2022 он улиран одож, 2023 он гарахад хэдхэн цаг үлдээд байна. 12-р сар гарснаас хойш улс төр, нийгмийн байдал туйлын тогтворгүй болж, 1990 оноос хойшхи түүхэн дэхь хамгийн олон хоног үргэлжилсэн иргэдийн жагсаал төв талбайд боллоо. Жагсаалын зорилго нь "нүүрсний хулгайн эсрэг" гэх авч үнэндээ өдрөөс өдөрт нэмэгдэж буй бараа, бүтээгдэхүүний үнэ, төгрөгийн ханшны уналт болон нөгөө талд төрийн өндөр албан тушаалтнууд, тэдгээрийн хань хамсаатан асар их баяжиж буйгаас улбаатай нийгэм дэхь баян ядуугийн хэт их ялгаа л тэмцлийн гол шалтгаан болж буй нь тодорхой.

Мөн УИХ, Засгийн Газрын легитим чанар үгүй болсон нь илт ажиглагдаж байна. УИХ-ын 2020 оны сонгуулиар нийт сонгогчдын 50 орчим хувийн саналыг л авсан нам парламентын суудлын 90 орчим суудлыг авч буй нь яах аргагүй сонгуулийн тогтолцооны өөрчлөлт хийхийг шаардах шалтгаан болохоос өөр яах билээ.

 

Иймээс иргэдийн тэмцлийг дэмжихээс өөр аргагүй.

 

Гэхдээ бодох зүйл бас байна аа.

Аанай л сэтгэл хөдлөлд хэт автаж, нэг туйлаас нөгөө туйл руу савж туйлширдаг зангаараа "Ерөнхийлөгчийн засаглал тогтоо, НҮБ-д хандана, Хятадаас тусламж гуйж, нүүрсний хулгайн хэргийг шийдүүлнэ" гэх мэтээр ярьж эхлэв. Сүүлийн өдрүүдэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг шинэ жилээр ард түмэндээ хандаж үг хэлвэл бүх нийтээрээ тогоо унтрааж, эсэргүүцлээ илэрхийлье, ер нь энэ жил он солигдох мөчид үг хэлээд хэрэггүй гэх утгатай зүйлс нийгмийн сүлжээгээр хөвөрч, нүүрсний хулгайн эсрэг жагсаалд идэвхтэй оролцогчдын нэг, хошин шогийн жүжигчин У.Цогтоо: "Үзэл бодлоо илэрхийлсэн залуус дээр шар хадны эмнэлэг ирж мэдрэлийг нь үзэж шалгаж билээ. Би хувьдаа нэн даруй энэ 2 хүний сэтгэц мэдрэлийг шалгуулмаар байх юм‼️‼️‼️

Шал худлаа яриа, шал худлаа инээмсэглэл‼️‼️‼️

Дасгаж байгаад 31-ны орой авах нь дээ" гэсэн байх юм. Будаач будаач гэхээр сахлаа будаад байгаа юм биш биз?

 

Ямар нэг тэмдэглэлт баяраар төрийн тэргүүн ард иргэддээ мэндчилгээ дэвшүүлэх нь улс төрийн пиар гэхээсээ илүү тухайн улсын төрийн ёслолын нэг хэлбэр болж тогтжээ. Тухайн ард түмэн тусгаар тогтнол, эрх чөлөөгөө олж, өөрсдийн гэсэн төр улсаа байгуулсных ид бах, бэлгэдэл нь болж, төрийн тэргүүн нь мэндчилгээ дэвшүүлдэг.

 

Бидэнд нэн даруй шийдэх ёстой нийгэм, эдийн засаг, санхүү, улс төрийн асуудал маш их байгаа нь үнэн. Шийдэх ч ёстой. 

Гэхдээ Монголчууд 20-р зуунд эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээх үйл явц амар байгаагүй. Монгол төрийн тэргүүн тэмдэглэлт өдөр, баяраар мэндчилгээ дэвшүүлэх, гадаад улс оронд төрийн дээд хэмжээний айлчлал хийх, дэлхийн том гүрнүүдийн удирдагчидтай улсынхаа туг, далбааны өмнө зогсоод хэлэлцээ хийх зэрэг бол өвөг дээдсийн маань зүүд нойронд нь л биелж мэдэх мөрөөдөл байсан юм аа...

Он солигдох мөчид төрийн тэргүүн үг хэлж, айлчлан ирж буй оныг хамтдаа тоолон угтдаг үйл явдал ч хэдүйн Монголчуудын нэг заншил болж тогтжээ.

 

Иймээс ч тусгаар тогтносон улсын төрийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх та 12-р сарын 31-ний орой заавал үг хэлээрэй!

Улс байна даа, баяраа тэмдэглэе, туурга тусгаар төрөө байгуулж чадсан ард түмэн гэдгээ бахархая.

Тэртээ тэргүй 2023 онд хийх ажил бидэнд их бий...