УЕПГ: Нүүрстэй холбоотой 7 эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ
2023/04/24
Нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, эрүүгийн хэрэгт Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газраас хамтарсан ажлын хэсгийн 48 мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газрын 12 прокурор хяналт тавин ажиллаж байна.
Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш Нийслэлийн прокурорын газраас 58 хүнд холбогдох 7 эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн бол ажлын хэсгээс одоо хэрэг бүртгэлтийн 24, мөрдөн байцаалтын 23, нийт 47 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Дээрх хэрэгт 127 хүн яллагдагчаар татагдан шалгагдаж байгаагаас 68 нь нийтийн, 35 нь хувийн компанийн удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, ажилтан, 8 нь хувиараа нүүрс тээвэрлэдэг иргэн, 3 нь БНХАУ-ын иргэн, 13 нь улс төрд нөлөө бүхий этгээд байна. Тодруулбал, Улсын Их Хурлын гишүүн 7, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан 1, Засгийн газрын гишүүн, сайд асан 1, яамны төрийн нарийн бичгийн дарга асан 1, аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн дарга 1, аймгийн засаг дарга 1, аймгийн засаг дарга асан 1 хүн байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад прокуророос орон байранд нэгжлэг хийх 123, хөрөнгийн шилжилт хөдөлгөөний хязгаарлах 26, мэдээлэл баримт бичиг гаргуулах 108, эд зүйл хураан авах 13, нийт 270 зөвшөөрлийг мөрдөгчид олгож, ажлын хэсэг 227 объектод нэгжлэг хийн, хүний бие, эд зүйл,баримт бичигт үзлэг хийх ажиллагааг 1202 удаа явуулж, гэрчээр 10057 хүнийг асуужээ.
Мөн Авлигатай тэмцэх газраас 1151 ширхэг баримт, Эрүүгийн цагдаагийн албанаас 113 мянган хуудас баримтыг тус тус холбогдох байгууллагуудаас гаргуулан авсан байна.
Одоогоор хэрэгт шалгагдаж байгаа эрх бүхий албан тушаалтнууд 13,8 тэрбум төгрөгийн хахууль авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа бөгөөд үүнтэй холбоотойгоор нэр бүхий яллагдагч нарын хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байна.
Тухайлбал, 97 үл хөдлөх эд хөрөнгө, 48 тээврийн хэрэгсэл, 5 газар, 2 хуулийн этгээдийн хувьцаа, 35 иргэн, 43 хуулийн этгээдийн арилжааны банк дахь дансны зарлагын гүйлгээ, 4 иргэний 3,2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үнэт, цаас бондын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, нэгжлэгийн ажиллагааны явцад илэрсэн 630 сая төгрөг, 230 мянган ам.долларыг хураан авч, эх үүсвэрийг нь шалгаж байна.
шаабар · 2023/04/24
Хэдлэлээр аль эрт яллачихаад одоо болтол хариуцлага тооцож чадахгүй дүлэгнээд тойрч давхиад байдаг нь өмнөх жишгүүд давтагдаж суларсаар суларсаар сураг алдардаг байдал давтагдах гээд байх шиг. Лав л УИХ-ын гишүүн, сайд нараа анх удаа хэрэг хийсэн, төрийн түшээ гэхчлэн "өрөвдөж" торгууль моргуульхан ял өгсөн болоод л өнгөрөх буй заа. Манай хуулийнхэн хэрхэн дампуурсан болохыг Зоригийг хөнөөсөн хэргийг хэрхэн шийдвэрлэснээр харагдсан шүү дээ. Угаасаа дампуурсан төрийн дампуурсан хэргийг дампуурсан шүүгчид шударгаар шийдэж чадах уу ....