Ойрад Монгол хэлээр нэгэн үдшийг хамтдаа
2014/06/09
Монгол хэл аялгуу, дуу хуурын айзам хэмнэл, “Жангар”-ын аялгуу түрлэгийг тасалчихгүйн төлөө Халимаг улсын урлаг соёлынхон тэмцэж яваа. Тиймдээ ч Халимаг улсын СГЗ, Төрийн шагналт нэрт хөгжмийн зохиолч Аркадий Манжиев, амьд хөгжмийн “Халимаг” хамтлагийн хамтаар Монголчууддаа амьд шоу тоглолт хийхээр боллоо. Монгол цус судсаар нь гүйж, Монгол гэсэн сэтгэл нь тэднийг нааш нь хөтлөж, урлаг соёлоороо дамжуулан Монголчуудтайгаа илүү ойртож, дотносохыг тэд хүсч “Дээдсийн өлмийд мөргөм үү!” тоглолтыг хийж байгаа ажээ.
Ийнхүү Халимаг улсын урлагийн ертөнцөд өөрийн гэсэн чухал байр суурийг эзэлсэн одод Ойрд Монгол хэлээр олон сайхан уран бүтээлээр та бүхний сонорыг мялаах нь ээ . Тэд элэг нэгт Монгол ахан дүүстээ зориулан хүндэтгэлийн амьд тоглолтоо сарын 10-нд Нийслэлийн Улаанбаатар Чуулгын тайзнаа эхлүүлж, энэ сарын 15-нд Чингисийн талбайд задгай шоу тус тус хийхээр зэхээд байгаа юм. Тоглолтод Халимаг улсын алдарт хөгжмийн зохиолч Аркадий Манжиевийн уран бүтээлийг дуулсан “Чингис хаан” хамтлагийн дуучин МУГЖ Д.Жаргалсайхан, “3 бүдүүн”, Дуучин Бобо зэрэг Монголын хамтлаг дуучид оролцохоос гадна Өвөр Монголын Торгууд дуучин Халин болон Хятад улсын этник язгуур урлагийн “Жалам хар”зэрэг хамтлаг дуучид тус тоглолтонд урилгаар оролцох юм байна. Тоглолтын зохион байгуулагчаар “Jack and Jack” интертайнмэнт, Нийслэлийн Улаанбаатар Чуулга, Цэргийн Дуу Бүжгийн Эрдэмийн Чуулга, Халимаг Монголын соёлын төв зэрэг байгууллагууд хамран ажиллаж байгаа ажээ.