iPhone, iPad төхөөрөмжүүд ЭЗНИЙХЭЭ дуу хоолойгоор ярьдаг болно
2023/05/19
iPhone, iPad төхөөрөмжүүд удахгүй эзнийхээ дуу хоолойгоор ярьдаг болох гэж байгааг Apple компани өчигдөр зарлажээ.
“Personal Voice” хэмээх боломж нь эхлээд тухайн төхөөрөмжийн эзэнд санамсаргүй текстүүд өгч уншуулаад 15 минутын урттай хоолойн бичлэг үүсгэх гэнэ. Энэ бичлэг дээр үндэслэн iPhone-ий хиймэл оюун ухаан тухайн хүний хоолойгоор ярьж сурах юм байна.
Үүнээс гадна “Live Speech” хэмээх шинэ боломж iPhone гар утсанд нэмэгдэх ба энэ нь текстээр бичсэн зүйлийг яриа болгон хувиргах зориулалттай байх гэнэ.
Өөрөөр хэлбэл утсаар ярихдаа болон видео дуудлага хийхдээ өөрөө ярилгүй, бичсэн, сонгосон текстээ гар утсаараа уншуулна гэсэн үг юм.
Дээрх шинэ боломжуудыг хэл ярианы бэрхшээлтэй хүмүүст зориулж байгаа ажээ.
Өөрөөр хэлбэл тархи мэдрэлийн янз бүрийн өвчин эмгэгээс шалтгаалан ярих чадвараа алдсан хүмүүс үүнийг ашиглан өөрийн дуу хоолойгоор бусадтай харилцсан хэвээр байх юм.
Apple компани “Personal Voice”, “Live Speech” боломжуудыг энэ онд багтаан iPhone, iPad төхөөрөмжүүддээ нэвтрүүлэхийг амлажээ.