Н.Энхболд: 2016 оны сонгуулиа бодвол засгаар оролдох нь бидэнд л ашиггүй
2014/06/09
-Та Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан хүн. Бас одоо УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дэд даргын ажилтай. Сая Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нар Петербургийн форумд оролцоод ирлээ. Тэгэхэд яригдсан "Таван гарц", зарим хүний хэлж буйгаар "Талын зам"-ын талаар та ямархуу мэдээлэлтэй байна вэ. Эндээс ярилцлагаа эхэлье?
-Яг одоогоор "Талын зам" гэж төслийн талаар тодорхой мэдээлэл алга аа. Форумд оролцоод ирсэн сайд нар ч бидэнд мэдээлэл өгөөгүй. Тэд ерөнхийдөө олон нийтэд хандаж л "Бид ийм юм хийх гэж байгаа" гэсэн агуулгаар ярьсан байна лээ. Түүнээс "Талын зам"-ын талаар шийдвэр гаргах төвшинд үндэслэл тооцоог нь хийчихсэн зүйл алга. Бодвол транзит тээвэр, бүс нутгийн интеграцад орох тухай асуудал гэсэн том суурин дээр өмнө нь ярьж байсан яриануудын үргэлжлэл л товчхон болсон байх. Ерөнхийдөө хоёр тал "Энэ асуудлаа шийдвэл яасан юм бэ, бидэнд аль аль нь хэрэгтэй ш дээ" гэдэг яриа болсон болов уу. Дэлгэрэнгүй мэдээлэл бол надад алга.
-Энэ сэдэвтэй холбогдуулаад асуухад таныг Зүүн хойд Азийн орнуудад ажиллаад ирсэн гэж сонслоо. Эрдэс баялгийн экспортыг нэмэгдүүлэх, транзит тээврийг нэмэх чиглэлд ажилласан гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Гадаад харилцааны яамны шугамаар Зүүн хойд Азийн орнуудад Монгол Улсаас сууж буй Элчин сайд нарын зөвлөлгөөн саяхан болсон юм. Тэр зөвлөлгөөнд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны төлөөлөгчид оролцсон юм. Ц.Оюунбаатар, М.Батчимэг гишүүд бид гурав яваад ирлээ. Тэгэхэд Зөвхөн Элчин сайд нарын зөвлөлгөөн хийхээс гадна манайтай залгаа байгаа мужуудын дэд бүтцийн байдалтай танилцсан. Мөн Хойд Солонгостой хамтарч ажиллах боломжийн талаар нэлээд хэдэн жил яригдаж байгаа зүйлстэй газар дээр нь танилцлаа.
-Тэр нь юу билээ?
-Далайн боомт хамтарч ашиглах тухай юм. Тэр ч байтугай Монгол хөрөнгө мөнгөө гаргаж чадвал далайн боомт дангаар эзэмшиж ашиглах асуудал ч яригдаж байсан шүү дээ. Тэр бүгдтэй танилцаад ирлээ.
-Хятадын гарцын талаар...?
-Хятад бол зүүн хойд талынхаа мужуудын дэд бүтэц, хөгжлийн асуудлыг нэлээд эрчимтэй шийдэж эхэлжээ. Тэд орчин үеийн хөгжлийнхөө чигийг ч зүүн урд талаасаа эхэлсэн байхаар тооцсон байна. Хурдны галт тэрэг тавьж, нисэх буудлынхаа сүлжээг өргөтгөж, төмөр замынхаа асуудлыг дотооддоо үндсэнд нь шийдсэн байна. Орос, Монгол хоёртой холбогдох цэгүүд дээрээ төмөр замууд нь бүгд очжээ.
Элчин сайд нарын зөвлөлгөөн дээр ч бид энэ талаар ярилцсан. Ер нь Зүүн хойд Азийн бүс нутагт Монгол Улсын оролцоо ямар байх юм, тэр тусмаа дэд бүтцээрээ холбогдох ямархуу зураг харагдаж байгаа талаар бид нэлээд дүгнэж, цэгнэж ярилцлаа. Маш товчхоноор хэлэхэд бид энэ асуудал дээр нэгдсэн бодлого гаргаж яаралтай ажиллаж эхлэхгүй бол хоцрох нь. Эхний ээлжид энэ ордуудаасаа урагшаа гарах нарийн төмөр замынхаа асуудлаа шийдэх хэрэгтэй байна. Хоёрт, Чойбалсан-Рашаантыг холбосон төмөр зам тавих юм бол Европ руу шинэ коридор харагдаж байна. Ядаж энэ хоёр замын асуудлаа хний ээлжид шийдэх шаардлагатай байна даа.
Хоёр том гүрэн бол өөрсдийн асуудлаа шийдье гэвэл зардал мөнгө нь хамаагүй гээд бидний оролцоотой, оролцоогүй шийдчихнэ. Мэдээж Монгол оролцвол өөрсдөд нь ч, бидэнд ч илүү ашигтай гэдгийг хоёр тал хоёулаа ойлгож байгаа. Өөрсдөд нь ч ашигтай, Монголд ч хэрэгтэй гарцуудын талаар ярьж байгаа гэсэн үг. Тиймээс бид түргэн хөдлөхгүй бол юмнаас сугарч хоцрох нь. Дотооддоо бие биеэ хэмлэсээр байгаад дуусахаар санаа зовмоор л дүр зураг ажиглагдаж байна даа.
-Та сая "дотооддоо хэмлэлдээд" гээд хэлчихлээ. Яг үүнтэй холбоод асуухад ОХУ-тай "Талын зам"-ын асуудал яриад ирсэн сайдаа энд огцруулах гээд хүлээж байсан нь гадна талдаа яаж харагдах бол. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах МАН-ын бүлгийн саналыг "Цагаа олоогүй, гадаад талдаа буруу мессеж өгсөн үйлдэл боллоо" гэж АН-ынхан ярьж байна.
-Тэр бол сайд нь огцрох гээд байгаа бүлгийн зүгээр гарч байгаа тайлбар. Нэг хүнтэй, нэг хүнгүй явна шүү дээ. Төрийн бодлого ганцхан хүнээс хамаардаггүй. Ер нь ч тэгээд том гүрнүүд ганц хүнээс асуудлыг хамааруулж харахгүй. Нэг сайд огцруулснаас болоод Монголын хөгжлийн тухай асуудал хоцорно гэж байхгүй ээ. Харин ч энэ хоёр жилийн хугацаанд хоёр хөрштэй тогтоож ирсэн уламжлалт харилцаа илт зогсонги байдалд орлоо. Наад зах нь манай Ерөнхий сайд л гэхэд энэ хоёр том гүрний удирдагчдын уулзалтад ямархуу байдлаар хандаж, ямар үг хэллээ. Ер нь ч тэгээд Орост болсон эдийн засгийн форумд ороод ирсэн болохоор нь асуудал тавиагүй шүү дээ. Урд нь хийгээд ирсэн алдаатай бодлогынх нь үр дагавар болгож энэ хүн энэ ажлыг хийж болохгүй гээд үндэслэлүүдээ гаргаж тавьсан. Хэрэв Оросын тал, хэрэв Хятадын тал Монголтой тэгж хамтран ажиллах сонирхолтой бол, бас нэг хүнд биш Монголын төрд тийм бодлого байгаа бол асуудал саатна гэж байхгүй ээ.
-Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах саналыг МАН-ын бүлэг хоёр дахиа орууллаа. Эрх баригчид ч гэсэн хоёр дахиа авч үлдэнэ гэж байна. Ер нь ингэж оруулах яг үндэслэл нь юу байсан юм бэ?
-2012 оны долдугаар сар, 2014 оны зургадугаар сар хоорондын хугацаан дахь эдийн засгийн гол үзүүлэлт, юмны үнэ, валютын ханш, хөгжлийн хурдацын саарал зэргийг харьцуулаад үзэхэд тодорхой л доо. Огцруулах хангалттай үндэслэл байгаа нь уг нь олон юм яриулалгүй харагдах юм. Ярина гэвэл сонины хуудас ч хүрэлцэхгүй. Үнэхээр шаардлагатай гэвэл манай бүлгийн гаргаж байсан дүгнэлтүүдээс тоо баримт харж болно. Угаасаа энэ асуудлыг ганц бид ч яриад байгаа юм биш шүү дээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр эдийн засгийн байдлыг ярьсан. Ингэхдээ цэвэр Эдийн засгийн хөгжлийн яамтай холбоотой зүйлийг ч ярьсан. Томоохон төслүүд удааширч, хөрөнгө оруулагчид зугтаад явчихсан энэ нөхцөл байдлыг ч ярьсан. Их тодорхой дүгнэлт байдаг ш дээ. Би Ерөнхийлөгчийн хэлсэн үгээр нь хэлье дээ. "Хөгжлийн биш хямралын яам боллоо. Холбогдох сайд нартай хариуцлага тооцох шаардлага байна" гэж. Бас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжид ч тодорхой туссан. Өөрөөр хэлбэл, ганцхан Ардын намынхан л оролдоод байгаа мэтээр бүгдийг тайлбарлах хэрэггүй. Эрүүл саруул ухаанаар бодоод үзвэл, ард иргэдийн амьдралыг харвал, бизнес эрхлэгчидтэй уулзвал эдийн засаг амаргүй байгааг, цаашдаа улам хүндрэхээр байгааг хэлээд өгнө дөө. Энэ бүгд үндэслэл биш гэж үү. Ер нь бол энэ байтугай сайд огцруулна гэж ярьдаг шүү дээ. Улсын эдийн засгийг ийм байдалд оруулчихсан Засгийн газартай, түүний сайдтай хариуцлага ярихад өөр ямар үндэслэл хэрэгтэй юм бэ. Сөрөг хүчин асуудал ярихаас өөр аргагүй. Яахав улам муудаад явж байг. Муу байх тусмаа бидэнд сайн гэдэг байдлаар хандвал нэг өөр байхсан. Гэхдээ манай нам хэзээ ч асуудалд тэгж хандахгүй л дээ.
-Хүмүүс ч бас заримдаа тэгж ярих юм. Засгаар оролдох нь, Н.Батбаярыг огцруулах нь МАН-д ашиггүй гэж.
-Харин тийм, хүмүүс 2016 оны сонгуулиа бодож байвал энэ чигээр нь явуулаад байвал та нарт ашигтай ш дээ гэдэг. Магадгүй тэр хүмүүсийн зөв байх. Гэхдээ тэгж болохгүй.
-Эдийн засгийн хөгжлийн сайдыг кнопны олноороо дахиад аваад үлдлээ гэж бодъё. Ерөнхийлөгч нь "дийлдэггүй", засаг нь ч "айдаг" тийм нэг улстөрчтэй болж байгаа юм биш үү. Засгаасаа хүчтэй сайдтай боллоо гэх үү?
-Энэ ч нэг хүнээс болсон асуудал биш л дээ. Анх энэ шинэчлэлийн гэж нэрлээд байгаа Засгийн газрыг байгуулахдаа АН-ын доторхи бүлэг, фракцуудад эрх мэдлийг мөнгөний хамт өгсөн хуваарилалт хийсэн. Эндээс л бүх юм эхтэй. Эндээс л чиний хэлсэн шиг нэг сайдаа дийлдэггүй Засгийн газар, Ерөнхийлөгчтэй болсон. Бидний ойлгож буйгаар хэлбэл, мөнгө, эрх мэдлийн сүлжээ нь Засгийн газарт байгаа сайд нартайгаа Ерөнхий сайд нь хариуцлага тооцож чадахааргүй тогтолцоог бүрдүүлчихсэн. Үүнээс үүдэлтэй.
-УИХ, Ерөнхийлөгч гэсэн хоёр институцийн харилцаа нэлээд ойлгомжгүй байдал орчихлоо. Ерөнхийлөгчийн оруулсан хуулиудыг УИХ нь унагадаг ч гэдэг юм уу. Санал болгосон зүйл нь ч хэрэгждэггүй. "Давхар дээл"-тэй сайд дахиад томилох гээд л сууж байна шүү дээ?
-УИХ-аас гарч байгаа аливаа бодлого, байр суурь олонхиосоо хамаардаг. Өнөөдөр УИХ-аас гарч байгаа бүх шийдвэр бидний оролцоотой, оролцоогүй олонхийн шийдвэрээс л шалтгаалдаг. Гэхдээ мэдээж бидний оролцоо байгаа юу гэвэл байгаа. Зарим буруу зүйлийг нь засч, болохгүйг нь зогсоож байна. Харин УИХ, Ерөнхийлөгчийн институц хоёрын хоорондын харилцааны тухайд гэвэл тэр нь олонхи болон Ерөнхийлөгч хоёрын байр суурь илүү төвөгтэй, ойлголцохгүй байдалтай байна гэж хэлнэ. Жишээ болгож асуусан "давхар дээл"-ийн асуудал дээр бид Ерөнхийлөгчийн байр суурийг дэмжсэн ш дээ. Унасан хуулиуд дээр манай бүлэг ерөнхийдөө боломжийн зүйлийг нь дэмжээд явсан. Унагаах асуудлыг нь олонхи л хийсэн.
-Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалыг огцруулах асуудал УИХ-д орж ирсэн ч хэлэлцэх эсэх нь эргэлзээтэй байдалд явсаар байгаа. Валютын ханш өссөн, Мөнгөний бодлого хэрэгжихгүй байхад хариуцлагын асуудлыг яагаад ярихгүй байгаа юм бэ?
-Манай бүлгийн байр суурь анхнаасаа тодорхой байсан. Засгийн газар, Монголбанк хоёр хэтэрхий хүзүү, сээрээрээ холбогдож болохгүй ээ гэж. Яагаад гэвэл, тус тусын үүрэг, хариуцлагатай байгууллага. Гэвч эхнээсээ энэ хоёр хуулийн агуулгаас давсан хүрээнд хэтэрхий их холбогдсон. Ингэж өнөөдрийн хүнд нөхцөл байдлыг бий болгоход тодорхой нөлөөлсөн. Ганц жишээ хэлье л дээ. Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлсэн. Энэ нь аливаа асуудлыг түр зуурын бэрхшээлийг давж туулах талаас нь харсантай холбоотой. Өөрөөр хэлбэл, алс хэтийн хортой үр дагаварыг нь хараагүй. Их хэмжээгээр ардаа баталгаагүй мөнгөн тэмдэгт хэвлэсэн нь ямар үр дүнд хүргэв. Валютын ханш ийм өндөр хэмжээнд хүрсний тэрний нэг үр дагавар. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд бараг дөрвөн их наяд төгрөг зарцуулсан. Гэтэл өнөөдөр юмны үнэ яаж өсөв. Энэ нь бие даасан хоёр институц хуулийн агуулгаас хэтэрхий давсан, улс төрийн агуулгаар сүжирсэн нь нөхцөл байдлыг хүндрүүлсэн. Монголбанкны ерөнхийлөгчийн хувьд УИХ-аас томилогддог, УИХ-ын өмнө хариуцлага хүлээдэг. Түүнээс Засгийн газрын өмнө, эсвэл аливаа нэг улс төрийн намын өмнө хариуцлага хүлээх ёстой хүн биш. Н.Золжаргалыг би энэ байр сууриас асуудалд хандаж ирсэн болов уу гэж найдаж байна. Гэхдээ Засгийн газартай хамтран явуулж ирсэн бодлогыг нь харахаар бас л хэцүү байдал руу орууллаа даа.
-Эрх баригчдын хэлж буйгаар эдийн засаг хүндэрсэн, та нарынхаар бол хямарсан. Эндээс гарахын тулд 100 хоногийн хугацаа зарлаад явж байхад сайдыг нь огцруулна гээд л, "Ард 100" гэж сөргүүлсэн арга хэмжээ зарлах нь оновчтой юу. Сөрөг хүчин сөрөх гэж л явуулж байгаа хэлбэр юм биш үү?
-100 хоногийн хөтөлбөр гээд гаргасан. Үүнийг нь бид ч дэмжилцээд гаргасан. Арга хэмжээнд туссан зарим зүйл хэрэгжээд явбал 100 хоногийн дараа зарим зүйлийг залруулах эх суурийг тавьсан л үр дүн гарна. Түүнээс өөр үр дүн гарахгүй. Хямарч байгаа эдийн засгийг сэргээх нь байтугай хэвийн явж байгаа эдийн засгийг 100 хоногт өсгөдөг ид шидтэй байхгүй.
Хараарай, 100 хоногийн дараа эд нар "Бид дараа, дараагийн юмаа зөв болгох сууриа тавьчихлаа" гэж хэлнэ. Бас "100-хан хоногийн дотор юм болдоггүй юм" гэж хэлнэ. Бас "Бид нар 100 хоногийн дотор юм хийх гэсэн боловч Ардын намынхан бужигнуулаад юм хийлгэсэнгүй" гэдэг гурван л яриа гарна. Түүнээс юмны үнэ хямдарчихсан, санхүү эдийн засгийн байдал сайжирчихсан, төсвийн алдагдал багасчихсан юм гарахад хэцүү.
-УИХ-аас гарч байгаа шийдвэрүүдэд сөрөг хүчний оролцоо мэдээж бий. Гэтэл УИХ-аас шийдвэр гаргаж Засгийн газарт чиглэл өгчихөөд эргээд сөрөг хүчин тэрийгээ эсэргүүцээд байна гэдэг. Жишээ нь, таван тэрбум ам.долларын бонд гаргах эрх өгчихөөд өрийн босгыг ДНБ-ий 70 хувьд хүргэж болохгүй ч гэдэг юм уу. 100 хоногийн хөтөлбөр ч гэсэн Эдийн засгийг идэвхжүүлэх тухай УИХ-ын тогтоолын дагуу явж байгаа биз дээ?
-Одоо хүртэл "Чингис" бондоос үлдсэн тодорхой хэмжээний мөнгө бий. Тэрийг юунд зарцуулахаа зөв бодох хэрэгтэй. Хоёрт, эдийн засгийг хөгжүүлэх хөрөнгийг заавал бонд гаргаж олж ир гэсэн юм байхгүй. Ардын намын зүгээс тийм бодлого бариагүй. Хөрөнгө оруулалт гэж юм бий шүү дээ. 100 хоногийн дотор гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдынхаа санаа сэтгэлийг эргүүлээд урд байсан хэмжээнд хөрөнгө оруулалтыг босгоод ирж мэдээж чадахгүй. Гэхдээ хичээх ёстой.
2011, 2012 оны эдийн засгийн өндөр өсөлтөд хүрэх хөрөнгө оруулалтыг арван хэдэн жил гуйж түүж, уриалж даллаж оруулж ирсэн. Сая "Чингис" бондыг гаргаж олж ирсэн мөнгө ч тэр үеийн суурин дээр, итгэлд тулгуурлаж гадныхны зээлсэн мөнгө. Тийм болохоор 100 хоногт хөрөнгө оруулалтыг татах нь төвөгтэй. Бидний тавьж байгаа шаардлага бол ирээдүйгээ бодно оо. Та нарын дураар 20 жилд босгосон зээлтэй тэнцүү хэмжээний мөнгийг хоёрхон жилд авчихаад юм хийнэ гэж ярьж байгаатай санал нийлэхгүй. Тэр тусмаа олж ирсэн түрүүчийн мөнгөө ҮАБЗ-ийн өгсөн зөвлөмжөөс зөрж зарцуулсан байхад дахиж зээл тавьж болохгүй. Бас зарцуулалт нь ч гэсэн богино хугацаанд эргэлтэд орох төслүүд биш байгаа шүү дээ. Ийм байхад дахиад их хэмжээний зээл тавьж болохгүй гэдэг нь манай бүлгийн зарчмын байр суурь.
-Тэгээд яах ёстой юм бэ?
-Дотоод нөөц бололцоогоо ашигла л даа. Одоо байгаа мөнгөө зөв ашигла. Мөн бизнесийн орчноо зөв уур амьсгалтай болгож, хүмүүст итгэл төрүүлэх хэрэгтэй. Юм л болбол үзэл бодол байр сууриар нь айлгадаг ичээдэг, бизнесийн хүмүүсээ хорьдог, хавчдаг, эрүүгийн хэрэг үүсгэдэгээ болих хэрэгтэй. Тэгвэл магадгүй дотоодын хөрөнгө оруулагчдад итгэл сүүмэлзэж мэдэх юм. Сүүлийн үед банк санхүүгийн салбарт ажилладаг хүмүүстэй ярьж байхад дотоодын тодорхой хэмжээний хуримтлалтай байсан хүмүүс төгрөгөө ам.доллар болгож эргэлтэд оруулахгүйгээр хадгалж хүүг аваад явж байгаа нь газар авч эхэлсэн гэх. Ийм зүйлүүдэд зөв дүгнэлт өгч байж хөрөнгийг их, бага хэмжээгээр босгох боломж байна. Түүнээс зээл л авъя гээд байгаа нь буруу бодлого. Зээлгүйгээр юм хийж болохгүй байна гэдэг ухуулгаа зогсоох хэрэгтэй.
Ч.ГАНГЭРЭЛ
yaduu irgedees · 2014/06/10
Gushuunee. Heden mal uguuch huduu garch mal hariulay.
Зочин · 2014/06/10
Yag zuv shuu. Undur tehnologotoi dulaanii stantsuudiig olon barih ni zuv.
Зочин · 2014/06/10
Mongol uls mash ih nuurstei bolohoor undur tehnologotoi dulaanii stantsuudiig olnoor barih heretei. Uranii uilder hereggui ee.