Хот суурин газарт бий болсон төвлөрлийг дагаж хог хаягдлын хэмжээ нэмэгддэг. Сүүлийн 40 жилийн хугацаанд хот, суурин газарт шилжин суугчдын тоо гурав дахин өсжээ.

Тэгвэл одоогийн байдлаар нэг хүнд 1кг хог хаягдал ногдож байгаа бөгөөд цаашид 2.5кг болж өсөх тооцоо гарчээ.

 

Хог хаягдлыг багасгах зорилгоор “Даяс” буюу дахивар авах явуулын станцыг ажиллуулж эхэлсэн  эмэгтэйг Б.Булган гэдэг. Ирээдүй хойч үе, үр хүүхдийнхээ төлөө буюу ээж хүнийхээ үүргийг ухамсарлан хог хаягдлын салбарт 2018 оноос ажиллаж эхэлжээ. Энэ тухайгаа тэрбээр “Би нийгмийн ухааны мэргэжилтэй. Анх энэ салбартай холбогдохдоо ганцаараа бүхнийг хийнэ гэхээсээ илүү энэ салбарын хүмүүстэй хамтран өөрийн чаддаг зүйлээ хийж, туслахыг зорьж байсан. Үүнийхээ хүрээнд энэ салбарт манлайлан оролцдог “Хоггүй Монгол” ТББ-ын тэргүүн Б.Бүжинтэй холбогдсон. Ингээд бид 2019 оноос дахивар авах явуулын станцыг ажиллуулж эхэлсэн. Хогоо ангилдаг эсвэл ашигласан шил, лаазаа  хаяж чаддаггүй маш олон хүмүүс байдаг. Гэвч хаана тушаахаа мэддэггүй. Тиймээс нийгмийн энэ хэрэгцээнд тулгуурлан анх явуулын станцыг байгуулах санаа төрсөн. Ингээд идэвхтэй хогоо ялгадаг хүмүүсийн хогийг очиж авч эхэлсэн” гэв. Ихэнх эзэгтэй нар даршилсан ногооны шилээ хаяж чаддаггүй. Тэгвэл тэдэнд зориулан хамгийн анхны “Даяс” арга хэмжээгээрээ даршилсан ногооны шил авч байжээ. Тус арга хэмжээнд маш олон хүн оролцсон бөгөөд хуванцар, гялгар уут зэргийг авахыг хүссэн байна.  Үүнээс хойш бүх төрлийн хаягдлыг авах болжээ. Энэ тухайгаа Б.Булган “Иргэд зөвхөн даршилсан ногооны шил гэхээсээ илүү бүх төрлийн дахиврыг өгөх сонирхолтой байдаг. Тиймээс иргэдийн хэрэгцээнд тулгуурлан Монгол Улсын хэмжээнд дахин боловсруулах боломжтой бүх төрлийн дахиварыг худалдан авах болсон. Хогоо ангилдаг хүмүүсийн хувьд дүүрэг, хороо үл харгалзан авчирч өгдөг. Мөн эхний удаа дахиваруудаа хольж авчирч өгдөг бол дараагийн удаагаас цэвэрлээд, ангилаад авчирч өгдөг болсон. Манай “Даяс” буюу дахивар авах явуулын станцыг хүмүүс хүлээдэг болсон” гэсэн юм.

 

 

 

Авдаг газар байдаг учраас ангилдаг хүмүүсийн тоо нэмэгдсэн

 

сонин mn

 

Б.Булган

 

сонин mn

Анх тэднийг дахивар авч байхад 20 гаруй хүн л авчирч өгдөг байжээ. Харин одоо тэдний үйл ажиллагаанд оролцох хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа аж. Тодруулбал, өдөртөө 50 гаруй хүн үйлчлүүлдэг байна. Гэхдээ “Даяс” явуулын станц өвөлдөө үйл ажиллагаагаа бүрэн зогсоодог байна. Харин Хавар, Намар, Зуны улиралд сард нэг удаа аль нэг байршлыг сонгож нэг өдрийн хугацаанд дахивар авдаг гэнэ. Тэгвэл энэ амралын өдөр буюу ням гарагт 13 дугаар хорооллын гурван өндрийн урд талд авахаар болжээ. Хэрэв танай гэрт өмсдөггүй хувцас, хэрэглэдэггүй эм, малын өөх, болон хуванцар сав, шил лааз байгаа бол түүнийгээ тушааж ахуйн хэрэглээний бараа авах боломжтой юм. Энэ тухай тэрбээр “Даяс арга хэмжээ нь 28 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн арга хэмжээнд “Өөхөө тушаая” буюу өөх худалдан авдаг байгууллага, Эмийн хаягдал авдаг газар, хуучин хувцас авч дараагийн хүмүүст нь хандивладаг байгууллагууд оролцож байгаагаараа онцлогтой. Мөн дахивараа өгөөд  ахуйн хэрэглээний бараа сонгон авах боломжтой” гэсэн юм.

 

Цаашид долоо хоног бүрийн тогтсон нэг өдөр дахивар авдаг машинууд хотхонуудаар явж ангилсан хогийг авах боломж бий гэдгийг Б.Булган хэлж байлаа. Дүүрэг, СӨХ, хог дахин боловсруулдаг байгууллагууд хамтран ажиллаж хогоо ангилж, тээвэрлэлт дээр анхаарвал энэ асуудал шийдэгдэх бүрэн боломж байгаа аж. Хогны асуудлаа шийдэж чадсан гадны улсуудад дахиварын явуулын станцыг ихээр ашигладаг байна. Жишээлбэл, Японд долоо хоног бүрийн пүрэв гарагт зөвхөн PE төрлийн хуванцар авдаг. Тиймээс иргэд нь өглөө гэрээсээ гарахдаа ангилсан дахивар байршуулах цэгт орхиод явдаг. Харин баасан гарагт цаас, бямба гарагт шил гэх маягаар хүмүүс нь хогоо явуулын станцад тушаадаг. Харин явуулын станц нь дахиварыг авч боловсруулах үйлдвэр лүү нийлүүлдэг байна. Ийм хуваарийг хийж чадвал бид хогноосоо салах бүрэн боломж бий гэдгийг дээрх улсын жишээнээс харж болох юм.

 

Сонирхуулахад, хүн дунджаар өдөрт хоёр кг хог хаягдал бий болгодог бол жилийн дотор энэ хэмжээ 1.5 тоннд хүрдэг. Хүн амьдралынхаа туршид нийтдээ 25 мянган ширхэг лааз хэрэглэдэг. Далайд унасан хуванцар сав, гялгар уутыг идэж эсвэл орооцолдсоноос болж жил бүр 100 мянган амьтан үхдэг. Жил бүр 21.5 сая тонн хүнсний хог хаягдал бий болдог. Хэрвээ үүнийг дахин боловсруулж чадах юм бол тээврийн хэрэгслийн тоог хоёр саяар бууруулсантай тэнцэх хэмжээний хүлэмжийн хийг багасгана. Нэг лаазыг дахин боловсруулснаар телевизорыг гурван цаг ажиллуулах эрчим хүч хэмнэдэг байна.  Харин нэг шилэн савыг дахин боловсруулснаар компьютерийг 30 минут ажиллуулах эрчим хүч хэмнэдэг. Дэлхий дахинд 2050 он гэхэд далайд цутгасан хуванцар хаягдлын тоо хэмжээ далайн загаснаас ч их болох эрсдэл бий.

https://www.facebook.com/NoPlasticMongolia

 

Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин