МАХН-ын дарга Н.Энхбаярын хууль бус хувьчлалын хэрэгт хамсаатан гэгдэх хүмүүсийг Интерполоос дахин эрэн сурвалжилж эхэлсэн байна.

Н.Энхтуяа, туслах Б.Хуяг, НИТХ-ын дарга асан Т.Билэгт нарын зурагтай мэдээллийг интерполын албан ёсны цахим хуудсанд өчигдрөөс байршуулжээ. Авлигатай тэмцэх газраас интерполд Н.Энхбаярын дүү Н.Энхтуяа, туслах Б.Хуяг, НИТХ-ын дарга асан Т.Билэгт нарыг эрэн сурвалжлах хүсэлтийг албан ёсоор илгээж байсан.
 

Өмнө нь Б.Хуяг, Т.Билэгт нарыг эрэн сурвалжлахаа зогсоох хүсэлтийг өнгөрсөн нэгдүгээр сард Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьяан тус байгууллагын Нарийн бичгийн даргад хүсэлт хүргүүлснээр эрж хайх ажлыг түр зогсоогоод байсан билээ. Харин дээрх хүсэлтийг илгээсэн дэд сайд Э.Эрдэнэжамьяанд АТГ-аас албан тушаалаа хэтрүүлсэн гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм. АТГ-аас дээрх сэжигнүүдийг олон улсад эрэн сурвалжилж өгөх хүсэлтийг өнгөрөгч долоо хоногт Интерполд илгээснээр тэднийг дахин эрэн сурвалжилж эхэлжээ.


НИТХ-ын дарга асан Т.Билэгтийг хилийн чанадад гарсан гэдэг ч хаана амьдарч байгаа талаарх мэдээлэл тодорхойгүй хэвээр байгаа.