О.Содбилэг: Эрх баригчид Ш.Түвдэндорж гишүүнийг ямар ч хамаагүй үнээр сайд болгох гэж зүтгэсэн
2014/06/12
УИХ-ын гишүүн О.Содбилэгтэй ярилцлаа.
-ҮХАА-н сайдаар Ш.Түвдэндорж гишүүнийг олонхийн саналаар дэмжлээ. Чуулганы явцад танай бүлгийн гишүүд ширээгээ цохиж байгаа харагдсан. Санал хураах явцад мөн картаа сугалж санал хураалтад оролцоогүй нь ямар учиртай юм бэ?
-Ганцхан Ш.Түвдэндорж гишүүний томилгооны асуудалдаа гол нь биш л дээ. Хамгийн чухал нь өнөөдрийг хүртэл явж ирсэн өрнөлөөсөө болсон юм. ҮХАА-н сайдыг томилох асуудал чуулганаар орж байхад Их хурлын дарга Сэлэнгэ аймаг руу явчихсан. З.Энхболд даргыг эзгүй үеэр нь УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж хуралдааныг дэгийн дагуу явуулж чадаагүй. Манай бүлгийн гишүүдийг үг хэлэх цагийг нь хасч, үг хэлснийх нь дараа өөрийнхөө үгийг ярианд нь хавсаргаад явсан нь УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд халдсан, манай гишүүдийн дургуйцлийг хүргэсэн. Нөгөө талаасаа Ш.Түвдэндорж гишүүнийг ҮХАА-н сайдад томилохоосоо өмнө огцруулахаар өргөн барьсан Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярын асуудлыг хэлэлцэх ёстой байсан. Хуулийн хугацаа нь долоо хоног байсан боловч хугацаа хэтрээд 14 хоночихлоо. Уг асуудлыг түрүүлж хэлэлцэхгүй байж өөрсдийн томилгоог олонхиороо түрээд байсан тул түүн дээр дургүйцэж манай гишүүд ширээ цохиж дуу чимээ гаргасан. Ш.Түвдэндорж гишүүний тухайд бид байр сууриа хэлээд байхад бидний үгийг хүлээж аваагүй тул энэ санал хураалтад бүлгээрээ оролцохгүй гээд картаа сугалсан. Манайхан картаа сугалсны дараа чуулганы ирц санал хураалтад хүрэхгүй байсан. Нэг хүний карт дутуу байх тэр мөчид “Шударга ёс” эвслийн гишүүн З.Баянсэлэнгэ дураараа очиж Л.Цог гишүүний картыг түлхэж ирц бүрдүүлж санал хураалт явагдаж Ш.Түвдэндорж гишүүн сайд болсон. Өнөөдрийн нөхцөл байдал ийм л байна. Бид хоёр жилийн хугацаанд цөөнхийн үгийг сонсдоггүй, зөв зарчмын саналын хүлээж авдаггүй, олонхиороо түрдэг байдал газар авч байгаад бухимдахаас өөр арга алга. Цаашид ингээд яваад байвал бүр л хэцүү болох байх.
-Танай бүлгийн гишүүд картаа сугалсан сугалаагүй ирцээ бүрдүүлж санал хураах нь тодорхой байсан. Санал хураалтад оролцсон гишүүдээс зургаа нь эсрэг саналтай гарсан. Танайхан санал хураалтад орсон бол байдал өөр болох ч байсан юм бил үү?
-Энэ нь нэг талаараа улс төрийн акц байгаа юм. Ард түмний 40 хувийг авсан манай намаас гадна аль ч нам олонхи болж чадаагүй. Олноороо болсон нь харин эвсэл бүрдүүлсэн. Ард түмний 40 хувийн санал авсан намынхаа үгийг сонсохгүй хүч түрж байгаад нь эсэргүүцэл үзүүлсэн улс төрийн протез байлаа.
-Ирэх долоо хоногт Н.Батбаяр сайдын асуудал хэлэлцэгдээд явах байх. Танайхан мөн л картаа сугалаад алга болчих юм биш биз дээ. Ганц сайдыг огцруулснаар асуудал шийдэгдэхгүй гэдэг нь нэгэнт тодорхой шүү дээ?
-Эрх баригчдын санаачилгаар "ЭЗЭН-100 "хөтөлбөр хэрэгжээд явж байна. Үүнээс ямар дүн гарах вэ гэдгийг бид харж байгаа. Эдийн засгийн хөгжлийн салбарын асуудлыг хариуцаж буй сайдад хариуцлага тооцох нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн. Уг шийдвэр УИХ-д суугаа Ардын намын бүлгийн 26 гишүүний шийдвэр биш. Манайхан чуулганы завсарлагаанаар орон нутгаар явж иргэдтэй уулзахад хамгийн түрүүнд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний өсөлт, эдийн засгийг хүнд болгосон хүмүүстэйгээ хариуцлага тооцооч ээ гэдгээ хэлсэн. Тиймээс ард эхний ээлжинд Н.Батбаяр сайдад хариуцлага тооцохоор болсон хэрэг. Ерөнхий сайд “Би кабинетыг толгойлж байгаа хүний хувьд хариуцлага тооцох хүндээ хариуцлагаа тооцоод явна” гэсэн. Гэсэн ч хуулиа зөрчөөд хэлэлцэх хугацааг нь сунгаад байгаад манай бүлгийн гишүүд эсэргүүцээд байгаа юм.
-Танай бүлгийн гишүүд картаа сугалаад ирц бүрдүүлээгүй үед З.Баянсэлэнгэ гишүүн хүний карт түлхэж ирц бүрдүүлсэн гэх мэт асуудалд мөн л хариуцлага тооцоод явах уу?
-Улс төрийн хямрал анхнаасаа ардчилал, парламентын зарчмаас хазайж цөөнхийн үгийг үл тоосноос эхэлсэн. Манай бүлэгт олон жил төр барилцсан туршлагатай хүмүүс бий. Энэ хүмүүсийн үгийг сонсоод явсан бол өнөөдөр эдийн засгийн ийм хүндрэл рүү орохгүй байсан. Тухайлбал, “Чингис" бондоо үр ашигтай зүйлд зарцуулаарай” гээд гаргасан. Гэтэл Засгийн газар зарцуулалтаа ч тайлбарлаж чадахгүй байгаа нь харамсалтай. Ерөнхий сайд нь 50 тэрбум төгрөг өөртөө баталчихаад зарцуулах зүйлдээ хөрөнгө оруулж чадаагүй. Үүнийг нь ч АТГ нотолсон. Энэ бүхэн дээр нь манай бүлгийн гишүүд зөв зүйл рүү залах гэж хичээсэн. Манай бүлгийн гишүүдийг зөвхөн сөрөөд байна гэж харж болохгүй л дээ. Бидний хэлж буй үгсийн цаана ард түмнээ гэсэн сэтгэл бий. Амьдрал дээрээ иргэд үнэхээр хэцүүхэн байдалтай байна. Нийслэлийн түвшинд гэхэд НИТХ-ынхан Бразил, Куба явчихлаа. Эдийн засгийн хямралтай, нийслэлдээ шийдэх олон ажил байхад өөрсдөдөө томилолт бичээд явах шаардлага байна уу, үгүй юу гэдгийг эргэж харах л ёстой. Цаана нь төсвийн мөнгө л зарцуулагдаж байна.
Картаа сугалж санал өгөхгүй байх энэ улс төрийн акц цаашид давтагдах байх. Эрх баригчид асуудал шийдэх үед өөрсдөө ирцээ бүрдүүлэх ёстой. Өнгөрөгч хоёр жилийн хугацаанд Ардын намын бүлгийн гишүүд л ирж ирц бүрдүүлж олон хууль тогтоомж баталсан. Анхнаасаа бид тэс хөндлөн хэвтчихсэн байсан бол ингэж асуудлууд шийдэгдэхгүй байсан. Эрх баригчид цөөнхийн үгийг сонсдог байсан бол ингэхгүй байлаа. Бид ч гэсэн картаа сугалахгүй. Учир нь биднийг сонгосон ард түмэн биднийг харж байгаа.
-Чуулган эхэлснээс хойш танай бүлгийнхэн ҮХАА-н сайдын асуудал дээр завсарлага авъя гэхэд өгөөгүй. Гэтэл асуудал хэлэлцээд дууссаны дараа дараагийн асуудлыг хэлэлцэж эхлэхэд шууд завсарлага өгсөн гэх мэтээр ойлгомжгүй зүйлс байна?
-Тэгэхээр эрх баригчид Ш.Түвдэндорж гишүүнийг ямар ч хамаагүй үнээр сайд болгон баталгаажуулъя гэдэг нь анхнаасаа мэдэгдсэн. Дараагийн хэлэлцэх асуудал нь Эдийн засгийн хөгжлийн сайдыг огцруулах тухай байх хэрэгтэй гэсэн байр сууринаас манай бүлэг завсарлага авчихаад байж байна. Аливаа зүйлсийг зөв гольдрилд нь оруулж, зөв улс төр хийхгүй бол болохгүй.
-Аль аль намынхан гаднын хөрөнгө оруулагчдын итгэл суларсан байна гээд байгаа. Гэтэл танай бүлгийнхэн “Засгийн газрын гишүүдийг огцруулъя” гэсэн санал оруулах бүрт тэр итгэл улам алдагдаад байна шүү дээ. Үүнийгээ болихгүй юм уу?
-Засгийн газрын гишүүдийг огцруулснаар улс төрийн тогтворгүй байдал үүснэ гэдэг нь энэ эрх баригчдын л хэлж байгаа үг. Харин миний уулзсан хүмүүс “Энэ хүнээ зайлуулаач ээ. Тэгэхгүй бол манай компанид хөрөнгө оруулалт орж ирэхгүй байна. Энэ хүмүүсээс болж гаднын түншүүд зугтаад байна” гэсэн зүйлийг бодит байдал дээр хэлж байгаа юм. Н.Батбаяр сайдыг ажлаа өгчихвөл “Монголын рейтинг бага ч гэсэн өсөхөөр байна” гэдгийг өмнө нь Сангийн сайдаар ажиллаж байсан хүмүүс болон туршлагатай улс төрчид хэлээд байгаа. Хэвлэлээс харж байхад гаднын томоохон олон улсын байгууллагынхан уулзалт хийхээр ирэхэд “Эдийн засгийн алуурчид сайн байцгаана уу” гэж мэндэлдэг хүнтэй ямар хөрөнгө оруулагч итгэж мөнгөө өгөх юм бэ. Эрх баригчдын зүгээс “Гудамж, талбай янзалж, цэцэг ногоо тарьж байна” гэх зүйлсийг хэлээд байна. Энэ бол Эдийн засгийн хөгжлийн сайдын хийх ажил биш л байхгүй юу. Эдийн засгийн нэгдсэн бодлого, өгөөжтэй төсөл хөтөлбөрийг дэмжих болохоос “Чингис" бондын мөнгөөр цэцэг тарина. Гудамж засна, энэ мөнгийг нь би шийднэ” гээд дараад хэвтээд байж боломгүй байгаа юм. Ухаандаа анх бодлогын их том ажил хийнэ гэж энэ бондын мөнгийг батлуулж авсан. Үнэндээ өнөөдөр Эдийн засгийн хөгжлийн сайд бус эдийн засгийн саад болоод байна гэдгийг залуус шог байдлаар хэлээд байна.
-Та твиттер хуудаснаа “ЭЗЭН-100" хөтөлбөр хэрэгжсэнээр талхны үнэ 100 төгрөгөөр нэмэгдлээ” хэмээн бичсэн байсан. Эдийн засгийг идэвхжүүлэх хөтөлбөрт найдлага тавихгүй байна уу даа?
-Уг нь 100 хоногийн үр дүнтэй болгохын тулд Засгийн газар энэ асуудлууддаа эрэмбэлэх байсан юм. Гэтэл лоозонгийн чанартай хөтөлбөрөө батлаад “100 хоногийн дотор эдийн засгийн янзтай сайхан болгоод өгье” гэж эрх баригчид амласан. Тэдэнд одоо 60 гаруй хоног л байна. Миний хувьд олон нийтийн мэдээллийн хэрэгслээс үүнийг авч тавьсан. "ЭЗЭН-100" хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш миний л мэдэхийн эдийн засгийн эерэг өөрчлөлт гарсангүй. "Оюутолгой" компани ажилчдаа хэдэн зуугаар нь халсан бол, иргэний нисэхийн "Изинис эйрвиз" компани дампуурлаа зарласан. Хамгийн ноцтой нь олон улсын байгууллага манай зээлжих зэрэглэлийг тогтвортой гэж байсныг “-” буюу эрсдэлтэй болгосон. Энэ нь цаашид гаднаас авсан олон зээлийн эргэн төлөгдөх хүү нь өснө гэсэн үг. Уг алдагдлын эрсдэл нь хэд байх вэ гэдгийг бид тооцох шаардлагатай. "ЭЗЭН-100" эхэлснээр юу болов, ийм л зүйл боллоо. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөөр л байна. Ард түмэн үнэхээр үгээ хэлж байна л даа.
-Ардын нам, Ардчилсан намын улстөржилт хэрээс хэтэрлээ. Хоёр нам хөтлөлцөөд алхаж чаддаггүй юм аа гэхэд зэрэгцээд эдийн засгаа дэмжихийн төлөө хамт яваад байж болдоггүй юм уу?
-Бидний зүгээс манайхны үгийг хүлээж авч засах зүйлээ засаад яваач дээ гээд байгаа. Хоёр жил ингэж хэллээ. Тэгэхээр өөдөөс “Ардын нам чөдөр тушаа боллоо. Улстөржүүлж байна” гэдэг ганц л зүйлийг ярьдаг. Бидний зүгээс эдийн засгаа сэргээ, иргэдийн ахуй амьдралыг дээшлүүл, ам.долларын ханшаа буулга гэдэг. Үнэндээ бид энэ асуудалд оръё гэсэн ч хөшүүрэг байхгүй. Эрх баригчид хэвлэл мэдээллийг, хууль хяналтынхныг мөн л барьчихсан. Тийм болохоор тэд хийх зүйлээ хийгээд явах ёстой. Түүнээс бид саад болоод, хорлон сүйтгэх террорист ажиллагаа явуулаад байгаа юм биш. Ерөнхий сайд ийм л байдлаар биднийг ярьдаг. Террорист зүйл хийлээ гэх юм. Тийм боломж нь ч бидэнд байхгүй. Тэгээд ч бидний зорилго биш. МАН, АН-ын эдийн засаг гэж байхгүй. Ардчилсан намынхны зурагдсан пянз шиг байнга хэлдэг үгсэд нь иргэд итгэхээ ч больчихлоо. Иргэдийн зүгээс “Чадах юм бол энэ Засгийн газар юм хийгээч ээ” л гэж байна.
-Д.Эрдэнэбат гишүүн “Ардын намынхан хүн огцруулахаас өөр ажил алга. Дараа нь хэнийг огцруулах юм, бүү мэд” гэж чуулган дээр хэлсэн. Дараагийн сайд хэн байх вэ?
-Болохгүй байгаа хүмүүстэй хариуцлага тооцож тэмцэлгүй яахав. Цаашид ч энэ ажлаа үргэлжлүүлнэ. "Ухаалаг төр", "Шилэн данс", УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж болохгүй гэсэн санаачилгыг гаргасан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Ш.Түвдэндорж гишүүнийг сайдаар томилох болсон асуудал дээр хориг тавих болов уу гэж манай бүлгийн зүгээс харж байна. Ерөнхийлөгч АН-аас нэр дэвшин хоёр удаа төрийн тэргүүнээр сонгогдсон. 2013 онд Ерөнхийлөгч болохдоо “Бид тулгын гурван чулуу болно” гэдгээ хэлж байсан. Тулгын гурван чулуу болсон уу, үгүй юу гэдгийг одоо л хармаар байна.
Э.ЭНХБОЛД