УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Халдашгүй байдлын дэд хороо хүлээж авах нь зүйтэй гэж үзжээ
2023/03/29
УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны хурал найман цаг орчим хаалттайгаар хуралдаж дууслаа. Улсын ерөнхий прокуророос ирүүлсэн УИХ-ын нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх саналыг ийнхүү хэлэлцэв.
Тус дэд хорооны дарга Ц.Мөнх-Оргил "УИХ-ын нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх УЕП-ын саналыг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ. Гурван гишүүн гэм буруутай гэсэн үг биш. Хууль хяналтын байгууллагыг ажлаа хийх боломжоор хангаж байгаа юм. Гэм буруугүй гэж тогтоогдвол боломжит түргэн хугацаанд УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг сэргээх саналыг оруулж ирэх саналыг УЕП-т хүргүүлж байна.
Хууль зүй болон Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, нууцаар санал хураалт явуулна. Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулна" гэдгийг хэллээ.
Т.Аюурсайхан гишүүний хувьд үндэслэлгүй хөрөнгөжих, зохион байгуулалттай бүлэг байгуулсан гэсэн үндэслэлээр бүрэн эрхийг нь түдгэлзүүлж, шалгах шаардлага үүсжээ. Тус хэрэгт холбогдуулан 11 хүнтэй уулзахыг хязгаарлаж, нэг хүнийг яллагдагчаар татжээ. Нийт 119 хүнийг гэрчээр дуудсан байна.
Харин УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг мөнгө угаах, хөрөнгө завших, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэдэг дөрвөн зүйлээр яллагдагчаар татжээ. Уг хэрэгт холбогдуулан 66 хүнийг гэрчээр дуудаж, 11 хүнийг яллагдагчаар татсан байна. Компанийн хувьцааны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан гэж үзэж байгаа аж.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг үндэслэлгүй хөрөнгөжих, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэж үзэн яллагдагчаар татжээ. Нийт 16 эд хөрөнгийг битүүмжилж, 60 хүнийг гэрчээр дуудан асуужээ.
"Гишүүнээс түдгэлзүүлэхгүй бол мөрдөгч, прокурорт эрсдэл үүсгэнэ"
Энэ талаар Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан "Тодорхой гишүүдтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явагдах гэж байгаа учраас мөрдөх байгууллагад ажиллах боломжийг нь олгох гэж байгаа юм. Гишүүнээс түдгэлзүүлэхгүйгээр ажиллагаа явуулах нь хэргийг шалгаж байгаа мөрдөгч болон хяналт тавьж буй прокурорт эрсдэл үүсгэнэ.
Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд УИХ-ын гишүүний хамаарал бүхий объектод хэрэв орвол хууль бус ажиллагаа болдог. Яагаад гэвэл гишүүний халдашгүй дархан байдалд нөлөөлсөн гэж үздэг. Гишүүнийг албадан саатуулах, өрөөнд нь нэгжлэг хийхийг хориглох хуулийн заалттай. Мөрдөн шалгах байгууллагуудын үйл ажиллагааг хэвийн явуулах боломжоор хангахын тулд нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулсан" хэмээв.
"Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь дэгтэй. Эхлээд Халдашгүй байдлын дэд хороо хуралдана. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үйл ажиллагаа, хэрэгтэй танилцах бүрэн эрх тухайн байнгын хорооны гишүүдэд хуулиар олгогдсон байдаг. Тиймээс тус байнгын хороо хуралдаж шийдвэрээ гаргасны дараа, бүлэг хуралдана" хэмээн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлж байв.