Бүх хүүхдэд мөнгө олгох асуудлыг эргэж харна. Санхүүгийн эх үүсвэрийг 6, 7 дугаар сард шийдэх боломж бүрдэнэ
2023/04/06
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр E-Business платформын нээлтэд оролцож, тоон гарын үсгээ авахыг иргэдэд уриалсан юм. Түүнчлэн хүүхдийн мөнгөний асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулав.
Тэрбээр "Олон улсын байгууллагуудаас төсөв чинь маш хүндрэлтэй, Монгол Улс дампуурлаа зарлах хэмжээний эрсдэлтэй байна. Тийм учраас бүх хүүхдэд мөнгийг олгох нь тохиромжтой биш. Зорилтот бүлэгтээ алхам, алхмаар шилжүүл гэдэг шаардлагыг жил бүрийн төсөв хэлэлцэх үед тавьдаг.
Тухайн үеийн нөхцөл байдал ийм байсан гэсэн үг. Уг зөвлөмжийг дагах зайлшгүй шаардлагад Сангийн яам, УИХ-ын ажлын хэсэг орсон.
Одоо нөхцөл байдал өөр болж байгаа учраас бүх хүүхдэд мөнгө олгох асуудлыг эргэж харах боломжтой. Гэхдээ бүх хүүхдэд мөнгө олгох асуудлыг ОУ-ын байгууллагуудтай ярилцаж хийхгүй бол төсөв хэтэрхий зардлаа тэлээд байна гэдэг шүүмжлэлд ордог.
ОУВС-ийн хөтөлбөр, ФАТФ-аас төсвийн задаргаанд шинэчлэл хий гэдэг шаардлагууд байдгийг иргэд ойлгох хэрэгтэй.
Бүх хүүхдэд мөнгийг олгох санхүүгийн эх үүсвэрийг зургаа юмуу долдугаар сард шийдэх боломж бүрдэж эхэлнэ" хэмээн хэллээ.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт хүүхдийн 91% буюу 1.2 сая орчим хүүхдэд сар бүр 100,000 төгрөгийн тэтгэмж олгож байгаа нь тэгш бус гэсэн шүүмжлэл дагуулаад буй.