УБТЗ-ын орлогч дарга С.Батдөлийг саатуулж, 10 гаруй тэрбум төгрөг хураажээ
2023/01/06
УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг 2023.01.06-ний шөнө өөрийн тансаг зэрэглэлийн хаусандаа байхад нь эрүүгийн цагдаагийн албанаас гүйцэтгэх ажиллагаа явуулж баривчилсан байна.
Түүнийг 48 цагийн хугацаанд саатуулах юм байна.
Эх сурвалжаас энэ талаар тодруулахад С.Батдөл нь 2021 онд тус албанд томилогдсон, богино хугацаанд хөрөнгөжсөн албан тушаалтан бөгөөд албан тушаалд томилогдсон цагаасаа эхлэн өөрийн хамаарал бүхий тээврийн компаниудад давуу байдал олгож, их хэмжээний шан харамж авч, нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг байсан байна. Мөн өөрийн болон эхнэрийн нэр дээр нэлээд үл хөдлөх хөрөнгө, үйлчилгээний газрууд, мөн их хэмжээний бэлэн мөнгө, валют хуримтлуулжээ.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар хамаарал бүхий этгээдүүдийн нэр дээр байрлах 5-6 газарт нэгжлэг хийж, 10 гаруй тэрбум төгрөг хураан авч, мөн дээрх этгээдүүдийн гэрээс их хэмжээний зүйлс, тансаг зэрэглэлийн орон сууц үл хөдлөхүүд, худалдах худалдан авах гэрээнүүд гарч ирсэн зэрэг баримтууд гарч, шалгалтыг үргэлжлүүлэн явуулж байна.
Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Урьд шөнө Эрүүгийн цагдаагийн газраас хойшлуулашгүй ажиллагаа явуулж, УБТЗ-ын албан тушаалтан Б гэдэг хүний гэрээс болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс 7.3 тэрбум төгрөгийг хураан авч, иргэн Б-г баривчилсан. Үүнээс гадна дөрөв гаруй тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг олж авсан хэргийг шалгаж байна. Түүний тухайд УБТЗ-д олон жил ажилласан. Одоо ч мөн Тээвэр зохицуулалтын газарт ажилладаг гэх урьдчилсан мэдээлэл байна.
Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төмөр зам болон тусгай зөвшөөрөлтэй газар олголтууд дээр хяналт шалгалт хийж байгаа талаар мэдээлсэн. Мөн Ерөнхий сайд цаашид авлига, албан тушаалын бүхий л хэрэгтэй тэмцэхээ мэдэгдсэн.
Цаашид газар олголт, төрийн худалдан авах ажиллагааны бүхий л хэлтэст авлига, албан тушаалын хууль бус үйлдэл байвал илрүүлж, хариуцлага тооцоно. Гэхдээ мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байх үед дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.
Мөн Ерөнхий сайд өчигдөр нэг зүйлийг нэмж хэлсэн. Тодруулбал, зургадугаар сарын 1-ний дотор төрийн албанд ажиллаж байгаа хэрэглээнээс давсан хэрэглээтэй ажилтнуудыг ажлаа сайн дураар хүлээлгэж өгөхийг уриалсан. Өөрөөр хэлбэл, төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс орлого, хэрэглээ нь хязгаартай байх нь шударга гэж үзсэн" гэв.
шаабар · 2023/01/09
Зөв. Гэхдээ тэдгээр нөхдөөс хөрөнгөө олсон эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй бол хөрөнгийг хурааж улсын орлого болгох нь чухал шүү. Зүгээр халаад өнгөрч болохгүй.
irgen · 2023/01/06
durgui hurgesen jinhene huklgaich bnadaa, ichdegguim bhdaa. odoo yaay gehev, teneg shunal 2 ni iim baidald oruulj dee