Гарма Гаржүд Үржин Пэрэнлайлин хийдийн хамба лам Д.Тайвансайхан: Насанд ээлтэй, нялхаст ширүүн жил болно

 

сонин mn

-XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх харагчин /усан/ туулай жилийн Хаврын тэргүүн бар сарын шинийн 1-ний өдөр нь 2023 оны хоёрдугаар сарын 21-нд тохиож байна. Туулай жилийн төлвийг шинжилбэл, тун сайхан зөөлөн жил гарч байна. Өвгөд, хөгшид буюу өндөр настанд ээлтэй, залуус буюу дунд суудалтанд энгийн, нялхаст ширүүн жил болно. Энэ жил эрдэмд шамдвал өгөөжтэй. Эд идээ дэлгэрсэн хүмүүнд өвчин зовлонгүй байна.  Хорлол саад тотгор амарлина. Хур ус цагтаа бууж тариа ногоо сайн боловсорно. Төр засаг ард олноо тэтгэх үйл их хийнэ. Хэрүүл тэмцэл намжина. Нийтээрээ засал номоо сайн уншуулж хийлгэвэл санасан бүхэн сэтгэлчлэн бүтнэ. Анхаарах ёстой зүйл нь муу сэтгэлээ дарж мунхаг байдлаасаа салах хэрэгтэй. Хэлний нүглийг сайн бодож ярьж хэлж байх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. 

 

“Жанчивдэчинлэн” хийдийн хамба лам Ж.Шинэндэнцэл: Cap шинээ сайхан угтвал тухайн жилдээ сайн явдаг

 

сонин mn

-Үзэсгэлэн болгогч туулай жилийн өнгийг харвал хотол олноороо элбэг дэлбэг ажил үйлс нь бүтсэн сайхан жил болох шинжтэй байна. Ер нь монголчууд эрт дээр үеэс өрх гэр болгон жил жилийнхээ өнгийг өөрсдөө тодорхойлохын тулд cap шинээ сайхан гаргадаг заншилтай. Тухайн улс орон, айл өрх тус бүрнээ жил жилийн cap шинийн өдрүүдийг бэлгэ дэмбэрэл ерөөлөөр дүүрэн байлгаж тухайн жилдээ сайн сайхан байх өнгийг тодорхойлдог. Мөн туулай жилнээ газрын шим өгөөж сайн. Ой, цэцэрлэгт үр жимс, эмийн шим төгөлдөржинө. Үр тариа, хүнсний ногооны гарц арвин. Үхэр малын сүү арвижих сайн. Мөн монголчууд эрдэм боловсролоо хичээх хэрэгтэй. Өөрөө өөрийгөө хүн болгох, хүн байхын учир шалтгааныг өөрөө олж авах хэрэгтэй. Бид цөөхүүлээ учир хагаралдахгүй бол сайн. Юмтай байя гэвэл байгаа юмаа хямгадах хэрэгтэй. Монголын ард түмэн урт удаан насалж, эв эетэй байж, cap шинэдээ сайхан шинэлэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж байна.

 

"Бусдад туслахуй анагаах ухааны Манба дацан" хийдийн зурхайч Д.Сайнсайхан: Настанд ээлтэй, идээ унд элбэг жил гарч байна

 

сонин mn

 “Үзэсгэлэн болгогч” хэмээх Усан туулай жилийн хувьд зурхайн шүн номлол судар 60 жилийн онцлогоос үзвэл, идээ унд элбэг, өвчин зовлонгүй, бие, сэтгэл амгалан, ихэс дээдэс төрийг ёсчилон тэтгэж, ард иргэд амгалантай, найр наадам элбэг жил гарч байна.

 

Монголчуу  “Рангэг” буюу “өөрийн тотгор”-ыг “жил орох” гэж нэрлэдэг. Туулай жил 2011, 1951 онд төрсөн 13, 73 наснтнуудын хувьд хүү махбодьтой жил байх нь. 13-ны жил ороход хүүхдийн бие өвдөх гээд байдаг. Ингэхдээ зүгээр нэг өвдөх биш, хүнд хэлбэрээр өвдөх, ужиг өвчтэй болсон хүүхдүүд бий. Иймээс 13-тай хүүхэд, 73-тай хөгшдийн бие, эрүүл мэндийг анхаарах хэрэгтэй. Засал нь: Найман гэгээн, Банзрагч, Лхам тахиулна.

 

-Харин 1999, 1939 онд төрсөн 25, 85 настнуудын хувьд нөхөр махбодьтой жил буюу “Жаргал зовлон ээлжилдэг жил”. Энэ нь ажил үйлсэд нь их нөлөөтэй. Би 25-ны жил нь орж байгаа хүмүүсээс “Ажил үйлс бүтэмжтэй юу” гэж асуухаар “Үгүй ч юм шиг. Тэгсэн атлаа бүтэхгүй байна уу гэхээр бүтэх гээд ч байгаа юм шиг” гэж нийтлэг хариулна шүү. Засал нь: Догсом, Цэнд, Доржнамжимын жавтий айлтгуулаарай.

 

-Мөн 1987, 1927 онд төрсөн 37, 97 настнуудын хувьд дайсан махбодтой жил. Хийморь доройтон, бие өвдөх, гарз гарлага гарах гэм буй. Засал нь: Ширнэн, Догсом, Усан балин, Саа-юм, Цэвэгмэдийн чого уншуулна.

 

-1975 онд төрсөн 49 насанд эх махбодьтой жил бөгөөд үүнийг “Сүлд доройтдог жил” гэж нэрлэдэг. Сүлд нь хүний амь настай холбоотой учраас амь насны зэтгэр хөдөлдөг буюу амь насанд хорлол хөнөөл учрах магадлалтай. Тиймээс 49-ний жил дээр хол газар явах, эрсдэлтэй алхам хийхээс зайлсхийж, биеэ энхрийлэх хэрэгтэй. Засал нь: Нити, Хийморийн сан айлтгуулаарай.

 

-1963 онд төрсөн 61 насанд өөрийн махбодтой жил бөгөөд гадны хөнөөл ирэх гэм буй. Засал нь: Ширнэн, Сац талби, Цэвэгмэдийн чого айлтгуулаарай. Эрэгтэй хүн жилээ угтах ширүүн, эмэгтэй хүн жилээ дагах ширүүн учраас дээрх шинжүүдээс ажиглан жил орохын өмнө болон жил орсны дараа жил засал ном, эргэл мөргөл шамдаж анхаарал болгоомжтой байна.

 

Самъяа хийдийн зурхайч лам Д.Батболд: Ургаж буй туулай  жил дөрвөн ногоон мэнгэтэй

 

сонин mn

 

-Зурхайг гаргахдаа газрын салт гэдэг зүйлийг тооцдог. Газрын салт нь дэлхийн бөмбөрцгийн өргөрөгийн шугамыг даваад явж байгаа цаг улирлын тооцоолол юм. Экваторийн шугам руу ойртох тусам дулаахан, хойшлох тусам хүйтэн болдог. Монгол орны хувьд байгаль цаг уурын эрс тэс уур амьсгалтай, хүйтэн сэрүүн бүсэд  ордог. Лам гэгээн монгол зурхайн үндэслэгч Лувсандамбажанцан газрын салтыг зурхайн номондоо тусгасан байдаг. Үүний дагуу  хаврын урь орох  улирлыг тооцоолон гаргадаг. 

 

Хаврын урь орох улирал нь тухайн жилийн эхэн болдог гэж үздэг.  Улирлуудыг шинжихэд зарим нь илүү сартай байдаг. Өнгөрсөн зуны хувьд  илүү сартай байсан учраас энэ жилийн цагаан сар хоёрдугаар сарын сүүлээр  таарч байна. Мөн залуусд дунд хэмээн буужээ. Энэ нь дунд суудалтан буюу төрийн албан хаагч , түшмэдүүд орно. Нялхаст муу байна.

 

Үүнд  ард түмэн багтана. Мөн улс орны хөгжил дэвшил энэ үед саарах юм байна. Дээд албан тушаалын хүмүүст гэм их, хямрал тэмцэл ихтэй, иргэд яруу сандруу байдалтай байна гэж буужээ. Хулгай дээрэм элбэгшиж,  хааны хатуу цааз ирнэ гэжээ. Энэ нь хуулиуд чангарч  доод хүмүүст хатуугаар буух төлөвтэй. Хулгай дээрэм элбэгшинэ гэдэг нь энгийн ард  иргэдийн дунд аж амьдрал нь төдийлөн сайжрахгүй учраас түүнийг дагасан сөрөг нөлөөллүүд их болох байдал ажигладаж байна.

 

-Мөн тухайн жилийг гарагуудаар шинжиж үзсэн байдаг. Нар, сар, дэлхий гурвын хөдөлгөөн байршил, нарны замын 28 од, 12 орд гэж хуваадаг. Тухайн улирал ямар ордонд дэлхийн ертөнц орсон, тэр үеэр ямар одтой учрах вэ гэсэн байдлаар шинждэг. Хаан гараг гэдэг зүйлийг авч үздэг. Энэ нь дэлхий нийтийн нөлөөлөлтэй хамаатай гэсэн үг.

 

Энэ жилийн  хаан гараг ангараг гараг эрхшээнэ гэсэн байна. Ангараг гараг гал махбодтой хүчтэй гараг учраас галын хүч арвжиж хүмүүс хоосрох нигууртай байна. Мөн хулгайчид идэвхжинэ хэмээн буужээ. Зарим газар нутагт ган, гачиг их болно. Энэ гарагийн үрээр шар өвчин элбэгших, хэрүүл тэмцэл их болно.  Орон орны хаадууд улс орноо төдийлөн анхаарч чадахгүй болно гэсэн үр буужээ. Мөн түшмэл гарагийн үр гэж гаргадаг. Түшмэл гараг нь энэ жил сугар гараг эрхшээнэ. Ингэснээр  өвчин эмгэг үгүй, хааны язгуур дэлгэрнэ, хорлол дарагдах ба жуулчилбал өлзий болно хэмээжээ. Худалдаа арилжаа хийвэл эд дэлгэрнэ, биед өвчин үгүй, амгалан жаргалан болно гэсэн үр гарсан байна. Гараг оддын нөлөөлөл нь аль бүсэд илүү болох  вэ гэдгээс шалтгаалдаг. Байгаль дэлхийд ган гачин болж байгаа хэдий ч нөгөө талдаа орон гүрнүүдийн хоорондох худалдааны харилцаа сайжрах үр гарч ирнэ гэсэн байна. Харин энэ жилийн эзэн гараг нь бархасбадь гараг байна. Энэ гараг эрхэс эрхшээснээрээ өргөл, өглөг арвижна. Ном төгөлдөртнүүд алдарыг олно гэжээ. Эрдэм номын ажил хийдэг хүмүүс амжилт олох жил болох юм байна. Ургаж буй туулай  жил дөрвөн ногоон мэнгэтэй. Тиймээс энэ жил дөрвөн ногоон мэнгэтэй хүмүүсийн мэнгэ голлоно. Ингэснээр хий шар, бадганы өвчнүүд арвижиж бие хямрах цусны эргэлт саарах  муу нөлөөлүүд байна. Мэнгэний хувьд эмэгтэй хүмүүст муу нөлөөтэй.  

 

Зурхайч З.Санждорж: Ард түмэн өлсөх цангах зовлонгүй цатгалан, элдэв төрлийн халдварт өвчингүй, бие сэтгэл амгалан байна

 

сонин mn

XVII-жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн ерөнхий төлөв байдал, өнгө төрхийг уламжлалт судар номонд : Усан туулай жил  ард түмэн өлсөх цангах зовлонгүй өег цатгалан, элдэв төрлийн халдварт өвчингүй,  бие сэтгэл нь амгалан жаргалтай сайхан жил болно. Төр засгийн эрх баригч хаад ноёд төрийн хэргийг хууль цаазын дагуу ёсчлон тэтгэж  чадваас түмэн олон ард иргэд аз жаргалтай, баяр цэнгэл, наадмаар бялхаж, дуу хуур, хөгжим эгшиг аялгуу цуурайтсан дэлгэр сайхан жил гарна хэмээн айлдсан ажээ.

Морилон ирж буй XVII жарны усан туулай жилийн хаврын урь  орох өдөр нь 2022 оны хоёрдугаар сарын 04 өдөр тохиосон бөгөөд энэ өдөр нь билигийн тооллын  өвлийн адаг харагчин үхэр сарын шинийн 14- ний харагчин могой өдөр бөгөөд бямба гараг, найман цагаан мэнгэтэй, уул суудалтай өдөр таарч байна. Иймээс энэ өдрөөр XVII жарны  усан туулай жилийн өнгийг уламжлалт зурхайн аргаар тодорхойлвоос:  Энэ жил нийт нутгаар хур тундас ихтэй, өвс ногооны гарц арвин,  өндөр настан , эхэс дээдэст ээлтэй. Идэр залуучуудад  дунд зэрэг, нялхас хүүхэд багачуудад хатуу ширүүн жил болох магадлалтай нь зурхайд бууж байна. Монгол улсын төр засгийн соёрхон батласан уламжлалт Төгс буянт шинэ зурхайн ёсыг баримтлан мөрдөж байгаа  энэ цаг үед бид “Монгол үндэсний цаг тооны бичиг”-т тулгуурлан жил бүрийн Монгол зурхайн цаг тооны бичгийг хэвлэн гаргаж байна. Үүнд Монголын алдарт эрдэмтэн Дамцагдоржийн (1781-1885) төвд хэл дээр  зохиосон “Ертөнцийн сав шимийн байдлын гарал үүслийг товч төдий үзүүлсэн оюуны харангуйг арилгах тодорхой зул” хэмээх  судрыг хавсралт болгон хэвлэсэн нь орчин үеийн одон орны шинжлэх ухаанаар нарийвчилан судалж үзвэл онцгой чухал ач холбогдолтой эх сурвалж бичиг юм. 

 

Тухайлбал уг номын 239-240-р хуудсанд ...Цаг улирлыг өгүүлэх нь хэсэгт:  Замбуу тив,  үүнд галавын эх суурь нь жил байдаг.  Жилийн суурь нь сар, сарын суурь нь хоног мөн бөгөөд жилд бас гэр хоногийн жил, өдөр хоногийн жил, сар хоногийн жил лугаа гурав байна...Амьсгаа сорох, гаргах зургаан нугалбарыг нэг чинлүүр гэнэ.

 

60 чинлүүрийг нэг мөч, 59 мөч дагалт сэлт нь нэг сарын хугацаа, 60 мөч нь өдөр хоног  1-ийн хугацаа, түүний дээр 52 чинлүүр дагалт сэлт нэмсэн хугацаа нь гэр хоног  1-ийн хугацаа болой. Сар хоногоор өдөр хоногийг орлуулж чадахгүйн эрхээр (учраас) өдөр хоног 59-д , сар хоног 60 оддогоор хоёрдугаар сард нэг хоног тутах бөгөөд тэр нь ердийн эрхэнд  үйлдсэн болой.  Сарын хөл аривдах, хомсдохын эрхээр магадгүй болой. Бас сар хоногоор гэр хоногийг орлож  чадахгүйн эрхээр илүү сар гардаг болой... гэжээ. Гэтэл одоо ч одон зүйн шинжлэх ухаанд өдөр тасрах, давхарлах, илүү сар гаргах арга байдаг. Монгол цаг тооны бичгийг зохиохдоо хоногийг дэлхийн эргэх хөдөлгөөний хугацаа 29, 53 хоногоор, жилийг нарны жилийн сартай харьцуулан нарны 76 жил нь  сарны 940 сартай ойролцоогоор тэнцүү буюу 365, 2422*76=27758.7 ба 29,5306*940=27758,4 болохыг харгалзан 353, 354, 355, 383, 384, 385 хоногтойгоор авч мөн бархас бад гарагийн нарыг тойрох хугацаа  12 (11.862) жил, Санчир 30 (29.458) жил болохыг харгалзсан ажээ. Сарны доторх хоногуудыг ялган тоолоход  тэнгэрийн эрхсүүдийн хөдөлгөөнийг ашиглахаас өөр тохиолдол байхгүй тул ургах шингэх хугацаа болон арвидал, хомсдол нь мэдэгдэхүйц ялгаатай байдаг эрхэс нь сар юм.

 

Нарны ургах шингэх цагийн зөрүү нь хоногт 1-3 минутаас хэтрэхгүй ба үзэгдэх байдлын ялгааг энгийн нүдээр бүү хэл орчин цагийн дуран авайгаар ялгахад ч нэн төвөгтэй юм. Иймд Монгол тоололд сарны доторх өдрүүдийг тогтоохдоо юуны урд сарны 2 гол байрлалыг үндэс болгон авчээ. Энэ нь нар , сар, дэлхий гурав нэг хавтгайд (эклиптикт перпендикулар) дээр орших тэр байрлал буюу сарын төгсгөл битүүн (сар огт харагдахгүй), сарын дунд буюу 15 (сар тэргэл байх) болно.

 

Дээр өгүүлсэнээс сарны сар бүхэл бус 29,53 хоног тул тэргэл, битүүн хоёрыг гол болгон тухайн сарыг хувааж түүндээ зохицуулан өдрийг таслах буюу давхарлан тохиолдуулдаг байна. Ингэхдээ сарны тэнгэрийн мандалдах хөдөлгөөнийг харгалзан тооцоолж гүйцэтгэдэг юм. Сарны тэнгэрийн мандалыг тодорхой хуваасан үл хөдлөх одны гэртэй харьцуулан тухайн тохиолдолд сар аль гэрт багтаж байгаагаар нь хоногийг тодорхойлдог ба зарим тохиолдолд сар нэг одны гэрт хоногийн туршид багтаж байрлах нь буй бөгөөд энэ үед өдөр давхарлах, сар одны гэрийг туулж өнгөрч амжих тохиолдолд өдрийн хасах үйлдлийг хийдэг байна.

 

Энэхүү арга нь орчин үеийн аргатай хэрхэн нийцэж буй эсэхийн гол шалгуур нь нар сарны хэртэх үзэгдлүүд юм. 1747-2046 онуудад нар, сарны бүтэн ба хагас хиртэлт нийтдээ 1433 удаа тохиосон буюу тохиох бөгөөд эдгээр нь бүгд Монгол тооллын 30,15нд таарч байгааг судалгаа харуулж байна.

 

Үүнээс өөр аргачилал бүхий дорны орнуудад энэ үзэгдэлийг голлон авдаггүйгээс манайхтай эдгээр өдрүүд нь нэг хоногоор зөрөх нь бий. Илүү сарыг хэдийд гаргах тухай дээр өгүүлсэнээр нарны 76 жил нь 940 сартай тэнцдэг болохыг харгалзан энэ хугацаанд 48 ердийн жил , 28 илүү сартай жилийг тоолдог.

 

Энэхүү арга нь сар- нарны тоолол бүхий  бүх орны хувьд нийтлэг бөгөөд харин хэдийд илүү сараа тооцон гаргах вэ гэдэг нь ёс, ёсоороо өөр өөр байдаг. Монгол, Төвдийн одон зурхайн ёс нь дан ганц сар хэмээх эрхэсийн хөдөлгөөнд  дулдуйдан илүү сарыг гаргадаг бол Нангиадийн шар зурхайд тодорхой саруудыг илүү болгодог журам ёстой буюу шар зурхайн тоолол нь энэ агуулгаараа зарлигаар тогтоосон тоолол болно.

 

Үүнээс гадна гурван мянган ертөнцийн орон хэмээн судлаж байсан нь одоогийн одон орон зүйн шинжлэх ухааны  галактика ертөнцийг судлах ухаантай нийцэж байгаа нь нэн сонирхолтой. Нүүдэлчин Монголчуудын энэ онцлог нь эрт дээр үеэс эхлэн амьдрал ахуй нь  байгаль болон сав шимийн ертөнц нь хоорондоо салшгүй нягт шүтэн барилдлага харилцан холбоотой хэмээн үзэж байгаль дэлхийгээ үе дамжин хайрлан хамгаалж ирсэн түүхтэй. Иймээс уламжлалт монгол зурхайн ном судруудыг хайрлан хамгаалах, судлан шинжлэх нь орчин үеийн одон орон судлалд ихээхэн сонирхолтой судалгааны асар их ач холбогдолтой болох нь тодорхой юм. Буянт өвөг дээдсийн үлдээсэн энэ сайхан орчилон ертөнцийн гайхамшигийн нууцийг оюун төгөлдөр хойч үеийнхэн маань уламжлан авч учирийг тайлах цаг нэгэн буй хэмээн гүнээ итгэмой. 

 

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин