Д.Сумъяа: Дара-Эх бол эгэл жирийн Монгол бүсгүй юм
2013/04/19
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Төвд судлалын эрхлэгч Дара-Эх судлаач, эрдэмтэн зохиолч Д.Сумъяатай ярилцлаа.
-Дара-Эх сэдвээр судалгаа хийх болсоны учир шалтгаан юу байв. Би хувьдаа тохиолдлын зүйл биш гэж бодож байна?
-Миний багш Л.Хүрэлбаатар Дара-Эх судлалыг санал болгосон. Хуучин нийгмийн үед Эртний уран зохиол дундаас шашины үзэл баримтлалтай зохиолууд хаалттай байсан.
1990-ээд онд нийгэм нээлттэй болох үед багш маань "Чи шүлэг зохиол оролддог. Танай нутгийнхан Дара-Эхийг шүтдэг, дээр нь Төвд хэл мэддэг" гээд Дара-Эхийг судал гэсэн. Манай нутгийнхан Увс аймгийн Завхан сумын Дара-Эхэд л очдог.
Цагаан, ногоон Дара-Эх нь бүсгүй хүний төрхөөр шашины номлолыг ард түмэнд хүргэдэг бөгөөд дэлгэрсэн арга хэлбэр нь уран зохиол юм. Эдгээр шүлэглэсэн зохиол ямар утга агуулга хадгалдаг вэ гэдгийг судлахыг зорьсон.
Энэ бүхнийг бусдад таниулах үүднээс судалгаа хийж байна. Дара-Эх бурханы тухай шүлэглэл, домог, хууч яриаг судлахаар тухайн бурханы гоо сайхан, онцлог давуу чанарыг товойлгосон магтаал гэдэг нь илт байдаг юм.
-Өвөг дээдэс Цагаан, ногоон Дара-Эхийг шүтээд нэгэн үе өнгөрлөө. Орчин цагт өвөг дээдсийн шүтээд байсан Дара-Эх гэж хэн бэ гэдгийг сонирхоод байж болох л юм?
-Санал нийлж байна. Бидний судалгаа шинжлэх ухааных. Гандантэгчинлэн хийд энэ тэрд бол Цагаан, Ногоон Дара-Эх уншуул, нас буян арвижна гэж номлодог нь буруу биш.
Шинжлэх ухааны академийн судлаачид "Яагаад ингэж хэлж байна вэ. Учир шалтгаан нь юу вэ" гэдгийг үндэслэлтэйгээр тайлбарлахын тулд судалгаа хийгээд байгаа юм. Ногоон Дара-Эх олон аюулаас хүмүүнийг авардаг, үйлс бүтээдэг, аливаа зүйлийн барцад саадыг арилгадаг гэх итгэл үнэмшлийн утгыг тайлах нь л бидний зорилго.
-Та Дара-Эх судлалтай холбоотой хоёр ч ном бүтээсэн санагдана?
-Дара-Эхийн магтаалыг нээх утга, Монгол Ногоон Дара-Эхийн тууж гэсэн хоёр ном бий. Ногоон Дара-Эхийн rap, суулт, зүүлт чимэг ямар утга агуулга хадгалж, билэгдэл илэрхийлдэг вэ, хүмүүнд ямар тус хүргэдэг вэ гэдгийг энгийнээр тайлбарлаж , ойлгуулахыг зорьсон юм.
"Монгол Ногоон Дара эх " бол эх хүний тухай тууж. Дара-Эх гэдэг зургаан зүйл амьтны эх нь учраас бүх л зовлон, бэрхшээлээс бусдыг авардаг. Тамын амьтан, сайн, муу гэхгүй бүхнийг авардаг учраас Дара-Эх гэж нэрийддэг.
-Тодруулах гэсэн юм. Дара-Эхийн суулт нь, гоо үзэсгэлэн нь ямар утга агуулгатай вэ. Товчхон боловч тайлбар өгөөч гэсэн санаал даа?
-Дара-Эх бол бага зэргийн хөдөлгөөнтэй, хээнцэрлэсэн маягтай, нэг чихээ урагш ялихгүй тавиад, нэг хөлөө жийж, нөгөө хөлөө нугалж , нэг гараа сунгаж, нөгөө гараа зүрхэн дээрээ тавьж суусан байдаг.
Энэ бүхэн нь замбуу тивд хэн зовж зүдэрч байна, түүнд тусална. Тус хүргэхгүй үлдээх вий гэсэн утга санааг агуулсан байдаг. Хэн юу хүснэ, биелүүлнэ, хэн зовно түүнийг гэтэлгэнэ гэдэг.
-Монгол түмний дунд Дара-Эхийг шүтэх нь элбэг байдаг. Учир шалтгаан нь юу вэ?
-Дара-Эх бурхан ард түмний дунд шүтлэгийн хүрээгээ тэлсэний учир шалтгаан гэж бий. Цөвүүн цаг тохион бусад бурхан хүмүүн төрөлхтнөөс нүүрээ буруулахад ганцхан Дара-Эх бурхан хүмүүн, амьтны тусын тулд үлддэг тангарагтай.
Дара-Эх бурхан "Ертөнцийг хоосрох хүртэл амьтан, хүмүүнийг ялгахгүй бүсгүй хүний төрхөөр буян бүтээнэ" гэж тангарагласан байдаг. Ийм тангарагтай учраас шүтлэгийн хүрээгээ тэлсэн. Хүү нь сайд ч, хулгайч ч , алуурчин байсан ч ээждээ нялх үр хэвээрээ байдагтай ижилхэн.
Эхийн сэтгэл хүүхдээсээ урвадаггүй. Дара-Эх бурхан ижийтэй л ижилхэн. Дара-Эх бурханыг Санскритаар Тара, Төвдөөр Дулмаа, Монголоор Гэтэлгэгч-Эх гэдэг. Эл бурхан Цагаан, Ногоон, 21 Дара-Эх гэх мэтээр хөгжсөн байдаг.
-Цагаан, Ногоон Дара-Эхийн ялгаа юу вэ. Ямар нэгэн билэгдэл агуулдаг байх?
-Дара-Эх бурхан яагаад ногоон өнгөтэй байдаг юм бэ гэсэн асуулт гардаг. Ногоон өнгө нь үйлс бүтээхийн билэгдэл, улаан, цагаан, хар өнгөний нийлбэр юм. Цагаан Дара-Эх нас буян хайрладаг утгаараа цагаан өнгөтэй байдаг. Хүмүүсийн сэтгэлийн шүтээн.
-21 Дара-Эхийн тухайд бас л сонин тайлбар гарах болов уу?
-Ийм учиртай. Дара-Эхийн эрдмийг Бурхан багш 21 мөргөл шүлэг болгон магтан дуулсан байдаг. Тус бүртээ л утгатай. Бусдыг эрхшээлдээ оруулна, өвчин зовлонгоос ангижруулан, үйлс бүтээнэ, ном бүтээн, барцад арилган, ад хороолонг тонилгоно гэх мэт.
Тэд 21 үйлийг хариуцдаг гэсэн үг. Тухайлбал, нэгдүгээр Дара-Эх улаан өнгөтэй учраас бусдыг эрхэндээ хураах шидтэй. Хоёрдугаар Дара-Эх нь намрын тэргэл цагаан сарыг 100 давхарласан мэт тунгалаг царайтай учраас бусдад бэлэг бэлгийн дээд нас буян хайрлана.
Гуравдугаар Дара-Эх алтан шаргал өнгөтэй умраас эд баялаг өгнө гээд тус бүртээ өнгөтэй, билэг дэмбэрэлтэй. Бусад Дара-Эхийн хувьд хүрэн улаан өнгөтэй, машид инээсэн төрхтэй, бүжиглэх мэт хилэн төгөлдөрийг үзүүлэх жишээтэй гээд үргэлжилнэ. Хилэн төгөлдөр гэдэг нь хүнд шингэсэн ад ороолонг устгах нигууртай.
-Таны яриаг сонсоход сонирхолтой байна. Лавшруулаад судалвал гэсэн бодол төрлөө. Танд цаашид судлахаар төлөвлөсөн зүйл бий байх?
-Дара-Эх судлал нэг хүнийх биш. Өргөн хүрээтэй учраас олуулаа хийх учиртай судалгаа. Энэтхэг, Төвд, Монголын том том Хутагт, хувилгаад Дара-Эхийг шүтэж, шидийг олсон домог, хууч яриа олон.
Цаашид Дара-Эхийн уг гарвал, Дара-Эхийг шүтсэнээр Монгол, Энэтхэг, Төвдийн Хутагт, хувилгаадын олсон ид шидийн тухай "Дара-Эхийн тус эрдмийн тухай" ном бүтээнэ. Гэхдээ зөвхөн аман хууч гэж болохгүй.
-Монголд минь ч Дара-Эх олон бий байх?
-Байна шүү. Өглөө эртлэн босоод өрхөө татаж, үнээгээ сааж, хүүхдээ өсгөж, эр нөхөртөө цайг нь чанаж өгдөг эгэл жирийн атлаа эгэл биш Дара-Эх олон. Тэр бүхнийгээ магтан дуулахсан гэж бодох юм. Чадах нь уу, үгүй юу.
-Дара-Эхийн уг гарвал гэхээр сонин сонсогдож байна. Таниас хариулт сонсох гэсэн санаа юм л даа?
-Чамд нэг домог хэлье. Хэдэн мянган галавын өмнө Элдэв зүйл гэдэг ертөнцийн хааны Ишдаваа буюу Билгийн саран гэж үзэсгэлэн төгөлдөр охин байжээ. Эрдэм чадалт хуваргуудыг өдөр бүр ордондоо залж машид их буян ном үйлдүүлдэг байсан.
Тэдгээр хувилгаад нэг өдөр охинд хэлэв. "Чи маш их буян үйлдэж байна. Үүнийхээ үрээр дараагийн ертөнцөд хөвгүүн болж төрнө. Эрэгтэй төрлөөр бусдад буян үйлдээрэй" гэхэд Ишдаваа бүсгүй "Үгүй ээ. Би ертөнцийг хоосортол бүсгүй төрхөөрөө буян үйлдэнэ" гээд Дара-Эх бурхан болжээ.
-Сонирхолтой домог юм. Хүн төрөлхтний бурхан гэвч Монголчууд Дара-Эхийг арай илүүтэй шүтдэг мэт. Түүний дундаас Баруун аймгийнхан бүр илүү Дара-Эх шүтээд байх шиг. Магадгүй би андуурсан байж болно?
-Үнэний ортой. Хүмүүний ертөнцөд Эх хэмээх бурхан оршсоор. Энэтхэгт ч адилхан бий. Монголчууд бусдын төлөө тус бүтээдэг бүсгүйг Дара-Эх хэмээн өргөмжилдөг, уламжлалтай. 1900-гаад оны эхэн үе бололтой.
Оросын судлаач Брудковы тэмдэглэл " Монголын Хяргас нуурын баруун хөвөөгөөр Ховдын чиглэлд явах үед өндөр дэнж дээр Дара-Эхийн өргөө гэж бусдаас ялгарсан том гэр харагдаж байлаа" гэж дурьдсан байдаг.
Үүнээс үүдээд Монголчуудын тэр дундаас баруун Монголчуудын дунд Дара-Эх шүтэх үзэгдэл их байж, одоо ч байсаар. Тэр Дара-Эх нь жирийн л Монгол бүсгүй.
-Үүнтэй холбогдуулаад нэг зүйл яримаар байна. Хэтэрхий нутгархсан юм болов уу. Та юу гэж бодож байгаа бол?
- Хуучин нийгмийн үед Ховдын Дара-Эх, Увс аймгийн Завхан сумын Дара-эх гээд яригддаг байлаа. Би Завхан аймгийн Ургамал сумын хүн. Манай нутагт Дара-Эх байгаагүй харин Дагина байсан юм шүү. Манай нутгийнхан Увс аймгийн Завхан сумын Дара-Эхэд бараалхана.
Их хэлмэгдүүлэлтийн үед Дотоод яамныхан Завхан сумын Дара-Эхийг баривчлахаар очжээ. Гэтэл Дара-Эх маань араг үүрч аргал түүхээр гараад хээр талд 21 Ногоон Дара Эх болоод тал тал тийш явахад До яамныхан гайхаж, мэлрээд буцсан гэлцдэг. Энэ мэт зүйлээр эг ч нь ном бүтээх санаатай.
- Дара-Эхийн тууж, судрын зохиогч хэн юм бол гэсэн сониуч бодол төрөөд?
-Ногоон Дара -Эхийн туужийг уншиж, судалж байхад Монгол хүмүүс зохиосон юм уу гэсэн таамаг төрдөг. Үр хүүхдийнхээ төлөө санаа зовнидог, чин сэтгэлээ зориулдаг эгэл жирийн Монгол бүсгүйн амьдрал , дүр төрх тэр туужаас харагддаг. Нөгөөтэйгүүр зургаан зүйл хамаг амьтны тусын тулд буян үйлддэг бурхан.
Цагаан Дара-Эхийн тууж бол нэгэн үзүүрт сэтгэлт бүсгүйн тухай өгүүлдэг. Эр нөхөр нь хаанд бараалхахаар явсан хойгуур, өтөлж доройтсон хадам эхийгээ нэгэн үзүүрт сэтгэлээр харж хандаж, асарч тойглож буй бүсгүйн домоглол.
Хоол ундгүй болохын цагт мөрнийхөө махнаас огтолж, хадам ээждээ хоол хийж өгдөг. Ийм л чин сэтгэлт эхнэрийн тухай тууж. Энэ хоёр тууж Монголчуудын дунд түгсэн.
-Дара-Эх гэхээр Монгол эх, Монгол бүсгүй гэсэн бодрол төрдөг юм. Адил төстэй зүйл байна биз?
-Монгол эхийн сэтгэл бол Ногоон Дара-Эхтэй адилхан. Үрээ алдвал там, диваажин хаа ч хамаагүй очиж хайдаг нинжин сэтгэлт Дара-Эх юм. Дара-Эхийн судлал хийж ахуйдаа ээжийнхээ тухай эгч нь зүйрлэн бодлоо. Бид ээж, ааваас арван хэдүүлээ.
Үр хүүхдүүд нь намрын намарт эрдэм ном, аж амьдралын мөр хөөгөөд тал тал тийшээ таран одоход ээж минь юу бодож, санаж өдөр хоногийг элээж байсан юм бол гэсэн эмзэглэл төрдөг. Ээж минь ийм л үйл явдлыг 20 жил ганцаараа туулжээ.
Эхийн сэтгэлийг үр хүүхдүүд минь сайн яваа гэсэн бодол л тэжээж 20 жилийн ганцаардлыг нь нимгэлдэг байсан болов уу даа. Зөвхөн миний биш Монголын бүх ээж, бүсгүйчүүд үр хүүхдийнхээ төлөө л гэсэн Дара-Эхүүд юм шүү дээ.
Түүнээс бус Дара-Эх бурхан, ээж хоёр тусдаа ертөнц биш. Дара-Эх бол ээж , эх хүн бол Дара-Эх юм. Ээжид байдаг мөн чанар бүхэн Дара-Эхэд бий.
Д.Дамдин
Эх сурвалж : “Ганзам” сонин
Зочин · 2013/04/24
bayariaiaa buyan arivjih boltugai
b . ganbaa · 2013/04/23
mashid ih baurl**aa n sumuia daa sain saihniig hysii .um daarii dydaarii dyyrii suuhaa .