ЦУОШГ: Дөрөвдүгээр сарын эхээр ихэнх нутгаар хүйтэрнэ
2023/03/27
Дөрөвдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөв гарчээ.
ЦУОШГ-аас "Энэ сард агаарын дундаж температур говь талын нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна.
Хур тунадас зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас бага, говийн аймгуудын зарим сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөв гарлаа.
Сарын эхээр ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна. Ялангуяа төв болон зүүн зүгийн нутгаар эрс хүйтэн байх магадлал өндөр байгаа тул малчид, ард иргэд мал төллөх үед анхааралтай байж, нарийвчилсан цаг агаарын мэдээгээ тухай бүрд авч ашиглахыг зөвлөе.
Харин хоёр болон гуравдугаар арав хоногуудад үе үе агаарын муудалт ажиглагдаж, ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар цас орж, салхины хурд зарим газраар 16–18 м/с, зарим үед түр зуур 20–24 м/с хүртэл ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна.
Энэ сард ихэнх нутгаар салхи шуурга ихтэй, ялангуяа говь талын нутгаар хур тунадас багатай, агаарын температур ОЖД–аас дулаан байх төлөвтэй байгаагаас шалтгаалан хуурайшилт ихтэй байж болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байх, аялал зугаалгад явахдаа цог нурмыг бүрэн унтрааж, гал алдахаас сэргийлэн, анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.
Мөн салхи шуурга ихтэй байх тул уул модонд явахдаа хачгаас хамгаалан битүү хувцас өмсөж, мал ахуйгаа салхинд уруудуулахгүй байх дээр анхаарна уу" гэв.
Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–ийн орчим, хур тунадас Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.
Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С–аар хүйтэн байх бол нэг болон гуравдугаар арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн үеэр ихэнх нутгаар 1–4°С–аар дулаан байх төлөвтэй байна.
Хоёр болон гуравдугаар арав хоногт үе үе агаарын муудалт ажиглагдах ба ялангуяа хугацааны дунд үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, салхины хурд 16–18 м/с, зарим үед 20–22 м/с хүртэл ширүүсэж, цасан болон шороон шуурга шуурч болзошгүй.
Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар ОЖД–ийн орчим байх бол Өвөрхангай аймгийн зүүн өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан байх магадлалтай байна.
Хур тунадас ихэнх нутгаар ОЖД–ийн орчим, харин Өвөрхангай аймгийн өмнөд хэсгээр ОЖД–аас ахиу орох магадлалтай.
Сарын эхээр ихэнх нутгаар агаарын температур эрс хүйтэн байх магадлал өндөр байгаа ба цаашлаад нэг болон хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ОЖД–аас 1–4°С–аар хүйтэн, харин хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ОЖД–аас 1-4°С–аар дулаан байх төлөвтэй байна.
Хоёр болон гуравдугаар арав хоногт үе үе агаарын муудалт ажиглагдах ба ялангуяа хугацааны дунд үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, салхины хурд 16–18 м/с, зарим үед 20–22 м/с хүртэл ширүүсэж, цасан болон шороон шуурга шуурч болзошгүй.
Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар ОЖД–аас дулаан байх бол Хэнтийн уулархаг нутгаар дунджийн орчим байх төлөвтэй.
Харин хур тунадас Хэнтийн нутгаар ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас бага байх төлөвтэй байна. Сарын эхээр нийт нутгаар агаарын температур эрс хүйтэн байх магадлалтай байгаа ба цаашид хоёр болон гуравдугаар арав хоногийн сүүлч үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1–4°С–аар хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД– аас 1–4°С–аар дулаан байна.
Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, салхины хурд 16–18 м/с, зарим үед 22–24 м/с хүртэл ширүүсэж, цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна.
Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Дундговь, Дорноговийн нутаг, Өмнөговийн хойд болон зүүн хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Хур тунадас Өмнөговийн ихэнх, Дундговийн өмнөд хэсгээр ОЖД–аас ахиу, Дорноговийн ихэнх сумдын нутгаар ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим орно.
Сарын эхээр ихэнх нутгаар агаарын температур хүйтрэх төлөвтэй байгаа ба цаашид нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн үеэр ОЖД–аас 1–4°С–аар хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар ОЖД–аас 1–4°С–аар дулаан байх төлөвтэй байна.
Нэг болон хоёр, гуравдугаар арав хоногуудын дунд үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орж, салхины хурд 16–18 м/с, зарим үед 22–24 м/с хүртэл ширүүсэж, цасан болон шороон шуурга шуурч болзошгүй.