Хуучин цирктэй холбоотой яриа байсхийгээд л гардаг. Гэвч олны анхаарлыг тэгтлээ татахгүй. Харин манеж дор хэн нэгний булш бий гэдгийг улам л нууцлаад байх болжээ.

Тиймээс дахин сануулахад илүүдэх юун. Одоогоос арван хэдэн жилийн өмнө Монголын анхны циркийн барилгыг хувьчлах тухай Төрийн өмчийн хорооноос гаргасан  шийдвэр хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байсныг санагалзах хүн цөөнгүй байна. 1997 онд Монголын циркийн ахмадууд уг шийдвэрийг эсэргүүцэж байсан нь учиртай. Алиалагч Цээеэ агсан, жүжигчин Ариунболд, Ганхүү гээд олон хүн уг барилгын түүх намтрыг сөхөж,”хувьчилж болоxгүй” гэдгийг төр засагт анхааруулсан. Тэдний ярьж байсныг эргэн санавал, хуучин циркийн яг дор хэн нэгний булш байгааг мартаж болохгүй гэж бодогдоно.  “Түүх соёлын үнэт дурсгал болсон хуучин циркийн барилгыг Зүүн хүрээнд нэгтгэж “Зүүн хүрээ” цогцолбор байгуулан үлгэр жишээ тохижуулъя” гэж 6 жилийн өмнө Төрийн ордонд болсон нэгэн хурал дээр  эрх мэдэл бүхий  хүмүүс ам уралдан ярьж байсан. Гэвч тэр яриа  одоо таг чиг болжээ. Тэр үед хуучин цирк буюу Эхийн эх дагины дуган  дор хэн гээч эрхэм  нойрсож байгааг дурссан хүн байгаагүй.

1851 онд нийслэл хү­рээнд долоон аймгийн долоон дуган барьж, дараа нь 33 аймгийн 33 дуган барихад энэ дуган байж л байсан. 1903 оноос Дарь-Эхийн дуган буюу Дондог­дуламын дуган хэмээн нэр­лэгдэж  Монгол Улсын түүх, соёлын үнэт зүйлээр бүртгэгдэн өнөөг хүрсэн билээ.  Дарь-Эхийн буюу Дондогдуламын дуганыг 1940-өөд оноос цирк болгон ашиглаж байгаад шинэ цирк баригдангуут тоохоо больсон. Хуучин цирк цагийн эрхэнд хөгширч өнгө зүс гундсан нь өрөвдмөөр. Сумогийн их аварга Д.Дагвадорж  циркийг худалдаж авахад хуучин цирк дагавар хүүхэд шиг дайгдаад явсан. Түүхийн үнэт дурс­гал Дарь-Эхийн сүм маань одоо Циркийн  сургууль нэртэй ч  тал талаасаа сэглэгдээд баар цэнгээний газар, дэлгүүр хоршоо  болсон. Их аварга маань хуучин циркийг нурааж орчин үеийн орд харш сүндэрлүүлнэ  гэсэн чинь  уг газраас үнэтэй бурхан, хэн нэгнийг нууцлан оршуулсан булш,хүний араг яс гарсан гэлцэнэ. Тэгээд учир битүүлэг булшийг хөндөхөөс цэрвээд  Дондогдулам хатных ч юм билүү  гэж айгаад оролдохоо хойшлуулсан гэх яриа одоо ч дуулдана.

Улсын хамгаалал­тад байх ёстой, түүх, соёлын ховор дурсгалт газрын нэг бол яах аргагүй хуучин цирк  шүү дээ. Засгийн газрын шийдвэргүй­гээр хэн ч эзэмших, худалдах, устгах эрхгүй. Гэтэл өнөө хэр хог новш мэт үзэгдэх болсон. Дуганы орчин тойрныг хэдэн жилийн өмнөөс  ухаж сэндийлэн барилга барьж байна хэмээн дураар авирлаж байхад төр засаг өчүүхэн ч  анзаарсангүй. Уг нь өвгөрсөн муу барилга их түүхтэй холбоотой гээд цээжээрээ хамгаалах ёстой байсан ч юм шиг. Циркийн ахмадуудын ярьснаар, 1950-иад оны үед циркийнхэн алиалагчийн болон илбийн үзүүлбэрээ сайжруулах зорилгоор манеж доогуур ухаж хүн явах зам татаж байжээ. Тэгтэл нэг өдөр яалт ч үгүй шарилтай тулгарч ихэд сандарч тэвдсэн гэнэ. Тэр дор нь дарга нартаа хэлж, дарга нар ч доош орж үнэн худлыг шалгажээ. Яах ч аргагүй  хэн нэгнийг нямбайлан оршуулсан булш байна гэдгийг нүдээр үзэж мэдээд Намын төв хороонд яаралтай мэдэгджээ. Төв хорооны бие төлөөлөгч циркчдэд яриа таниулга хийж,булшны талаар ганц үг ганхийж болохгүй гэдэг үүрэг өгсөн байна. Өмнө нь циркийн доогуур ухаж төнхөж байхад алт мөнгөн зоос, тахилын цөгц зэрэг бурхан шашны эд зүйл гарч байсныг тэр үеийнхэн ярьдаг юм билээ. Харин Төв хорооны зүгээс энэ тухай тас нуухыг хүн бүрт хатуу анхааруулсан гэдэг. Тэгээд хэдхэн хоногийн дотор циркчдийн ажлыг зогсоож,нөгөө шарилыг цементлээд хэн ч харсан жирийн нэг хана шиг болгожээ. Өнөөдөр эзэнтэй ч юм шиг эзэнгүй ч юм шиг болсон хуучин цирк ямар гээч нууцыг хадгалан байгааг судлах хэрэгтэйг үүнийг бичигч өмнө нь нэг бус удаа бичиж байсан. Тухайн үед хуучин циркийн дор хэн нойрсож байгааг түүх судлаачид жаахан ч болов сонирхоод өнгөрсөн. Харамсалтай нь,бас л дуугаа хураасан. Булшны нууцыг ил болготол хуучин циркийг хувьчлахгүй гэж байсан Төрийн өмчийн хороо бодлоо өөрчилсөн.

Одоо навсгар цирк хэний мэдэлд байгаа юм бол.  Хуучин муу дуганыг газрын хөрснөөс арчих нь  мөнгөтэй хүмүүст алга урвуулахтай адил биз. Харин дор нь байгаа булш хэнийх вэ, Монголын түүхтэй холбоотой ямар баримтыг өгүүлнэ вэ гэдгийг оройтсон ч гэсэн эргэж харвал дээдийн дээд буян болох бус уу.Чимээгүйхэн нойрсож буй шарилыг дуганаас гаргаасай. Дээр нь битгий барилга бариасай.

Н.Дөл