"Би атаман байна, та нар яах юм" хэмээн бусадтай маргалдан зодуулснаар хүндэвтэр гэмтжээ
2023/04/27
Яллагдагч Г-г энэ оны нэгдүгээр сарын 26-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үед нь иргэн Б "Би атаман байна, та нар яах юм" гэж хэлжээ.
Үүнээс улбаалан тэд маргалдаж, улмаар Г иргэн Б-г хавирч унагаан нүүрэн тус газарт гутлаараа өшиглөж, хэвлий болон гарын сарвуунд зулгаралт, дөрвөн шүдний булгаралт, 2 шүдний ганхалт зэрэг хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Эрүүгийн хуулийн Тусгай ангид зааснаар бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор заасан. Энэ тохиолдолд 450-5400 нэгжээр торгох, 240-720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялуудаас оноодог.
Шүүх иргэн Г-г хохирогчийн өдсөн маргааны улмаас түүний биед хүндэвтэр хохирлыг санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус харьцаанаас үүдэлтэй гэмт хэрэг үйлдсэн зэрэг байдлыг харгалзан 800 нэгж буюу 800 мянган төгрөгөөр торгох ялыг сонгон оногдуулжээ.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Тойм бэлтгэсэн: Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны Шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд
chomnmnmnlpo · 2023/05/02