Цахим залилан зохион байгуулсан гэх хятад иргэнд оноосон 12 жилийн хорих ялыг Дээд шүүх хэвээр үлдээв
2023/06/14
Цахим луйвар хийсэн байж болзошгүй БНХАУ-ын 800 орчим иргэнийг илрүүлж, 783 иргэнийг Монгол Улсаас албадан гаргасан үйл явдал 2019 онд болсон.
Уг гэмт хэргийг зохион байгуулсан гэх БНХАУ-ын иргэн Лью Тинг Хуад давж заалдах шатны шүүхээс оноосон 12 жилийн хорих ялыг Дээд шүүх өнөөдөр/2023.06.14/ хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
2020 онд нийслэлийн Прокурорын газраас Лью Тинг Хуаг мөнгө угаах, залилах, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд бусдыг элсүүлэх, цахим мэдээлэлд хууль бусаар халдах гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг. Ингээд 2022 оны арваннэгдүгээр сарын 23-нд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг 12 жил хаалттай хорих ангид ял эдлүүлэх шийдвэр гаргасныг 2023 оны гуравдугаар сарын 22-нд Давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн билээ.
Харин цахим луйварт ашиглаж байсан гэх 1,000 компьютер, 10,000 гар утсыг улсын орлого болгохоор шийдвэрлэснийг ШШГЕГ-аас мэдээлж байв.