Каннабисыг /өвс/ олон улсад хорт хавдрын эсрэг эмчилгээнд хэрэглэхийг албан ёсоор зөвшөөрөөгүй
2023/03/29
Нэгдсэн Үндэстний байгууллагын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх албаны 2010 оны тайланд Монгол Улсыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис дамжин өнгөрүүлэгч улс гэж үзсэн байсан бол 2014 онд хэрэглэгч улс гэж дүгнэсэн.
Монгол Улсын хэмжээнд сүүлийн 5 жилийн хугацаанд энэ төрлийн 1064 гэмт хэрэгт 1300 хүн холбогдон шалгагдсан бөгөөд холбогдогчдын 92.3 хувийг 35 хүртэлх насны хүүхэд, залуучууд эзэлж байна. Цагдаагийн байгууллагаас сүүлийн 3 жилийн хугацаанд 143.043 хүний нэг удаа мансуурах хэмжээний эм, бодис хураан авч хууль бус хэрэглээг таслан зогсоосон ба 2022 онд 58.639 хүний нэг удаагийн хэрэглээг хураан авснаар тодорхой төрлийн гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэх эрсдэлээс урьдчилан сэргийлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад холбогдсон этгээдүүдээс гэмт хэрэг, зөрчил үйлдэх болсон шалтгаан нөхцөлийг судлахад 80 орчим хувь нь эх сурвалжгүй, нотлогдоогүй мэдээлэлд итгэх, найз нөхдөө даган дуурайх, эрүүл мэнд, нийгэмд учруулах хор уршиг, хууль эрх зүйн үр дагаврын талаар мэдлэггүй улмаас анх удаа хэрэглэж үзсэн нөхцөл байдал тогтоогдсон.
Цагдаагийн байгууллагаас хориглосон мансууруулах бодис, ахуйн хэрэглээний зүйлийг зориулалтын бусаар хэрэглэн тухайн бодисын хамааралтай болохоос аль болох эрт үед нь илрүүлэх, ажлыг зорилго болгон ажиллахын зэрэгцээ өсвөр насны хүүхэд залуучуудыг гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлж, хорт зуршлаас ангид байлгах, ухуулга, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулснаар хүүхэд холбогдсон гэмт хэрэг 42 хувиар буурч, мансууруулах бодис, ахуйн хэрэглээний зүйл зориулалтын бусаар хэрэглэж мансуурдаг 72 хүүхдийг олж тогтоон эрүүл мэндийн байгууллагад холбон зуучилсан. Цаашид Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Боловсролын ерөнхий газруудтай хамтран энэ онд “Анзаар” арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулахаар ажиллахын зэрэгцээ мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээлэл өгөх 116 тусгай дугаарын утсыг ажиллагаанд оруулж, хууль эрх зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна. Каннабис нь дэлхий даяар хамгийн түгээмэл хэрэглэгддэг, олдоц ихтэй мансууруулах бодис бөгөөд НҮБ-ын Гэмт хэрэг, мансууруулах бодистой тэмцэх газрын 2021 оны тайланд 2030 он гэхэд хөгжиж буй орон буюу эдийн засгийн хувьд бага хөгжилтэй орнууд дахь мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэгчдийн тоо 43 хувиар нэмэгдэх хандлагатай байна гэж дүгнэсэн байна.
Хэвлэл мэдээлэл, цахим ертөнцөөр тархсан “НҮБ-аас олсны ургамлыг конвенцоос хассан учраас хэрэглэхийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болзошгүй гэсэн мэдээлэл тархаж байгаа тул нийгэмд буруу ойлголт төрүүлж байна. Мансууруулах эмийн комиссын 63 дугаар чуулганы сэргээгдсэн хуралдаан 2020 оны 12 дугаар сарын 2-оос 4-ний өдрийн хооронд хуралдсан. Уг хуралдааны дүнд 2019 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенц” 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-уудын жагсаалт дахь олсны ургамал, түүний нэгдлүүдийн хяналттай холбоотой зөвлөмжүүдийг хүргүүлсэн байсныг хэлэлцсэн.
Уг зөвлөмжүүдээс санал хураалтаар 1961 оны “Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенц”-ийн IV жагсаалтаас “каннабис болон каннабисийн резин“-ийг хассан боловч уг конвенцын нэгдүгээр жагсаалтад байдаг бөгөөд мансууруулах зорилгоор ашиглах нь хатуу хориотой. Манай улсын хувьд олон улсад каннабисыг зөвшөөрсөн гэх ойлголтыг буруугаар ойлгох хүмүүс цөөнгүй байна. Олон улсад каннабисын хэрэглээг зөвшөөрөх байдал нь 2 янз байна.
Тухайлбал: Анагаахын шинжлэх ухааны үүднээс CBD нь бүрэн судлагдаагүй бодис бөгөөд дэлхийн 195 улсаас 39 улс нь каннабисыг зөвхөн эмнэлгийн болон шинжлэх ухааны зорилгоор ашиглахыг зөвшөөрсөн хэдий ч 2018 онд АНУ-ын Хар тамхитай тэмцэх агентлаг (DEA)-ын “Хяналтад байдаг бодисын акт”-аар өндөр эрсдэлтэй бодис хэмээн хориглосон. Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнууд каннабисд тавих хяналтыг эргээд хатуу хэлбэр шилжүүлэх болсон.
Монгол Улсын Эрүүгийн хуулиар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдтэй холбоотой гэмт хэрэгт 1-20 жил хүртэл эсхүл бүх насаар хорих ял шийтгэдэг зохицуулалттай юм.