2023 он хувьцааны хөрөнгө оруулагчдад ээлтэй жил болно
2023/01/04
2022 онд манай улсын хөрөнгийн зах зээлд ямар онцлог жил болж өнгөрөв. Мөн 2023 оны өнгийг эдийн засагчид хэрхэн харж байгаа талаар тоймлон хүргэж байна.
Өнгөрсөн онд манай улсын хөрөнгийн зах зээл тийм ч таатай байсангүй. Тодруулбал, топ 20 компанийн индексээс харвал 16 хувийн уналттай байв. Харин АНУ-ын хувьд 19.44 хувийн уналттай байжээ. Үүнээс харахад нийтээрээ хямралтай байжээ гэж тодорхойлж болно.
IPO 2022
2022 онд манай улсын хөрөнгийн зах зээлд хэд хэдэн томоохон үйл явдал болж өнгөрлөө. Банкны шинэчилсэн хуулиар системийн нөлөө бүхий таван банк IPO хийж олон нийтэд нээлттэй компани болох ёстой байв. Тэгвэл 2022 онд Төрийн банк, Голомт банк олон нийтэд нээлттэй банк болсон юм. Харин төрийн өмчит компаниуд нээлттэй болох эхлэлийг Монголын хөрөнгийн бирж эхлүүлэв. Төрийн өмчит "Монголын Хөрөнгийн бирж" компани өнгөрсөн оны арван хоёрдугаар дугаар сарын 26-нд өөрийн эзэмшлийн 34 хувийг хөрөнгийн зах зээлээр дамжуулан олон нийтэд санал болгон, анхдагч зах зээлийн арилжааг эхлүүлсэн. Арилжаагаар хөрөнгө оруулагчдаас 57.8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 7414 захиалга ирж, энэ нь татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн 11.9 тэрбум төгрөгийн дүнгээс 4.8 дахин давсан үзүүлэлт болсон юм.
ТЭГВЭЛ 2023 ОНД МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ ЯМАР БАЙХ БОЛ...
Шинэ онд банкны реформын хүрээнд Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Хасбанк IPO хийж олон нийтэд нээлтэй компани болох үүрэг хүлээсэн. Мөн “Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд” төрийн өмчит 25 аж ахуй нэгж олон нийтэд нээлттэй арилжаалах Засгийн газрын шийдвэр гарсан. Үүн дээр нэмээд хувийн хэвшлийн хэд хэдэн компаниуд ч IPO гаргахаар яригдаж байгаа нь тодорхой болжээ.
Ард секюритиз ҮЦХ хөрөнгө оруулалтын зөвлөх Э.Лхагвасүрэн:
-2022 оны хувьд ОХУ болон Украины нөхцөл байдлын нөлөөгөөр түүхий эдийн ханш өссөн. ОХУ-ын хувьд түүхий эдийн гол эх үүсвэр. Гэтэл олон улсаас ОХУ-н эдийн засгийг зогсонги байдалд оруулснаас болж инфляц өссөн. Үүний нөлөөгөөр манай улсад бензин болон өргөн хэрэглээний барааны үнэ өссөн. Инфляц өссөнөөс үүдэж төв банкууд бодлогын хүүгээ огцом өсгөж 13 хувь болгосон. Харин АНУ-ын банк бодлогын хүүгээ 4.5 хувь болгосон. Ингэснээр инфляц унаж эдийн засаг зогсонги байдалд орсон. Энэ нь хөрөнгийн зах зээлийн унах шалтгаан болсон. Ингэснээр АНУ-ын хөрөнгийн зах зээл 20 хувиар, Монголынх 16 хувиар унасан. Мөн өнгөрсөн жил хөрөнгийн зах зээлд ахиц дэвшил авчирсан нэг үйл явдал бол банк болон төрийн өмчит компаниудын IPO байлаа. Үүнээс үүдэж хөрөнгийн зах зээлийн арилжааны идэвх нэмэгдэж байна. Өмнө нь хүмүүс хадгаламжид мөнгөө хийдэг байсан бол одоо компанийн хувьцаа авдаг болсон байна. Ингэснээр манай эдийн засаг хөгжих боломжтой. Иргэдийн хувьд хөрөнгийн зах зээлд оролцох оролцоо энэ жилд илүү нэмэгдэнэ гэсэн тооцоололтой байна.
Хямралын зах зээл жил гаруй хугацаанд үргэлжилдэг. Одоо уналтын зах зээл ёроол руугаа орж байна. 2023 онд эдийн засаг хямралтай ч хөрөнгө оруулагчдад боломж гарна. Тухайлбал, хямд хувьцаа авах боломж бүрдэнэ. 2022 онд эрчим хүчний салбарын хувьцаа өсөлттэй байсан бол энэ онд технологи, санхүү, аялал жуулчлал, өргөн хэрэглээний бараа буюу хүнсний компанийн хувьцаа авах нь зүйтэй.
Бид хөрөнгө оруулагчдаа багц худалдан авахыг зөвлөдөг. Бүх мөнгөөрөө хувьцаа авахгүй байхыг хэлж байгаа юм. Энэ нь найдвартай хөрөнгө буюу бонд, хадгаламжид байршуул. Харин үлдсэн хувиараа ETF худалдан авах нь эрсдэлгүй байх боломжтой. Койны зах зээл савлагаа ихтэй эрсдэл өндөртэй байдаг. Тиймээс койнд маш бага хөрөнгө оруулах нь зүйтэй. Эрсдэл өндөртэй койноос татгалзах нь зүйтэй. Бондод хөрөнгө оруулах нь зөв.
Инвескор капитал гүйцэтгэх захирал Х.Билгүүн:
-Жил бүр Монголын Хөрөнгийн зах зээл идэвхжиж, хурдацтай хөгжсөөр байгаа. Энэхүү чиг хандлага ирэх онд ч үргэлжлэх нь тодорхой харагдаж байна. Мөн хувьцааны зах зээл маш их хөдөлгөөнтэй, идэвхтэй байх төлөвтэй байна. Бондын зах зээлийн хувьд ч мөн адил хөдөлгөөнтэй жил байх болно. Нэн түрүүнд 2023 онд 2017 оноос хойш арилжаа нь зогсоод байсан 2.2 их наяд төгрөгийн Засгийн газрын үнэт цаас Монголын хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалагдахаар 2023 оны төсвийн хуульд тусгасан. Мөн томоохон хувийн хэвшлийн бондын хөтөлбөр, ХБҮЦ гаргахаар байна.
Дурдалгүй өнгөрч болохгүй маш том үйл явдал нь Монгол FTSE Russell-н хөгжиж буй зах зээл ангилалд ирэх оны ес дүгээр сараас эхлэн албан ёсоор орж буй юм. Ингэснээр FTSE Russell-г чиглэл болгон баримталдаг олон улсын ХОС-гууд, томоохон хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж, гаднын хөрөнгө оруулалт орж ирэх магадлалтай. Харин өөрийн мэддэггүй, сайн судлаагүй салбартаа бусдыг даган дуурайж хөрөнгө оруулах нь ямар ч цаг үед хамгийн эрсдэлтэйд тооцогддог.
Олон нийтийн дунд 2023 онд маш их IPO хийгдэж зах зээл ханах төлөвтэй байгаа учир алдагдал хүлээх эрсдэл өндөр гэсэн ойлголт үүсэж эхлээд байгаа нь анзаарагдсан. Гэхдээ хөрөнгө оруулахаар төлөвлөж буй хэн бүхэн тухайн үнэт цаас гаргагч байгууллагыг судалж, хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний танилцуулга /prospectus/-тай сайтар танилцсаны үндсэн дээр шийдвэрээ гаргаж байхыг зөвлөе. Бондын хувьд эргэн төлөх чадвартай эсэхийг, татан төвлөрүүлсэн хөрөнгөөрөө орлого бүтээх зарцуулалт хийж байгаа эсэхийг нягтлах нь чухал. IPO-н хувьд татан төвлөрүүлсэн хөрөнгөөрөө орлого бүтээх зарцуулалттай, зах зээлд тэлэх боломжтой эсэхийг, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах дүрэм журам, ноогдол ашгийн бодлого, сайн засаглалтай эсэхийг нягтлах нь чухал.
Б.Жавхлан
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин