Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шат Төрийн ордноо  өнөөдөр /2023.03.17/ тав дахь өдрөө үргэлжилж байна. 

Сонсголын өнөөдрийн хуралдаанаар үдээс өмнө Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн ноос, ноолуур, сүү, хүлэмж болон оёдлын салбарын төсөл (Голомт банк); Хөгжлийн банкны нийт активын төвлөрөл, үдээс хойш Хөгжлийн банкны мөнгөн хөрөнгийн удирдлага; (Сангийн яам, Хөгжлийн банкны тухайн үеийн удирдлага, ДБМ лизинг ХХК) гэсэн  гурван багц асуудлыг авч хэлэлцэнэ.

Дээрх төслүүдтэй холбоотойгоор өнөөдрийн сонсголд оролцуулахаар 39 гэрчийг дуудсан.

2013 оны наймдугаар сард Монгол Улсын Хөгжлийн банкнаас ХАА, Хөнгөн үйлдвэрийн ноос ноолуур, сүү, хүлэмж болон оёдлын салбарын төслийн хүрээнд 5,7 хувийн хүүтэйгээр 2017 он хүртэл 269,3 тэрбум төгрөгийг арилжааны банкаар дамжуулан ААН-үүдэд олгосон байдаг. 

Тухайлбал, Буян ХХК 2014 онд 14 тэрбум төгрөгийн зээл аваад өнөөдрийг хүртэл зээл төлөлт хийгээгүй. Хүү, нэмэгдүүлсэн хүүтэйгээ нийлээд 17,8 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй. Зээл олгох үед "муу" зээлийн түүхтэй байсан. 

Хурал даргалж буй УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
"Буян" ХХК муу зээлдэгч хэмээн шаардлага хангаагүй байхад ч зээл авчээ. 2013-2022 он хүртэл 9 жил зээлийн эргэн төлөлтөө ч хийгээгүй байна. Ихэнх зээл чинь хүүгүй байжээ. Та төрийн хайр хишгийг сайн хүртжээ, Жаргалсайхан гуай. та энэ үед УИХ-ын гишүүн байжээ. Муу зээлдэгч гэсэн хэр нь Хөгжлийн банкнаас Голомт банкаар дамжуулан 14 тэрбум төгрөгийн зээл авчээ. Шүүх хуралдаан болдоггүй юм уу, банк нь араас явдаггүй юм уу, Жаргалсайхан гуай та зээлээ төлөхгүй юм уу.

"Буян" ХХК-ийн захирал Б.Жаргалсайхан:
- Би өнөөдрийн хэлэлцүүлэгт зориуд ирлээ. Хэлэлцэхээс илүүтэй таниас асуулт асуумаар байна. Та УИХ-ын гишүүн болохоосоо өмнө юу хийж байсан бэ. Би асуултад хариулахын тулд хэнтэй ярьж байгаагаа мэдмээр байна. Би шүүх хуралд ирээгүй.

 

Хурал даргалж буй УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
- Манай зарим улс төрч, бизнесмэнүүд нэг арга хэрэглэдэг юм. Тэд хамгийн сайн хамгаалалт бол хамгийн сайн довтолгоо байдаг гэж боддог. Та асуултад хариулахгүй байх, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй. Бид чөлөөт мэтгэлцээн хийгээгүй. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой, 14 тэрбум төгрөгийн зээл одоо хүүтэйгээ 17 тэрбум төгрөг болсон зээлдээ нэг ч төгрөг буцаан төлөөгүй байна. Монголын ард түмний гадаадад бонд босгож, өр тавьж бий болгосон зээл. Үүнийгээ та төлөхгүй юм уу гэсэн ганцхан асуулт асууж байна.

"Буян" ХХК-ийн захирал Б.Жаргалсайхан:
- Монгол Улсад ямар ч бизнес хийгээд мөнгө олох боломжгүй. Өнөөдөр нэг л банкны асуудал яриад байна. Угтаа бол бүгд хэцүү байгаа шүү. /тэр асуултаас өөр зүйл яриад байв/

Голомт банкны Эрсдэл хариуцсан гүйцэтгэх захирлын орлогч Т.Нямсүрэн:
- Зээлдэгч "Буян" ХХК 9 жилийн хугацаанд зээлээ төлөөгүй нь үнэн. Голомт банк бүх шатны шүүхээр дамжин маргаантай явж байгаа. Голомт банк гэрээнд заасан үүрэг хүлээсний дагуу Монголбанканд хариуцлагагүй зээлдэгчийн өмнөөс зээлийг төлсөн. Харин харилцагч зээлээ бидэнд төлөөгүй байна.

"Буян" ХХК-ийн захирал Б.Жаргалсайхан:
- Та надаас зээлээ яагаад төлөхгүй байна вэ гэж асууж байна. Би зээлээ төлмөөргүй байна. Яагаад гээч.. ажил хийх боломж надад өгөөгүй. Ноолуурыг нь зах зээлийн үнээс 30-40 хувиар илүү их үнээр хятадууд аваад явчхаж байна.  Малчдаас ченж ноолуурыг нь үнэтэй аваад татвар төлөхгүй хятадуудад өгч байна. Харин бид үйлдвэрлэл эрхлэхийн тулд татвараа төлж байна. Ялгаа нь энэ. Үүнээс болоод энэ ажил явахгүй байна.  Сүүлийн үеийн технологи нутагшуулж хөгжүүлээд уйгагүй ажиллавал зөвхөн ноолуурын салбараар Монгол Улс 2-3 миллиард ам.доллар олж болох боломжтой.

Банкны зээл, татварын өр зээл гээд бараг 100 хувийн алдагдалтай ажиллаж байна. Би ганц алдаа хийсэн. Тогтвортой байдлын гэрээ хэлэлцээрийг Засгийн газартай хийх байсан юм. Хэрэв зах зээлийг нь тогтвортой байлгаж өгөхгүй бол Буян ХХК-ийн өмнөөс өрийг нь төлөх заалттай гэрээ байх ёстой байсан.

269 тэрбум төгрөгийн зээл олгогдоод ноолуурын салбар хэрхэн хөгжиж, экспорт хэрхэн нэмэгдсэн талаарх үр дүн, тайлан материал байхгүй байгааг, мөн ханшийн алдагдалд гурван жилийн хугацаанд 160 тэрбум төгрөг болсныг Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Н.Мандуул хэллээ.

 

-УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Хөгжлийн Банкнаас Голомт банкаар дамжуулан 14 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Үүнийг төлөх үү, хэзээ төлөх вэ?  

-Б.Жаргалсайхан: Би өнөөдрийн хэлэлцүүлэгт зориуд ирсэн. Янз бүрийн тайлбар тавиад ирж болохгүй байх байсан. Би өөрөөс чинь хэдэн асуулт асуумаар байна. Өнөөдөр шүүх хурал биш хэлэлцүүлэг явагдаж байна. Чамайг УИХ-ын гишүүн гэдгийг чинь мэднэ.Хэний хэн, урьд өмнө ямар ажил эрхэлж байсан тухай товч намтраа өгөөч. 

-УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Манай улс төрч, Бизнесмэнүүд хамгийн сайн хамгаалалт бол довтолгоо гэх арга хэрэглэдэг. Түр хорооны дарга руу дайрвал миний юмыг мартан, өөр сэдэв рүү орно гэж бодож байх шиг байна. Та шинжээчийн дүгнэлтэд гарсан асуудалд тайлбар өгөөрэй. 

-Б.Жаргалсайхан: Хоёр хүн хоорондоо асуулт тавьсан. Би хэний хэн гэдэг хүнтэй ярьж байгаа гэдгээ мэдсэний дараа ярих ёстой. Энэ бол байдаг л зүйл шүү дээ. Гэрчээр ирнэ гэдэг үг хэлэх эрхгүй байна. Та эх оронч хүн болж, хувийн хэвшлийн байгууллагын муу муухайн байдлыг гаргаж тавих гэж байгаа юм шиг байна.

Би УИХ-ын гишүүн, 1.6 жил Үйлдвэр худалдааны сайд байсан. Энэ үедээ нэг ч удаа төрөөс тендер, улсын хөрөнгийг хувьчлалаар авч үзээгүй. Дээрх хугацаанд танай намын нөхөд Эрдэнэтийн 49 хувийг авчихсан байхад хурааж аваад Эрдэнэт үйлдвэрт өгсөн. Төмөртэй хустайн ордын лицензийг Хятадад өгчихсөн байхад хурааж авсан. 

-УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Шинжээчийн дүгнэлттэй холбоотой таны 2014 онд авсан 14 тэрбум төгрөг одоо 17 тэрбум болсон байна. Есөн жилийн хугацаанд энэ зээлээсээ нэг ч төгрөг төлөөгүй. Энэ зээл Хөгжлийн Банкны эх үүсвэртэй. Монголын ард түмэн гадаад улсаас өндөр хүүтэй бонд босгож авсан. УИХ-ын гишүүнээр ажиллаж байх үедээ 11.9 тэрбум төгрөгийн хүүгүй зээл авсан байна. Муу зээлийн ангилалд орсон байх үедээ дээр 14 тэрбумын зээл авсан. Үүнийгээ төлөх үү?

-Б.Жаргалсайхан: Би өөрийн чинь намтрыг асуудаг нь учиртай байсан. Та аж ахуйн ажил хийж, арван хүнд цалин тавьж үзээгүй бол нийгэмд болж буй асуудлыг хэзээ ч шийдэж чадахгүй. Өнөөдөр Монгол Улсад ямар ч бизнес хийгээд мөнгө олох боломжгүй. Манайд бизнес хийх орчин байхгүй. Өнөөдөр нэг банкны алдагдлын тухай ярьж байна. Цаана нь бүх банк цөмөрчихсөн байгаа. Та нар хувийн хэвшилд баталгаа гаргаж өгдөггүй. 

Би анх 1995 онд Марбины корпорацаас зээл авч үйлдвэр барьсан. Танай намын Энхбаяр, Мөнх-Оргил нар намайг маш их доромжилсон. Аж ахуйн ажил хийхээр татварын тогтолцоо буруу байна. Зээлээ төлөхийн тулд үүнийг л хэлэх гэж ирсэн. 

-УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Б.Жаргалсайхан гэрчийн хувиар мэдүүлэг өгч байгаа үндэслэл байгаа юм уу хэмээн ярьж байна. Гэрч бол асуултад хариулж, тайлбар өгөх үүрэгтэй. Түүнээс биш чөлөөт мэтгэлцээн үзүүлэх ажиллагаа байхгүй. Гадаад эх үүсвэрээс өр тавьж авсан Хөгжлийн Банкны санхүүжилтийг олон компанид олгосон. Үүний үр дүнд бодлого нь буруу байсан учраас Монгол Улс дампуурах дөхсөн. 

Таны хувьд 2012 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байх үедээ 9.9 тэрбум төгрөгийн хүүгүй зээл авсан. Тэгэхээр битгий томроод бай. Татварын төлөгчдийн мөнгийг авч бизнес хийнэ гэж байх уу. Ард түмний мөнгийг хулгайлж авчхаад бизнес яриад сууна гэж байгүй. Хулгайлж авсан мөнгөө төлөөрэй. 

-Б.Жаргалсайхан: Чи тойрогтоо мөнгө тарааж УИХ-д гарсан. Тиймээс битгий томроод бай. Амаа мэдээрэй. Саналын хуудас тасалж байгаад гарч ирснийг чинь мэдэж байгаа шүү. Дээрэлхүү новш вэ. Ажил хийсний төлөө ял өгөх гээд байгаа юм уу. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Б.Жаргалсайхан гуай энэ таны жүжиглэдэг газар биш. Танд хүнийг новш гээд байх нэр, нүүр байхгүй шүү. Та Хөгжлийн Банкнаас авсан зээлээсээ нэг ч төгрөг төлөөгүй. Тиймээс шударга ёс ярих нэр, нүүр, намтар байхгүй.