Дарга нарыг "хазаарлах" хуулийг МАН-ын бүлгийнхэн хэдэн цаг хэрэлдэж байж "тэнцүүлжээ"
2023/01/04
Том дарга нарын эхнэр хүүхэд дарга болохгүй. Том дарга нарын компани төрийн тендерт орохгүй. Том дарга гэдэг нь УИХ-ын гишүүд, сайд, дэд сайд нар юм. Ийм агуулга бүхий хуулиудын өөрчлөлтийг боловсруулж, УИХ-д өргөн барих шийдвэрийг Засгийн газраас 2022 оны сүүлийн долоо хоногт гаргасан. Уг ажлыг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт хариуцуулсан байна.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "...УИХ-ын гишүүн, сайд, дэд сайдаар ажиллаж байгаа хүний хамаарал бүхий этгээд нь төрийн удирдах албан тушаал хашихгүй. УИХ-ын гишүүн, сайд, дэд сайдаар ажиллаж байхдаа өөрийн болон хамаарал бүхий этгээдийнх нь компани тендер, төрийн худалдан авалтад оролцохгүй байх хуулийн өөрчлөлт хийхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэг болгосон.
Үүнтэй холбоотойгоор Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна. Мөн Төрийн албаны тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар эдгээр шаардлагыг хэрэгжүүлнэ" гэж мэдээлсэн.
Тэгвэл энэ хуулийн өөрчлөлтийн зарчмыг УИХ дахь МАН-ын бүлгийн уржигдарын хуралдаанаар хэлэлцжээ. Хаалттай хуралдсан байна. Гишүүд уг хуулийн өөрчлөлтийг таатай хүлээж аваагүй байна. Тиймээс хэрэлдэж, хэлэлцэх байдалтай 5-6 цаг хуралджээ. Гэхдээ эцэст нь санал хураахад бүлгийн гишүүдийн олонх нь "...Дэмжсэн" санал өгчээ.
Ер нь бол, уг хуулийн төслийн агуулгыг өнгөцхөн харахад том дарга нар, тэдний ойрын хамаарал бүхий этгээдүүдийн Үндсэн хуулиар олгогдсон эрхүүдийг хязгаарлаж байгаа мэт үзэгдэнэ. Тэгж ч эсэргүүцэх хандлага байна. Гэхдээ том дарга нар маань өөрсдөө Монгол Улсын бүх иргэдээс илүү тусгай эрх эдэлдэг. Тэр утгаараа энэ нь "...Эх эцэхгүй, тугал турахгүй" хууль болно. Нөгөөтэйгүүр уг хуулийг "Сүүлийн үед иргэдийн шаардаад байгаа шударга ёсонд нийцсэн" гэх тайлбарыг албаныхан өгч байна.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Зочин · 2023/01/04
дарга нарын хмаатангууд нь тэдний муу муухай луйвар тендер хулгай авилгал зүйлүүдийг хийдэг биздээ тэгээд дарга нар нь ар хаалтыг нь хийдэг ийм новшийн улсууд ш дээ