Сүхбаатар аймгаас дөрвөн жилийн өмнө сураггүй алга болсон охиныг малчин айлаас олжээ
2023/03/23
Цагдаагийн албан хаагч дөрвөн жилийн өмнө сураггүй алга болсон бага насны хүүхдийг олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ. Тодруулбал, Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын жижүүрийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Р.Бямбашагай иргэн А-гийн дөрвөн жилийн турш сураггүй алга болсон охиныг олж өгсөн байна.
Тодруулбал, дөрвөн жилийн өмнө иргэн А-ийн охиныг тус аймгийн малчин гэр бүл өргөж авах санал тавьжээ. Иргэн А охиноо үрчлүүлэхийг зөвшөөрөөгүй гэнэ. Хачирхалтай нь, төд удалгүй түүнийг эзгүй байх үеэр нь охин нь алга болжээ. Тэр өдрөөс хойш охиноо хайсан боловч үр дүнд хүрээгүй байна. Мөн Сүхбаатар аймгийн цагдаагийн албан хаагчид тасралтгүй хайж, сургийг нь гаргаснаар энэ хэрэг ил болжээ.
Энэ хэргийн талаар Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын дарга Б.Баатархүүгээс тодруулахад “Манай алба хаагч Р.Бямбашагай дөрвөн жилийн өмнө алга болсон охиныг олж, ээжид нь хүлээлгэж өгсөн. Дорноговь аймгийн цагдаагийн газарт хэргийг шалгаж байгаа. Хохирогч тус аймгийн харьяат учраас аймагтаа гомдлоо гаргасан. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төв рүү мэдээллийг удахгүй бэлтгэж явуулна. Тэндээс дэлгэрэнгүй мэдээлэл аваарай” гэлээ.
Охиныг хойд эцэг нь үрчлүүлсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. Алга болсон охиныг Сүхбаатар аймгийн малчин айлаас олжээ. Эх сурвалжийн мэдээлснээр “Охиныг авсан айл малчин байсан учраас нуугдаж амьдарсан юм билээ. Байнга нутаг сэлгэж, нүүж явдаг байсан гэсэн” гэлээ.
Иргэдээс · 2023/03/23
ТЭГВЭЛ ДОРНОГОВЬ, ЗАМЫН-ҮҮД СУМААС АЛГА БОЛСОН СЭРЖМЯДАГ ОХИН ХАА НЭГТЭЭ ГОВИЙН ГАНЦ МАЛЧИН АЙЛААС ОЛДОХ МАГАДЛАЛТАЙ Л ЮМ БАЙНА.НУТАГ, НУГЫНХАН, ЗАСАГ ЗАХИРГААНЫ АНХАН ШАТНЫ НЭГЖИЙНХЭН НЬ СУРАГ ГАРГАЖ БУЯН БОЛООСОЙН.ҮНЭНЭЭР ЯВБАЛ ҮХЭР ТЭРЭГ ТУУЛАЙ ГҮЙЦНЭ.БУЯН ЧИНЬ ДЭЛГЭРЭГ!