисон.

 

Одоо бүр үр хүүхдийнхээ ирээдүйн замд ч эрээ цээргүй хараал дэвсэж яваа тэнэг үндэстэн! Биднийг бид л ийм ухамсаргүй тэнэг, ичих мэдрэмжгүй мунхаг, мунаг болгож орхисон энэ нийгэмдээ хараал дээрээ л халтирч унан амьдарсаар дуусахаас яах вэ? Хэн ямар хөгжим захиална тийм аялгуундаа бүжиж амьдардаг гэсэн биз. Тийм бол хараалаар захиалагдсан зэрлэг мунхаг аялгуунд хараал, аллага, хүчирхийлэл, хар тамхи, хулгай луйврын бүжгээ бүжсээр л дуусна. 

 

Энд бурхны сургаал эсвэл амьдралын зүй тогтнол, зөн билэг, өөдрөг совин энэ тэр ярих нь илүүц. Бас өвөг дээдсийн цээр, уламжлалт хүн ухаан, хэм хэмжээ, ёс зүй ярих бүүр ч илүүц учир нь ойлгох хүн өдрийн од шиг болчихсон. Бидний сэтгэлгээ хандлага ийм л болж орхисон гунигт харанхуй орчинд амьдарч байна. Хэн түрүүлж лаа асаан гэрэлтүүлэх вэ гэж биш. Хэний асаасан лааг шүлсдэн доромжилж унтраах вэ гэсэн тэнэглэлийн өрсөлдөөн өнөөдөр өрнөж байна. Ийм л гэрэлтүүлэх лаагаа өрсөлдөн шүлсдэх аугаа ихийн солиорол, мунхаглалын уралдаан дунд үүнийг бичиж байгаа учраас би үүнийг дэндүү сайн мэдэж байгаа хэрэг. Энэ бүхэн хэдийнээс эхлэв гэж үү? Уншаад бай өөрснийгөө өчүүхэн ч гэсэн энэ бичвэрээс олж харна бид

 

ЦЭЭР ХЭДҮЙНЭЭС АРИЛЖ МОНГОЛЧУУД ЦАГААНДАА ГАРАВ

 

Халуун хөнжил сонин гарч хөх дэлэн шүтэж эхэлсэн. Нүгэл Буян сониноор жигшүүрт хэрэг, аллага хүчирхийллийг үйлдэл бүхнээр нь сурталчилж. Орц подвалын тоогоор адгууснаас ч дор авирлах хормойн явдалтай дүрс бичлэг түгж. Эрээ цээргүй аллага, цус нөж, өс хонзон сурталдах барууны соёл түгж эхэлсэн цагаас эхтэй! Цогт тайж кинонд Арслан тайжийн толгой бөмбөрөхөд уулга алддаг. Цогзолмаа гуайг цээж нүцгэлэхэд ичдэг ард түмэн. Барууны бохир соёлын нөлөөгөөр эхээ алж, төрсөн охиноо гишгэж, нэгнээ мөчилж эхэлсэн түүхтэй. Үнэн биз!!!

 

Үүний нөлөөгөөр өвгөдөө зодож, ахсаа алж, эмсээ хүчирхийлж, үрсээ доромжилж эхэлсэн. Бурхдаа худалдаж, төр засгаа хараан зүхэж. Түдэв, Намдаг, Нацагдорж, Явуухулан, Лхагвасүрэнгийн номоор гал асааж, бөгсөө арчиж. Дэлхийн болон Монголын сонгодог зохиол, түүх намтар хөдөө хотгүй хог болсон цагаас эхтэй. Уншдаггүй, боловсордоггүй, ухаж боддоггүй хүн сүргийн бөөгнөрөл үүссэн. Тэд тэнэг болохоор юу ч гэсэн итгэнэ. Суурь мэдлэггүй учраас хаашаа ч савлана. Өнөөдөр нэг зүйлийг тултал үзэн ядна. Маргааш тэр зүйлээ тэнгэрт тултал дагаж савна. Яг л сургуультай ноход. Амьтадын фермийн хуулиар. Одоо ийм тэнэгүүд нь сошиал орон зайд эрээ цээргүй хуцалдаж. Эх захгүй онолдож сүргээрээ улин боргож байна шүү дээ. Ер нь хэрээ мэдэж багцаагаа гадарлах хэм хэмжээ. Ичиж зовно, эрээлхэж цээрлэх мэдрэмжийн булчирхай хүнд л байдаг юм гэсэн. Мөн биз!!! За залхаж байгаа биз тануус! Залгаад уншихаас

 

ТЭНГЭР ҮЗЭЛ БУЮУ ТЭНД ГЭР БИЙ

 

Уг нь Монголчууд дэлхийн номт гурван улсын нэг. (Үүнд Жагарын орон Энэтхэг, Судрын орон Монгол, Сургаал номын орон Төвд) Тэнгэр үзэлт суурь боловсролтой төлөвшлөөрөө ертөнцөд тэргүүлэгч ард түмэн байсан гэдэг. Гэдэг шүү одоо тийм биш!!! Тэгээд тэнэгтээд бид тэнгэр заяатай, номт улс гээд хөөрөөд унав! Энэ бол эргүү тэнэг биднээс өмнөх ээж аавын ном уншдаг үеийн хэлээд байгаа юм. Төгсгөл үе нь гэвэл ядаж, адаглаад л номын сандаа Манан будан, Зүрхний хилэн, Маш нууц, Тунгалаг тамир, Дайн ба Энх, Дөлгөөн Дон, Ж.Неру гээд 20,30 ном бүтэн уншаад халаглаж ирсэн 90 ээд оныг хүртэлх үе. Энэ үе хүртэл бид хуцахаасаа өмнө боддог. Худал үнэнийг эхлэн дэнсэлж үздэг байлаа.

 

Энэ үед ёстой тэнгэр үзэлтэй тэнгэрийн дор үйлдэж болохгүй нүгэл, хэлж болохгүй хараал гэж мэддэг байсан юм шүү. Газраа ядаж гахайн соёогоор хөндөж. Нүүхдээ бууриа цэвэрлэж. Нүцгэлэхдээ тэрлэг нөмөрдөг байлаа. Ховор ургамалыг майхан барьж хөнддөг тэнгэр үзэхээс эмээж. Тэнгэр өршөө гэж уучлал эрдэг. Тэнгэр хаяна гэж цээрлэх хэм хэмжээтэй. Тэнд гэр минь байгаа гэсэн өөрснөө ч мэдэхгүй нууц мэдрэмж, нууц хүндлэл, нууц ёс зүйн хэм хэмжээтэй байсан. Одоо бол алга. 

 

Тийм ч учраас одоо тэнгэрийн зүгт очих хүний тоо ч цөөрөө биз. Тэнд очихгүйгээ мэдсэн тэнэгүүдийн эрээ цээр ч ихсээ биз! Бид тэнгэрт очих хэм хэмжээг давсан нүгэлт үеийнхэн. Үрээ харааж, эцэг эхээ доромжилсон. Элэг нэгтнээ алж хороосон. Эх орноо хаглан бутартал талцсан бидэн шиг ийм малууд тэнгэрт хэрэггүй л дээ. Битгий горьдоорой би ч та ч тэр тэнгэрт очих хувьгүй хараалдаа идэгдсэн тамын харьяатууд юм аа.

 

ТЭНГЭР ХАЯАГҮЙ ТЭР НҮД ДАЛДИРСАН БИЗ

 

Бид улсаараа, удмаараа нэг л өөдлөхгүй нь ээ гэж та бодож байна уу? Тэнгэр биднийг хаячихлаа гээд бусдаас буруу хайж суугаа. Тэнгэр хүртэл буруутай болчихсон тууж яваа. Үнэн шүү бид тэнгэрийг хүртэл буруутгах тийм тэнэг мунхаг шүү дээ! Баялагийн хараал гээд барууныхныг дагаад нэг улс төрч хуцаж байна лээ. Үгүй юм аа! Мунхаг боловсролгүйн хараал юм. Байгаа баялагтаа эзэн суух, өгөөжтэй зарцуулах хуваарилах ухаан дутсан хараал юм. Гадаад дотоод орчин, улс төрийн олон улсын, хууль эрх зүйн нөхцөл байдал. Өөрийн орны эдийн засгийн байршил, бүс нутгийн оролцоо гээд олон шалтгаан дунд учраа олохгүй төөрсөн мухардал юм аа. Ингээд олон юм бичвэл та ч би ч өөрөө учраа ойлгохоо байчих учраас үүнийг орхиё. Хэ хэ. 

 

Харин бид өөрснөө боловсрох хэрэгтэй байна. Үгүй ядаж наад захын эмх цэгцтэй суурь гругозортой болчихмоор байна. Иргэний боловсрол шүү. Юм мэддэг хүн өнөөдрийнх шиг савчдаггүй. Мэдэмхийрч орилон хашигддаггүй. Дүн шинжилгээ хийгээд голчтой дуугаа олон нийтэд хүргэх болов уу? Яагаад уншдаг, задлан дүгнэдэг цөөхөн хүмүүс нь өнөөдөр дуугүй байна гээч. Сохор массаасаа айж байгаа юм. Үнэнийг хэлж бичвэл барьж иднэ. Харааж шүлсдэн. Харлуулна хүчирхийлүүлнэ гээд энэ нийгэмд дугарч зүрхлэхгүй байна.

 

Угаасаа сэхээтнүүд аймхай байдаг. Ийм л учраас ямар ч баримжаа мэдлэггүй балайнууд нь оронд нь гарч ирээд орчлонгоор нэг орилж байна. Ийм л олны цуурайнд улс төр нь ч дагаж хөтлөгдөөд даавуу шиг намирч байгаа нь энэ.  Ард түмэн гэх хөрсөн дээр төр тогтож. Улс төр нь төлөвшин оршдог гэдэг. Манай улс төрийн хөрс нь тэгэхээр бүдүүлэг боловсролгүй бид өөрснөө шүү дээ. Бидэн шиг боловсроогүй, шим шүлтгүй, эрдэс эрдэмгүй хөрсөн дээр ямар төр үүсэж. Ямар улс төр явж байгааг харчих л даа! Үүний буруутан нь тэд биш бид. Ард түмэн бид жигд боловсорч, гэгээрсэн, ёс зүй хэм хэмжээтэй байсан бол?! Ингээд л бодохоор ард түмэн бид илүү их соён гэгээрэх л хэрэгтэй байна. Энэ ч учраас гарч ирж байгаа зарим учир гадарлаад байгаа залуу үе бидний 50, 60, 70, 80-аад оныхныг ад үзээд байгаа юм. (Гэхдээ өмнөх үеэ ээ ад үзсэн залуус та нар бас л ахас ихсээ хүндлэх, тэвчээр туйлбартай байх, уламжлал соёлоо дээдлэх, эх оронч үзэл, айж ичих тал дээр өрөөсгөл байгаагаа бодоорой) Үнэний хувьтай бид өмнөөс нь шийддэг учраас. 

 

Амаараа дүүрэн хараал дуудсан харанхуй бүдүүлэг, овилоггүй маанаг эмээ өвөө нар улс төрждөг учраас. Төрсөн хоёр хүү нь нэвт архичин эмээ хурал дээр залуусын хүмүүжил ярихад огьдог. Шорон оронгоор явсан өвөө энгэртээ Алтангадас шаачихсан сургамж яриад ирэхээр энэ залуус зэвүүцдэг байх. 

 

Шуудхан хэлэхэд Монголчуудыг тэнгэр нь хаяагүй л дээ. Дээрх бүх булай бүхнээс нь тэнгэр хүртэл ичиж далдирсан л хэрэг. Бид тэнгэр ичтэл тийм мунхаг болж орхисонд л хамаг учир байгаа юм. Далдирах төдий ингэж алийгаа алдаж байгаа тэнгэрлэг Монголчуудыг тэнгэр нь хаячихвал яана даа. Аймшигтай биз!

 

ОДОО ТАМЫН ЗҮГТ АЛХААД

 

За ерөнхийдөө ингээд энэ удаа төгсгөе. Илүү бичвэл унших тэвчээр манууст хэн хэнд нь байхгүй л дээ. Ийм учраас өвөө, эмээ нар минь наад хараалаа хамжааргал! Ач зээ шиг охид хөвгүүдийг гичий нохой гээд хараагаад зогсож байх юм! Мэдэхгүй юмандаа тэр тусмаа улс төр, нийгмийн талаар хуцалдах аа боль! Мэддэг болох гэж оролд унш. Чадахгүй бол энэ улсын хувь заяаг дараа үед нь шилжүүлж амаа хамхиад оюун санааны тэтгэвэртээ суу! Зөв сургаал хайрлаж чадахгүй бол зөнөг тэнэгээрээ бүү гай бол. Эцэг эхүүд нь аав ээж шиг бай. Сошиал дүүрэн хэрэлдэж. Салсан нийлснээ өнөөх л бузар хараалаараа хачирлан маанагтах аа зогсоо. Үр хүүхдэдээ үлгэрлэ. Уншиж судал аа. 

 

За хаашдаа л залуучууд та нарт энэ улс эх орон ирнэ. Иймд дахиад л боловсор, хамгийн чухал нь уламжлалт Монгол хүний ёс зүй, нүнжиг, хэм хэмжээг эрхэмлэн хадгалж яв гэж гуйя даа! (Ахмадуудад автобусанд суудал тавьж өгөх албагүй. гэснийг шүүрч аваад хачин сайн хэрэгжүүлдэг нь тийм ч таатай санагдаагүй) Мэддэггүй зүйлдээ хошуу өргөдөггүй ном ч ард түмэн. Мэдэж байж төрөө түшиж түмнээ гэгээрүүлдэг зон олон байсан. Монголчуудынхаа өмнөх нандин эрхэм онцлогийг эргүүлж авч ирээрэй.

 

Хараал нь амны уншлага болсон өмнөх үе чинь тамын орон руугаа цуваад явна. Тэдний амны уншлага болгосон хараалынхаа үгийн шидээр өөрснөө урьдчилан захиалсан сүүлчийн оромж нь тэр. Хараал хар мөртэй. Энэ бол шашин үзэл биш! Олон зуун жилээр амьдралаар батлагдсан зүй тогтол юм. Харин залуус та нар минь Монгол нь Монгол оо хараасан хараалын тойргийг таслаарай! Монгол нь Монгол оо гутаасан! Монгол нь Монголынхоо эв эеийг эвдсэн! Монгол нь Монгол оо барьж идсэн! Ийм цаг үе цааш үргэлжилж огтоос болохгүй! 

 

Одоо энэ Монгол эх оронд чинь та нарт найдахаас өөр арга алга. Ичдэг, Эмээдэг, Цээрлэдэг, Эрхэмлэдэг, Эвлэрдэг бай! Дахин хэлье өмнөх үе чинь харийн нөлөө, хар бохир соёлын дайралтад өртөж. Ална гэхээс айхгүй, ал аа гаргахаас ичихээ байтлаа нэрвэгдсэн. Уншиж судалдаггүй, ухаж ойлгодоггүй. Монгол оо алдсан. Эд шүтсэн мунхаг харанхуй хүн сүрэг болчихсон юм зайлуул. Тэдний нэг нь би мөн билээ. Залуус минь унш гэгээр. Улс орно оо хөгжил дэвшлийн оргил өөд дагуул. Тэнгэрт тэтгэнэ ээ Монголыг. Тэмүүлсээр амьдар Тэнгэр ивээнэ. Тэнд гэр чинь бий.

 

Нийтлэлч  Оросоогийн Түвшиндэмбэрэл