Х.Нямбаатар: Эрээний хилийг нээх бэлтгэл ажлыг 1-р сарын 8-наас эхлүүлнэ
2022/12/27
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар БНХАУ-ын хил нээгдэх талаар болон боомтуудын үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Боомтын сэргэлтийн үндэсний зөвлөл БНХАУ-ын ӨМӨЗО-ны боомтын асуудал хариуцсан даргатай цахим уулзалт хийлээ. Хоёр орны боомтын үйл ажиллагаа зэрэг олон асуудлаар санал солилцсон.
Тухайлбал, төмөр замын хил холболтын асуудал, тэр дундаа Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг 2023 оны нэгдүгээр сард багтаан санхүүжүүлж, гүйцэтгэхээр санал солилцлоо.
ӨМӨЗО-ны боомтын захиргааны баримталж буй боомтод шинжлэх ухаан технологийн ололтыг нэвтрүүлэх, 5G технологийг ашиглаж бараа солилцоог нэмэгдүүлэх саналыг тус улсаас тавилаа. Бид тавьж буй бүх санал хүсэлтийг хүлээн авлаа. Өлзий Цагаан дэл уулын боомтын асуудлаар тус улсаас санал мөн тавьж байна. Хоёр улсын хооронд байгуулсан хэлэлцээрт чармайлт гаргаж ажиллана.
Аюултай ачаа тэсэрч дэлбэрэх бодис нэвтрүүлдэг боомт Замын-Үүд-Эрээний боомт байгаа. Цаашид ӨМӨЗО-ны зүгээс зорчигч ихээр нэвтэрдэг боомтуудаар аюултай ачаа тэсэрч дэлбэрэх бодис нэвтрүүлэх нь зохимжтой биш гэлээ.
Хоёр талын бэлтгэл ажил хангагдсан байдлаас шалтгаалж нэгдүгээр сарын 8-наас эхэлж, зорчигчийн, авто замын боомтуудыг нээх шийдвэр гарсан. Эхний ээлжид Бэлтгэл бүрэн хангагдвал Замын-Үүд-Эрээний боомтыг нээхээр болж байна. Бэлтгэл ажил хангагдаагүй тохиолдолд энэ хугацаа сунгагдаад явна.
Дараа нь Шивээхүрэн, Сэхээ, Ханги-Мандал, Бичигт гэх мэт дарааллаар боомтуудыг нээх бэлтгэл ажлыг хийж байгаа талаар ӨМӨЗО-ны төлөөллүүд илэрхийллээ. Агаарын тээврийн боомтуудыг дурдсан хугацаанаас эхэлж нээхээр төлөвлөж байгааг БНХАУ-ын талаас мэдээлсэн" гэлээ.