Насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татсан этгээдэд зорчих эрхийг хязгаарлах ял оноов
2023/03/31
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас тус аймагт үйлдэгдсэн насанд хүрээгүй хүүхдэд садар самууныг сурталчилсан, уруу татсан, заналхийлсэн гэмт хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ.
Тодруулбал, Л гэгч нь 2022 оны тавдугаар сараас эхлэн Говьсүмбэр аймгийн ахлах ангийн нэр бүхий сурагчтай фэйсбүүк хаягаар танилцаж, насанд хүрээгүй гэдгийг нь мэдсээр байж садар самууныг сурталчилсан зураг, дүрс бичлэгийг үзүүлж, нүцгэн зураг бичлэгийг нь хийлгэх, бэлгийн харьцаанд орохыг санал болгох зэргээр садар самуунд уруу татаж, улмаар “мөнгө өгөхгүй бол нүцгэн зургийг чинь цахим орчинд тараана” гэж айлган сүрдүүлж заналхийлсэн байна.
Дээрх хэрэгт Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлийн 1 /Заналхийлэх/, 16.8 дугаар зүйлийн 1 /Хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Шүүхээс хэргийг хянан хэлэлцээд Л-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, найман сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн байна.
Эцэг эхчүүд, асран хамгаалагчид хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулж, цахим орчинд өөрийгөө хэрхэн хамгаалах талаар ярилцаж, сэрэмжлүүлж байх нь дээрх төрлийн гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх боломжтойг прокурорын байгууллагаас зөвлөв.