Их, дээд сургуулийн оюутан, МСҮТ-ийн суралцагчид эрүүл мэндийн даатгалд сарын 5,500, жилийн 66,000 төгрөг төлнө
2023/01/06
Цалингийн доод хэмжээ 550,000 төгрөг болсонтой холбогдуулан сайн дурын эрүүл мэндийн даатгалын шимтгэл нэмэгджээ. Их, дээд сургуулийн оюутан, МСҮТ-ийн суралцагчид 19 наснаас эхлэн сайн дурын эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хувиараа төлж эхэлдэг.
Энэ талаар Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газраас тодруулахад "Их, дээд сургуулийн оюутан, МСҮТ-ийн суралцагчид сайн дурын эрүүл мэндийн даатгалыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувьтай тэнцэх мөнгөн дүн буюу сарын 5,500 төгрөг, жилийн 66,000 төгрөг төлөхөөр болсон.
Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх оюутнууд ebarimt системээр дамжуулан тухайн жилийнхээ хувь хэмжээгээр төлж болно. Сайн дурын эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 2019 онд жилийн 38,200 төгрөг, 2020-2022 онд жилийн 50,400 төгрөгөөр нөхөн төлөх боломжтой.
Оюутнууд сайн дурын эрүүл мэндийн даатгалаа цаг тухайд нь төлснөөр "Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газар"-тай гэрээт 2,300 гаруй төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудаас 70-100 хувийн хөнгөлөлттэй үнээр эрүүл мэндийн үйлчилгээ авах бүрэн боломжтой" гэсэн мэдээллийг өглөө.