С.Молор-Эрдэнэ: Иргэдийн улс төрийн боловсрол ярих битгий хэл гишүүдийн улс төрийн боловсролыг ярих болчхоод байна
2023/01/04
“Нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудал Гарц, шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Төрийн ордонд болж байна.
Энэ үеэр сэтгүүлчид хуралд оролцогчдын төлөөлөл болох Философич С.Молор-Эрдэнийн байр суурийг тодрууллаа.
Тэрбээр хэлэхдээ “Манай улс төрийн систем, засаглал, парламент хэтэрхий барууны системийг ойлгосон, ойлгоогүй буулгасан нь их том алдаа. Тэрийгээ одоо бүгд ойлгож байна. Тэгээд төр гацаанд орчихсон, засаглал түгжрэлд орчихсон байна. Гацаанд орсон цаад шалтгаан нь монголчууд нэг том сэдвийг орхиж яваад байсан.
Тэр нь философийн сэдэв юм. Шударга байх, тэгш эрхтэй байх бүгд философиос гаралтай.
Улс төр бол шударга байдал, тэгш эрхэд суурилж явдаг. Монголын ард түмэнд тохирсон шударга ёс, эрх чөлөө гэдэг ойлголтуудыг бид одоо ярих ёстой. Хийх ажил ямар их байна вэ. Одоо бид тэгээс эхэлнэ. Учир нь Монгол Улс тэг цэгтээ ирчихсэн.
Төрд уг нь мундгууд, элитүүд байх ёстой байхад мөнгө тараасан нь гарчхаад байна. Яаж мөнгө тараасан хүнийг дээшээ гаргадаггүй болгох вэ гэдэг үндсэн жижиг асуудлаас эхэлж ажиллах цаг болсон.
Барууны үндсэн хуулийг хагас дутуу орчуулчихсан яваад байгаа. Үндсэн хуулийг чинь ард түмнээс хийдэг юм. Манай улсад иргэдийн улс төрийн боловсрол ярих битгий хэл УИХ-ын гишүүдийн улс төрийн боловсролыг ярих болчхоод байна. Монгол Улс тэг цэгтээ ирсэн. Мөн хуульчдыг ингэж их дээгүүр тавьж болохгүй” гэлээ.