Дэлгэрэх хотхоны урд талын гурван замын уулзварт баруун болон зүүн эргэж болно
2023/03/29
Хөсөг трейдийн уулзварыг өнөөдөр өглөөний 06:00 цагаас эхлэн нэг чигийнх болгосон.
Үүнтэй холбоотойгоор Гурвалжингийн гүүр орчимд хөдөлгөөн нэлээд ачаалалтай байгаа талаар олон нийтийн сүлжээнд иргэд бухимдлаа илэрхийлцгээсэн.
Тэгвэл зохион байгуулалтыг өөрчилснөөр 14:00 цагийн байдлаар ямар үр дүн гарч байгаа тухай болон хөдөлгөөний ачаалал яагаад нэмэгдсэн талаар Замын Хөдөлгөөн Удирдлагын Төв(ЗХУТ)-өөс мэдээлэл өгөв.
ЗХУТ-ийн Хөдөлгөөн зохицуулалт хяналтын хэлтсийн дарга Н.Намуу "Иргэд жолооч нар мэдээлэл дутмаг байгаагаас зорчилт хөдөлгөөнөө сонгон явж чадахгүй, хуучин хэвшмэл байдлаараа чигээрээ явах гээд байх дүр зураг үүссэн. Үүний улмаас хөдөлгөөн баригдаж, Гурвалжингийн гүүр, Энхтайваны өргөн чөлөөнд нөлөөлөн түгжрэл, саатал бий болгосон.
Хэрэв хөдөлгөөн хэвшиж, бүгд баруун нэг чиглэлдээ орж тойроод урдуураа баруун эргээд явбал асуудал үүсэхгүй. Энэ уулзварт гэрэл дохионы горим нь хоёр буюу зүүн талаасаа болон босоо хөдөлгөөн ордог болсон. Хүлээлт байхгүй.
Өмнө нь таван гэрэл дохионы горимтой байсан. Ингэснээр хүлээлтийн хугацааны түгжрэл их байв" гэлээ.
Мөн зохион байгуулалтыг илүү сайжруулж, хашлага, тэмдэг тэмдэглэгээг нэмэлтээр хийхээр ажиллаж буйгаа хэллээ.
ЗХУТ-ийн хэлтсийн дарга Н.Намуу "Дэлгэрэх хотхоноос урагш гарахад хөдөлгөөн түр саатаж байгаа нь хурд сааруулагчтай холбоотой. Хурд сааруулагчаас шалтгаалж, хөдөлгөөн баригдаж байгаа тул стандартын дагуу зөв хийж, засварлах хэрэгтэй. Ингэвэл хөдөлгөөн хэвийн урсгалаар явах боломжтой.
Онцолж хэлэхэд, Дэлгэрэх хотхоны урд талын гурван замын уулзварт зүүн болон баруун эргэж болно. Иргэд нэг чигийн хөдөлгөөнд орсон гэхээр зүүн эргэхэд урсгал сөрөх нь гэж бодоод урагшаа яваад байгаа. Бүгд урагшаа явж, зохиомол түгжрэл үүсгэхгүйгээр зүүн эргэн боломжтойг хэлмээр байна" хэмээв