Жил бүр л урин дулааны цаг ирэхээр охид, бүсгүйчүүд гэмт хэргийн хохирогч болж, хүчирхийллийн хэрэг ихээр гардаг болсон. Тэр дундаа бага насны хүүхдүүд энэ төрлийн гэмт хэргийн золиос болох нь хэрээс хэтэрч байна.

Уг нь манай улсад хүүхдийн эрхийг хамгаалах тухай олон хууль, тогтоомж бий. Мөн үр хүүхдэдээ хяналт тавих үүрэг, хариуцлага эцэг эхэд нь ч байх ёстой. Гэтэл дэгэж, дэрвэж яваа бяцхан охиддоо тавих эцэг эхийн, цаашлаад энэ чиглэлийн үүрэг хүлээсэн албан тушаалтны хараа хяналт муугаас болж тэд адгуусаас дор араатнуудад хүчирхийлүүлсэн тухай мэдээлэл бараг өдөр бүр гарах болов. Харамсалтай нь сүүлийн үед энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгсэдийн олонхи нь хойд эцэг, нагац ах, хамаатан, үеэл нь, хүргэн ах нь байх болж. Бага насны хүүхэд гэр бүлийн хүрээнд зөвхөн бэлгийн гэлтгүй сэтгэл санааны, бие эрхтний хүчирхийлэлд өртөх нь жилээс жилд өсөх хандлагатай байгааг албаныхан ч мэдэгдэж байгаа юм. Тухайлбал, цагдаагийн байгууллагад энэ оны зөвхөн нэгдүгээр сард гэхэд л гэр бүлийн хүчирхийлэлд 20 гаруй хүүхэд өртсөн хэмээн бүртгэгджээ. Тэднийг ангилж үзвэл 16 нь бие махбод, 10 нь сэтгэл санааны дарамтад орсон бол гурван хүүхэд бэлгийн дарамтад өртсөн байна. Энэ нь зөвхөн хуулийн байгууллагад бүртгэгдсэн нь л гээд бод. Үүний цаана хичнээн хүүхэд гэр бүлийн хүрээний дарамтад өртөж, бие, сэтгэлээрээ хохирсноо нуун дарагдуулж, айдаст автаж буйг таахын аргагүй. Учир нь дээр дурьдсанчлан ойр дотны хүчирхийлэгчид нь тэднийг байнгын дарамтад байлгадаг ажээ. Өөрөөр хэлбэл, “Намайг хэлбэл ална шүү” гэх мэтчилэн дарамталж, хүйтэн мэс тулган сүрдүүлдэг байсан тухай өмнөх илэрсэн хэргүүдийн тод жишээ ч бий. Энэ мэтчилэн илрэхгүй байгаа олон хэргийн дотор зарим гэр бүл гэмт этгээдийг хаацайлж, бузар хэргийг нь нуун дарагдуулж, өөрсдийн балчир үрээ хохироогоод үлддэг тохиолдол ч байдаг аж. Учир нь тэд хамаатныхаа хүнд хуулийн хариуцлага хүлээлгэн удаан хугацаагаар ял эдлүүлж, эсвэл цаазлуулахыг хүсдэггүй байна. Мөн удам угсаа, нэр хүндээ бодох гэх мэт шалтгаанаар гэмт этгээдийг илчилдэггүй байна. Ийм бусармаг гэмт хэрэг үйлдчихээд дарамтлагсдыг ихэвчлэн тухайн хүүхэд өөрөө, эсвэл танил талын хүн нь цагдаад мэдэгддэг ажээ.

ЖИЛ БҮР ХҮЧИНГИЙН ХЭРЭГ ӨССӨӨР БАЙНА
Улсын хэмжээнд энэ оны эхний улиралд цагдаагийн байгууллагад 6165 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 377 хэрэг буюу 6.5 хувиар өссөн үзүүлэлт ажээ. Энэ дундаа гэр бүлийн дарамт шахалт, бага насны хүүхэд хүчирхийлсэн хэрэг хоёр дахин өссөн гэнэ. Түүнчлэн 2008 онд хүчингийн гэмт хэрэгт өртсөн 354 эмэгтэйн 39 нь, 2009 онд 339 хохирогчийн 71 нь бага насны хүүхэд байсан бол 2010 онд 66 хүүхэд хохирчээ. Энэхүү хохирогчдын 90 гаруй хувийг 8-13 насныхан эзэлж буйг албаныхан мэдээлж байгаа юм. Мөн цагдаагийн байгууллагын болон Хүний эрхийн үндэсний комиссоос өнгөрсөн онд хийсэн судалгаагаар эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгддэг гэмт хэргийн тоо жил ирэх тусам нэмэгдэж буйг тогтоосон байна. Судалгаанаас үзэхэд 2010-2012 онд гэр бүлийн хүчирхийлэлд нийт 1238 эмэгтэй өртсөний нэлээд хувь нь бага насны хүүхэд ажээ. Энэ он гарсаар ч мөн энэ төрлийн гэмт хэрэг олон гарч бага насны хүүхдүүд хохироод байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зургаан настай охиныг ээжийнх нь хамтран амьдрагч 26 настай залуу согтуурсан үедээ хүчирхийлсэн. Мөн үеэр Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороонд дөрвөн настай охиныг хойд эцэг нь хүчирхийслэн байна. Түүнчлэн саяхан Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд ээжтэйгээ хоёулхнаа амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй, өөрийгөө хамгаалах чадваргүй охиныг согтууруулах ундаа хэрэглэсэн 30 настай залуу зодож, гэрээс нь авч яван хүчирхийлсэн байдаг. Энэ мэтчилэн дурдаад байвал адгуусаас дор амьтдын үйлдсэн бузар гэмт хэрэг барагдахгүй олон.

ХҮҮХДҮҮДЭЭ ХАРЬ ОРОНД ДАРЛУУЛСААР БАЙХ УУ
НҮБ-аас 1989 онд баталсан “Хүний эрхийн конвенци”-д манай улс нэгдэн орсноор 20 гаруй жил өнгөрчээ. Гэтэл энэ хугацаанд хүний эрхийн асуудал хэт их зөрчигдсөн үү гэхээс хамгаалагдсангүй гэхэд болно. Харин ч бүр иргэнээ, бага насны хүүхдээ хэрхэн яаж хамгаалах, хаана, яаж амьдарч буйг нь мэдэхээ больсон. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хүрээнд хүчирхийлэл, дарамт газар авахын зэрэгцээ бага насны хүүхдүүдийг хэн дуртай нь хил давуулж, эрхийг нь зөрчиж байхад хэн ч мэдэхгүй байна. Тухайлбал, Энэтхэг Улсад циркийн үзүүлбэр тоглууж, өндөр цалин өгнө хэмээн хуурамч гэрээ үйлдэн 16 насны хоёр охиныг авч яваад гудамжинд хүчээр тоглуулан ашиг олж байсан талаар саяхан хэвлэлээр цацагдсан. Тэднийг 20 настай багш дагуулж явсан ч очсон хойно нь гэрээнд зааснаас огт өөр орчин нөхцөл угтсан байна. Нэг өрөөнд байрлуулан гар утсыг нь хурааж, хүнтэй утсаар ярихыг нь хориглож, байнгын хараа хяналтан дор байлгадаг байсан гэнэ. Тэр бүү хэл цалинг нь ч өгөлгүй гудамжны циркчид гэж нэрлэгддэг хэсэг хүмүүс хөдөө тосгон, алслагдсан газруудаар нүүдэллэн явж үзүүлбэр үзүүлж байсан нь тогтоогдсон. Түүнчлэн хүүхэд асран хүмүүжүүлэх “Өнөр бүл” төвийн насанд хүрээгүй 14 хүүхдийг хил давуулсан байдаг. Тэднийг БНХАУ-ын Хөх хотын Монгол үндэсний сургуульд сургах нэрээр хилээр гаргаж, хүнд ажил хийлгэж байсныг Эрүүгийн цагдаагийн газрынхан илрүүлсэн байна. Гэрээнд зааснаар хүүхдүүдийг улирлын амралтаар ирүүлэх ёстой байтал ирүүлээгүй ажээ. Тиймээс учир байдлыг шалгахад хотоос зайдуу байрладаг эрдэнэшишийн талбайд, мөн малын хороо цэвэрлүүлэх ажилд тэднийг гурван сар ажиллуулсан нь тогтоогдсон байна. Эдгээр хүүхдийг харь оронд бэлгийн болон, бие махбодийн дарамтад өртөөгүй гэх баталгаагүй. Энэ мэтчилэн эх орны ирээдүйн эзэд болох үр хүүхдэдээ улс орны зүгээс анхаарал хандуулахгүй “Ниргэсэн хойно нь хашгирав” гэгчээр байгаа нь харамсалтай. Дээрх хүүхдүүдээс гадна өөр хаана, аль улсад хичнээн монгол хүүхдийн эрх зөрчигдөж явааг таахын аргагүй.

БАГА НАСНЫ ОХИДЫГ ЭМЧИЙН ҮЗЛЭГТ ХАМРУУЛДАГ БОЛЪЁ
Социализмын болон 1990-ээд оны үед сургуульд сурдаг, мөн гэр бүлдээ байгаа бага насны охидыг эмчийн үзлэгт заавал хамруулдаг байсан. Тухайн үед ахлах ангийн охин бэлгийн харьцаанд орсон тохиолдол илэрвэл ангийн болон дотуур байрны багш, жижүүр, эцэг эхийг нь сандаргаж, нэг хэсэгтээ л сүйд болдог байсан санагдана. Гэтэл хүний эрхийн тухай асуудал яригдах болсноор охидыг үзлэгт хамруулахаа больж, хаана, хэн түүнийг хэрхэх нь хэнд ч хамаагүй мэт болсон юм. Ингэснээр бага насны охидод улс орны зүгээс тавих анхаарал, хяналт гэж үгүй болж, улмаар эцэг эхчүүд ч өөрсдөө тэднийг хайхрахаа больсон. Тиймээс цэцэг цэврүү шиг жаахан охид хэн нэгэн гаж донтны зугаа болсоор байна. Харин цаашид тэднийг хамгаалахын тулд эрүүл мэнд, эмэгтэйчүүдийн үзлэгт үргэлж хамруулж байх нь чухал юм. Нөгөө талаар техник технологи хөгжсөн өнөө үед гудамж, талбай, орц хонгил, сургуулийн орчин тойрон, анги танхимд хяналтын камер суурилуулах шаардлагатай. Харин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг тайган болговол зохино хэмээн эцэг эхчүүд үздэг юм билээ. Учир нь өнөөдөр тэдэнд хүлээлгэх ялын хэмжээ хангалтгүй гэхэд болно. Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлд зааснаар хохирогчид хүч хэрэглэсэн буюу заналхийлж, биеэ хамгаалах чадваргүй байдлыг нь ашиглаж хүчиндсэн этгээдэд таван жил, бага насны хүүхдийг, давтан, бүлэглэн хүчиндсэн тохиолдолд 5-10 жилийн хорих ялаар шийтгэдэг ажээ. Харин энэ хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай хэрцгийгээр үйлдсэн, үүний улмаас хүний амь эрсэдсэн тохиолдолд 15- 25 жил хүртэл хугацаагаар хорих, эсвэл цаазаар авах ял ногдуулдаг. Гэвч цаазын ялгүй орон байх гэж улсын Ерөнхийлөгч маань энэ заалтыг өршөөлд хамруулаад байгаа нь нэг талаараа гэмт этгээдийг өгшүүлсэн мэт болж байна.
 

М.НАРАНБОЛД