Цалин нэмнэ “Браво”, үнэ өснө “Уучлаарай”
2023/06/05
Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар төрийн албан хаагчдын цалин хөлсийг үе шаттайгаар нэмэх, хүүхэд бүрт мөнгө олгох шийдвэр гаргав.
“Браво” гэх үү?
217.7 мянган төрийн албан хаагчийн суурь цалингийн нэмэгдэлд 986.6 тэрбум төгрөг зарцуулах юм. Тодруулбал, төрийн нийтлэг үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалингийн доод хэмжээг 750 мянга, Төрийн мэргэжлийн үйлчилгээний 100 мянган албан хаагчийнхийг нэг сая, төрийн захиргааны 23 мянган албан хаагч болон төрийн тусгай албаны 350 мянган албан хаагчийнх мөн нэг сая төгрөг байхаар төлөвлөжээ.
Түүнчлэн тэтгэврийн зөрүүг ойртуулж бас нэмэгдүүлэх болсон. Ингэхдээ 164.6 мянган хүний тэтгэврийн зөрүүг ойртуулахад 200.2 тэрбум, 496.2 мянган хүний тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлэхэд 194.4 тэрбум төгрөг зарцуулах юм байна. Ийнхүү цалин, тэтгэвэр нэмэхийн зэрэгцээ халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг ч өсгөнө хэмээн улстөрчид амлав.
Хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаа шаардлагатай хүүхдэд олгох тэтгэмжийг 12.8 хувиар нэмэгдүүлэх бөгөөд үүнд 17.5 тэрбум төгрөг шаардлагатай. Мөн нийгмийн халамжийн асаргааны тэтгэмжийг 275 мянган төгрөгт хүргэснээр 72.4 тэрбум төгрөг хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, тэтгэмжид хамрагддаг 144.4 мянган хүнд 89.3 тэрбум төгрөг зарцуулах юм. Мөн хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгож эхлэх бөгөөд оны эхнээс авч чадаагүй хүүхдүүдийнхийг нөхөж олгоно хэмээн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ. Тиймээс нийт 1.3 орчим сая хүүхдэд 167.2 тэрбум төгрөгийг олгох нь ээ.
Ямартай ч Засгийн газраас гаргасан энэ шийдвэрт 1.6 их наяд төгрөг шаардлагатай. Үүнийг Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэнэ.
Тиймээс төсвийн тодотгол оруулахгүйгээр батлаж байна хэмээн “том дуугарч” байсан Сангийн сайдын амлалт сонгуулийн жил угтсан сорилтод бүдэрчихлээ. Тэгээд цалин, тэтгэвэр нэмэгдэж, хүүхэд бүр 100 мянгаа авах боллоо “Браво” гэх үү дээ.
Төсвийн орлогын өсөлт цалин нэмэх шалтаг гэж үү?
Төрийн зарим албан хаагчид цалингаа нэмүүлчихлээ. Тэтгэврийн мөнгө ч нэмэгдчихлээ. Цалин нэмэх шийдвэр гаргахаас хэдхэн хоногийн өмнө Сангийн сайд Б.Жавхлан “Бид өнгөрсөн жил төсвийн боломжоо харж байгаад тэтгэврийг нэмсэн. Цалингийн хэмжээнээс илүү бодлогын тохиргоо хийх нь зүйтэй. Төрийн албаны цалингийн бодлого алдагдсан. Цаашид хуулийн зохицуулалт хийж, нэгдсэн байдлаар төрийн алба хаагчдын цалингийн бодлогыг ХНХ-ын яам тогтвортой болгох өөрчлөлт хийх ёстой. Тэгэхээр төсвийн орлоготой уялдуулж, тодотгол хийж цалин нэмэгдүүлнэ гэхэд эрт байна" гэж байсан юм. Тиймээс л энэ удаагийн шийдвэр улстөржчихлөө гээд байгаа хэрэг. Тэгвэл шийдвэр гарсны дараа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа “Цалингийн доод хэмжээг нэмэгдүүлэхэд Засгийн газраас анхаарсан. Соёл урлаг, биеийн тамир, спортын салбарынхны үндсэн цалингийн доод хэмжээг нэг сая төгрөг болгож нэмнэ. Үүн дээр салбарын онцлог, ажилласан жил, орон нутагт ажиллаж байгаа гэх зэрэг нэмэгдлүүд тооцогдоно" гэлээ. Гэхдээ үүний цаана ямар үр дагавар байгааг зайлшгүй тооцоолох учиртай.
Монгол Улсын эдийн засаг энэ оны эхний нэгдүгээр улиралд 7.9 хувиар өссөн үзүүлэлттэй гарсныг статистикчид онцлов. Харин эдийн засагчид цалин, тэтгэврийн нэмэгдлийг дагаж гарах үнийн өсөлт инфляцийн хүлээлтэд сөргөөр нөлөөлнө гэдгийг сануулж байна. Өөрөөр хэлбэл, орлогыг нэмэгдүүлж, хэрэглээг тэтгэх замаар эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэх боловч нөгөө талдаа зардлын инфляц үүсэх вий гэсэн болгоомжлол байна.
Нөгөөтэйгүүр Монгол Улсын төсвийн орлого сүүлийн 30 жилийн түүхэнд байхгүй хэмжээгээр өсөлттэй гарсан хэмээн төрийнхөн тунхагласан. Манай улсын нэг хүнд ногдох ДНБ 5033 ам.доллар байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Тиймээс эдийн засаг цар тахлын үеэс хойш өсөлттэй байгаа нь цалин нэмэх боломжийг бүрдүүлсэн хэмээн тайлбарлаж буй. Тэгэхдээ энэ нь бодитоор харвал нүүрсээ цахимаар арилжсаны давуу тал гэдгийг зарим судлаачид хэлэв. Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сарын 12-ноос эхэлсэн арилжаа өнгөрсөн сарын 31-нийг хүртэл нийт 35 удаа хийгдэж 87.6 сая ам.доллар болон 282.6 сая юанийн орлого төвлөрүүлжээ. Эцэст нь, орлого төвлөрч өмнөх үеэс өсөлттэй байгаа нь сайн хэрэг. Гэвч цалин, тэтгэвэр нэмэх шалтаг мөн үү. Хамгийн гол нь одоогийн энэ нэмэгдэл оны эцэст эдийн засагт тэр дундаа инфляцид нөлөөлж үнийн өсөлтдөө дарлуулаад “үнэгүйдчих вий дээ”.
Доржийн ОЮУНЧИМЭГ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
бат · 2023/06/05
Хүн бүр өөрийн хийж эрхэлж байгаа ажил үйлчилгээгээ үнэ нэмэх сонирхолтой энэ сэтгэлгээ биднийг эдийн засгаар хямраагаад байна та бүгдийг хийхгүй тэгэхлээр үндэслэл муутай үнэ нэмэх нь та бусдад чадуулна